Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн ТББ-уудаас УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд сонгуулийн үеэр хэвлэл мэдээллээр нэвтрүүлэх сурталчилгааны, автоматжуулсан системийн, кампанит ажлын санхүүжилтийн гэсэн гурван чиглэлээр мониторинг хийж буй аж. Мөн сонгогчдын нэрийн жагсаалт, санал хураах, дүн гаргах үйл явцад ажиглалт хийж байгаа гэнэ. Сонгуулийг ажиглах ажлыг “Бодлогод залуусын хяналт” ТББ хариуцжээ. Тэд бас нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг хуульд заасны дагуу ил тод тайлагнаж буй, холбогдох төрийн байгууллагууд хяналт тавьж, ил тод мэдээлж байгаа, эсэхийг хянах нь. Нийслэл болон 10 аймагт 300 гаруй сайн дурын ажиглагч ажиллах юм байна. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Амарзаяа “Бид сонгуулийн өдөр хэсгийн хороодод санал хураах, дүнг нэгтгэн хяналтын тооллого хийх үйл явцыг ажиглахаар СЕХ-нд бүртгүүлж, бэлтгэл ажилдаа орсон. Энэ удаагийн ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 2180 хэсгийн хороо байгуулсан. Улмаар нийслэл болон 10 аймагт нийт 150 хэсгийн хороонд хараат бус 300 сайн дурын ажиглагч ажиллуулна. Мөн Солонгос, Япон, АНУ-д санал хураахад хөндлөнгийн хяналт тавих ажлыг сайн дурынхны оролцоотой зохион байгуулна. Сайн дурын ажиглагч бэлтгэх сургалтыг энэ сарын 8-22-ныг дуустал тодорхой давтамжтайгаар хийж байгаа” гэлээ.
“Глоб интернэшнл төв”-ийнхөн МҮОНТ, ТV9, NTV, Ийгл ньюс, Mongol HD гэсэн таван телевизийг сонгож, сонгуулийн үеэр нэвтрүүлж буй сурталчилгаанд мониторинг хийж, хуулийн хэрэгжилтийг хянаж байна. Тус төвийн гүйцэтгэх захирал Б.Онон “Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, иргэд, сонгогчдыг үнэн бодит мэдээллээр хангахад хувь нэмрээ оруулах, сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдлыг хэрхэн хангаж буйг нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх нь уг мониторингийн зорилго юм. Олон нийтийн санхүүжилттэй, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд дөрвөөс дээш жил тогтвортой ажилласан зэрэг шалгуураар эдгээр телевизийг сонгосон” гэв.
Түүнчлэн “Сонгогчдын боловсрол төв”-өөс 1800-2800 лавлах утас ажиллуулж, сонгуулийн тогтолцоо, тойрог, холбогдох хууль, саналын хуудастай холбоотой мэдээлэл өгч, залуучууд, иргэдийн сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж эхэлжээ. Нийгмийн сүлжээнд “Сонгогчдын боловсрол төв”, “Сонгох өдөр” гэсэн Фэйсбүүк хуудсаар эдгээр мэдээллийг бас түгээж байгаа юм. Сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой хяналтыг “МИДАС” ТББ гүйцэтгэж байна. Сонгуулийг холимог системээр зохион байгуулна, хоёр ч тойрогт 10 мандаттай. Тиймээс санал хураах процесс өмнөх сонгуулиудтай харьцуулахад төвөгтэй, илүү цаг хугацаа шаардахаар байна хэмээн тэд онцлов. Тус байгууллагын захирал С.Энхжаргал “Энэ удаагийн сонгуулиар бүх хэсгийн хороонд хяналтын тооллого гараар хийхээр болсон. Гэвч сонгуулийн систем өөрчлөгдсөнтэй холбоотой программын хувьд томоохон өөрчлөлтүүд хийж буй. Иймээс санал тоолох төхөөрөмжийг хэд хэдэн аргачлалаар урьдчилж шалгана” гэв. Санал тоолох төхөөрөмжийн мажоритар санал тоолох хэсэгт нэр дэвшигч бүрийн тэмдэглэгээ, цагаан хуудсыг уншиж буй, эсэх, мандатын тооноос дутуу болон илүү тэмдэглэсэн үед ажиллаж байна уу зэргээр шалгах нь. Мөн пропорциональ санал тоолох хэсэгт нэгээс илүү нам, эвслийн нэр тэмдэглэсэн бол уншиж буй, эсэх, нэгийг ч сонгоогүй бол яах, серверээс дэлгэцэнд гаргах программын тест гэх мэтээр нарийвчлан шалгахаар төлөвлөжээ.
Сүлжээнд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж, зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийг чанд баримтлан мөрдлөг болгодгоороо онцлог юм байна.
Бэлтгэсэн С.Уул