Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо. Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хороо, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Цагдаагийн удирдах газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд оролцож, бэлтгэл ажлын талаар мэдээлэв. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангаж, ажиглагч, иргэд хяналт тавих боломж бүрдүүлэх талаар сонгуулийн хороодын удирдлагад чиглэл өглөө. Түүнчлэн хүний эрхийн мэдрэмжтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах зөвлөмжийг дагаж ажиллахыг сонгуулийн хороодын ажилтнуудад сануулсан. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж, “Сонгогч танаа” гарын авлага болон бусад мэдээллийг сонгогчдод түгээхийг даалгасан юм.
Нийслэлийн хэмжээнд 1.9 сая сонгогч 513 санал авах байранд саналаа өгөх бөгөөд зургаан мянга шахам төрийн албан хаагч ажиллаж байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ. Энэ удаагийн сонгуулиар 800 гаруй бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ажиллахын сацуу 2000-аас дээш сонгогчтой хэсгийн хороонд хоёр ажилтан байхыг нийслэлийн Бүртгэлийн газраас мэдээллээ. Үерийн эрсдэл, галын аюулаас сэрэмжилж, зохих бэлтгэлийг хангаж ажиллах зааварчилгааг нийслэлийн Онцгой байдлын газраас өгч, шаардлагатай эд зүйл, тоног төхөөрөмжөө бэлтгэхийг анхааруулсан. Түүнчлэн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн шуурхай үйлчилгээ, засварын 46 бригад зөөврийн цахилгаан үүсгүүртэйгээр ажиллан, санал авах зарим байранд нөөц эх үүсвэр бэлтгэх шаардлагатайг анхаарууллаа.