УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдээс нэр дэвшигчдээ тодруулж бараг дууслаа. Хэдийгээр уг сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор батламжаа авсан ч гол “тулаан” МАН, АН-ын дунд өрнөх нь. Гуравдагч хүчний намууд болон хоёр эвслийн хувьд уур амьсгал харьцангуй тайван өнгөрсөн бол хоёр гол намын дотоодод байдал арай өөр байлаа. 100 гаруй жилийн түүхтэй МАН-ынхан дотоод тэмцлээ ил гаргалгүй нууж чаддаг учраас ганц хоёр хүн л гомдоллоод өнгөрч буй юм. Харин АН-ынхан одоо ч “алалцсаар”, гомдогсдын арми бий болов. Намдаа итгэж яваад тонгоруулсан хүмүүс байхад тойрогт биш жагсаалтад орууллаа, эсвэл жагсаалтад бус тойрогт нэр зоолоо гэх мэтээр “эрхэлж” буй улс төрчид ч байна. Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг энэ сарын 25-ны дотор СЕХ-нд хүргүүлэх учиртай. эр хүртэл холио, солио хийх хугацаа бий гэж үзэж болно.
МАН
Эрх баригч намын энэ удаагийн сонгуулиар барьж буй тактик илхэн байна. Тэд намын жагсаалтад нэр цэвэр, улс төрөөс ангид, гадаадад голдуу боловсрол эзэмшсэн залуусыг сойжээ. Харин хуучин улс төрчдөө тойрог руу илгээв. Ингээд нэг удаа алга ташууллаа. “МАН браво, хуучин улс төрчид жагсаалт руу шургалдаг жишгийг халлаа. Нэр цэвэр залуусыг, нийгмийн төлөөллүүдийг багтаалаа” хэмээн магтаж байна. Мөн ёс зүйгүй, хууль бус үйлдэлд нэр холбогдсон Ц.Анандбазар, С.Батболд, Д.Сарангэрэл, улиг болтол сонгогдсон ч тоймтой ажил хийгээгүй Б.Бат-Эрдэнэ зэрэг гишүүнд нэр дэвших мандат олгосонгүй. Гэхдээ тэд ёс зүйн шалгуурт бүдэрсэн Ч.Ундрамыг V, олон байлдагчийн амь үрэгдээд байхад хариуцлага хүлээгээгүй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг I, “хэлгүй” суусан П.Анужин гишүүнийг хотоос шилжүүлж, зүүн бүсийн аймгуудаас бүрдэх VI тойрогт нэр дэвшүүлэв. Нэмээд мөнгө тарааж, “царцаа нүүлгэн” санал авдгаараа зартай Б.Чойжилсүрэн, “10 хувь”-ийн Ц.Даваасүрэн, Шадар сайд С.Амарсайхан нарт хуучин тойрогт нь мандат олгожээ. Хэрэв эдэнд ч бас мандат олгоогүй бол МАН-д алга таших байлаа.
Х.Болорчулуун сайд нэр дэвших эрх авч чадаагүйдээ шаралхаж, “Ч.Хүрэлбаатар намайг нэр дэвшүүлэхгүй гэж занасны дагуу боллоо. Тэр эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн юм” гэсэн агуулгатай мэдэгдэл хийж гоморхсоноос өөрөөр энэ намын зүгээс бараг хэл ам гарсангүй. Гэхдээ ил гаргаж ярьсан нь л тэр болохоос хөшигний ард бол уйлж унжсан, тунирхсан, уурласан хүмүүс байсан нь мэдээж. Нийгмийн сүлжээнд зарим хүн МАН-ын хаалттай Бага хурлын талаар “нээлттэй мэдээлэл” түгээж байсан билээ. Мөн бүрэн эрх нь дуусаж буй парламентаас баталсан 46 хуулийн ажлын хэсэгт багтсан, нэлээдийг нь ахалсан Ц.Мөнхцэцэг гишүүнд ч нам нь мандат олгосонгүй. Тэрбээр тойрогт зарцуулах сонгуулийн зардал болох тэрбум төгрөг байхгүй учраас нэр дэвшээгүй гэх агуулгатай тайлбар хийжээ. Хасагдсан хүмүүс нь АН-ынхан шиг гоншигносонгүй, бас зодолдсонгүй. Тайван, чимээгүй байгаа юм.
Улс төр гадарладаг бүх л хүн ийм даруу байгаагийнх нь шалтгааныг мэднэ. МАН ч дотроо олон фракцтай, гэхдээ тэднийгээ сайн барьж, дэгт оруулж чаддаг нам. Тиймээс асуудлаа дотроо хадгалдаг, ил хэрэлддэггүй онцлогтой. Хамгийн гол нь мандат аваагүй хүмүүсийг “дэвшүүлэн зайлуулж” буй учраас л энэ намаас гомдогч төрөхгүй байна. Парламентад зургаан удаа сонгогдсон Н.Энхболд гишүүн БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдчихсон. Тэгвэл сонгуулийг өнжих хүмүүсийн нэг гэж байсан Ц.Мөнх-Оргилыг Англи, мөн Д.Сарангэрэлийг Турк руу Элчин сайдаар томилох тухай нийгмийн сүлжээнд өчигдөр шуугив. Сонгуульд өрсөлдөж чадаагүй эрхмүүд удалгүй хэн нэгний зөвлөх, сайдын “бялуу” хүртээд буцаж ирэх болно. Хэн ч хоосон хоцрохгүй учраас уйлах хүн яаж гарах билээ.
Одоо жагсаалтад багтсан эрхмүүдээс сонжиж үзье. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амласан ёсоороо эхний аравт эмч, багш зэрэг нийгмийн салбарын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулжээ. Тэдний жагсаалтыг Г.Лувсанжамц хэмээх хот төлөвлөгч, доктор зэрэгтэй залуу тэргүүлж буй. Тэрбээр Японы “Ниплон коэй” ХХК-ийн Хот байгуулалтын хэлтсийн менежер, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн М.Энхцэцэг нь Австралийн “Middleton group”-ийн эрчим хүчний ахлах инженер, зургаад бичигдсэн Д.Ганмаа Харвардын нийгмийн ухааны сургуулийн багш, дэд профессор аж. Жагсаалтын эхний арваас гурав нь хилийн чанадад эдүгээ ажил эрхэлдэг байх нь. Эх орондоо суурин ажиллаж, амьдардаггүй хүмүүс бидний тулгамдсан асуудлыг мэдэрч, шийдэж чадах болов уу. Мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг тус намын жагсаалтын 31-т оржээ. Соёл урлагийн салбарт танигдсан балетчин байж болох ч улс төрд тэр юу хийж чадах бол. Сангийн, ХНХ-ын, Боловсрол, шинжлэх ухааны, ХЗДХ-ийн дэд сайд нар, УУХҮ-ийн дэд сайд асан болон МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа зэрэг улс төрч жагсаалтад багтсаныг олон нийт “олж харахгүй” байх шиг. Улс төрөөс ангид хүмүүсийн жагсаалт болсон аятай л бичээд буй. Дэд сайд нарыг эс тооцвол шинэ залуус нь төрийн ажлын ямар ч туршлагагүй хүмүүс байна. УИХ бол хууль тогтоож, бодлого баталдаг газар. Тэнд дүүрэг, нийслэл, сум, аймгийн түвшинд ажиллаж үзсэн, төрийн ажлын дөртэй хүн очих ёстой. Үгүй бол хэчнээн эрдэмтэй, гадаад хэлтэй байгаад суралцсаар, танилцах дадлага хийсээр дөрвөн жилээ дуусгана. Бас нэр цэвэр, боловсролтой байх нь сайн ажиллаж, өөрчлөлт шинэчлэлт хийж чадна гэсэн баталгаа болдоггүйг Х.Булгантуяа сайдын жишээнээс харж болно. Сангийн дэд сайдаар ажилласан туршлагатай, боловсролтой энэ эмэгтэйг МАН-д шинэ салхи оруулна хэмээн итгэсэн ч намынхаа товчлуурыг дарж, давхар дээл өмсөөд үе үе олны дургүйг хүргэсэн үг хэлэхээс хэтэрсэнгүй. Тооноор орж ирж буй хүмүүс ч түүний замаар л алхах буй за. Намдаа “өр”-өө төлөх ёстой шүү дээ.
Нөгөө талаар жишиг эвдсэн жагсаалтыг нь хармагц өнгөрсөн он жилүүд дэх зовлонт амьдралаа бид мартах ёсгүй. Үнийн өсөлт, утаа, түгжрэл, эрчим хүч, шатахууны тасалдал, нийтийн тээврийн хомсдолоос үүдэн өвөл хөлдөж үхэх шахталаа алхаж, автобусанд чихэлдэж явсныг энэ жагсаалт халхалж чадахгүй юм. Одоо цагт ярьж буй гоё зүйлсийг нь биш, өнгөрсөнд хийсэн ажлыг нь харж сонгох, хариуцлага нэхэх ёстой билээ.
Замын голоос энэ тохиролцооноосоо ухарсанд нь тэрбээр уурсаж, улмаар намаасаа гарч буйгаа мэдэгдэж түргэдэв. Харин өглөө нь түүний нэр Говь-Алтай, Завхан, Увс, Ховдоос бүрдэх хоёрдугаар тойрогт “торойж” байсан юм. Элийрэгч хэмээх Ц.Уянга Хан-Уул дүүрэгт горилж байсан ч Сонгино хайрханд дэвшүүлсэнд уурсаж, өдөржин цамнав. АН-тай хамтарч сонгуульд оролцох, улмаар тойрогт нэрээ дэвшүүлэх тохиролцоо хийсэн Либертари намын дарга Д.Амартүвшин өөрийг нь жагсаалтын 29 дүгээрт эрэмбэлсэнд гомджээ.
АН
30 гаруй жилийн түүхтэй, манай улсын хоёр дахь том намынхан нэр дэвшигчдээ эцэслэж дуусаагүй л байна. Хэдийгээр хуулийн хугацаанд амжин 126 хүнээ тодруулж, албан ёсны цахим хуудсаараа зарласан ч энэ жагсаалтад багагүй өөрчлөлт оруулж мэдэх нь. Уржигдар гэхэд л тус намын хэд хэдэн хүн нэрээ татахаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Зарим нь намдаа албан бичиг ч хүргүүлсэн бололтой. Энэ сарын 20-нд тус намын Улс төрийн зөвлөл хуралдаж, нэрсээ гаргаад Үндэсний бодлогын хорооны хуралдаа танилцуулсан юм. Гэвч ил тод зодолддогоороо алдартай уг намынхан уламжлалаа давтахгүй байж чадсангүй. Найман жилийн турш “лааз өшиглөж”, тарж талцсан намыг эвлүүлэхээр сүүлийн жил гаруйн турш зүтгэсний үр дүн нь ийм.
Л.Гантөмөр “ах” нарынхаа шахаанд орж, олон толгойтой фракц, нийгмийн төлөөллүүдийн эрх ашгийг хангахын тулд цөөнгүй шөнө нойргүй хоносон биз ээ. Эцэстээ заримыг нь хүчээр хасаад, эрх ашгийн тэнцвэрийг хангасан бололтой. Хуульч Х.Номингэрэл “Хоёр дэлдэнгээрээ яах аргагүй 22-т сонссон нэр минь шөнө дунд намын жагсаалтаас алга болчихлоо, буянаараа болог” хэмээн бичжээ. Тус намын ҮБХ-ны гишүүн Л.Отгонцэцэг “Сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийн эрэмбэ, дараалал зарлагдсанаасаа хойш хэд хэдэн удаа солигдож, замбараагүй, зарчимгүй үйлдлүүд гаргалаа. Тойрогт нэрээ дэвшүүлэхээр ажиллаж байсан 30-44 насныхан мандатаа авч чадсангүй” гэсэн байна. АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж жагсаалтын 33-т бичигдсэн ч нэрээ татаж буйгаа мэдэгдэв. Тэрбээр “Жагсаалтаар нэр дэвшүүлэх талаар Улс төрийн зөвлөл ч, ҮБХ-гоор ч санал хураагаагүй учраас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.5-ыг зөрчсөн, ийм хууль бус үйлдэлд оролцогч, хамжигч болохыг хүсэхгүй байна” хэмээн тайлбарлажээ. Мөн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Б.Ган-Очир тойрогт өрсөлдөх хүсэлтэй байсан ч мандат өгөлгүй, жагсаалтын 27-д эрэмбэлсэн тул нэрээ татахаар болсон юм байна. ҮБХ-ны гишүүн П.Нүрзэдийн хувьд нэрийг нь жагсаалтын 23 дугаарт эрэмбэлэхдээ өөртэй нь зөвшилцөөгүйд эгдүүцэн нэрээ татсан аж. Тус намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон Ц.Жадамбаа ч бас нэрээ татаж буйгаа мэдэгдэв. Гэхдээ тодорхой тайлбар хийсэнгүй. Уг нь анхнаасаа энэ тойрогт нэр дэвшихээр ажиллаж, бас мандатаа аваад байсан юм. Эндээс харахад 1980-аад оны залуус хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй хэмээн хамтдаа ийм шийдвэр гаргаж буй бололтой. Ийнхүү АН-ын жагсаалтаас болон тойргоос хэдэн гишүүн нь нэрээ татсан учраас орны хүнийг нь тодруулах ажилтай болж байна.
Үүнээс гадна ҮБХ-ны хурлын үеэр тус намын Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа “тэсэрсэн” юм. Энэ тухай бичлэгийг та бүхэн үзсэн байх. Тус намын нэр хүндтэй эмэгтэй улс төрчдийн нэг тэрбээр тойрогт өрсөлдсөн ч ялах магадлал өндөр. Гэхдээ энэ удаа намынхаа эв нэгдэл, шинэчлэлийн төлөө багагүй ажилласан учраас жагсаалтад багтахаар тохиролцоод байсан бололтой. Замын голоос энэ тохиролцооноосоо ухарсанд нь тэрбээр уурсаж, улмаар намаасаа гарч буйгаа мэдэгдэж түргэдэв. Харин өглөө нь түүний нэр Говь-Алтай, Завхан, Увс, Ховдоос бүрдэх хоёрдугаар тойрогт “торойж” байсан юм. Элийрэгч хэмээх Ц.Уянга Хан-Уул дүүрэгт горилж байсан ч Сонгинохайрханд дэвшүүлсэнд уурсаж, өдөржин цамнав. Эцэст нь хувь заяатайгаа эвлэрсэн байна лээ. Уржигдар АН-ын гишүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам тэргүүтэй АН-ын хэсэг гишүүн мэдээлэл хийж, сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлнэ лээ. “Намын дарга, дэд дарга нар тойрогт нэр дэвшиж, сэтгэлгээний чадамжтай хүмүүсээ жагсаалтад оруулах ёстой, Х.Баттулга, Ж.Батзандан, С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар бол АН-ын гишүүн, эсэх нь эргэлзээтэй хүмүүс” хэмээн тэд мэдэгджээ. АН-тай хамтарч сонгуульд оролцох, улмаар тойрогт нэрээ дэвшүүлэх тохиролцоо хийсэн Либертари намын дарга Д.Амартүвшин өөрийг нь жагсаалтын 29 дүгээрт эрэмбэлсэнд гомджээ. Тэрбээр уржигдар Сүхбаатарын талбай дээр мэдээлэл хийж, сэтгэлээ уудлав. Энэ мэтээр АН-ынхан дотор гомдогчдын арми бүрдэж байна.
Гуравдагч хүчний намуудын хувьд тойрогт 39-өөс дээш хүн нэр дэвшүүлэх босготой. МАН, АН-ынхны горилогчдын тоо илүүдэж, уйлж унжиж буй бол эдгээр намаас нэр дэвшүүлэх тоогоо гүйцээхэд төвлөрсөн гэхэд болно. Парламентад гуравдагчдыг төлөөлж буй ХҮН намаас 100 хувийн ирцээр буюу 126 хүн нэр дэвшүүлж буй юм билээ. Мөн “Үндэсний эвсэл” 70 хүн сойжээ. Тус эвслийг хамтран байгуулсан МНН-ын дарга О.Бум-Ялагч жагсаалтын тав, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нь ес рүү “шидэгдсэн” байна. Харин АН-ын экс гишүүн, Монголын либерал намын дарга Д.Пүрэвдавааг гуравт оруулж иржээ. Эвсэл парламентад суудалтай болж чадвал ард нь тохирсон юм байж мэдэх. Тиймээс эндээс ямар нэг гомдол сонсогдсонгүй.