УИХ-ын ээлжит сонгууль болоход 52 хоног үлджээ. Уг сонгуульд оролцох нам, эвслүүдэд СЕХ-ноос батламжийг нь гардуулаад байна. 23 нам, хоёр эвслээс гадна нэлээд хэдэн бие даагч үүнд өрсөлдөнө. 77 бие даагч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд хариугаа хүлээж буй юм. Тэгвэл сонгуульд өрсөлдөх талуудаас гадна ажиглагчид гэж өөр нэг чухал дүр бий. Тэд бүх үйл явц хуулийн дагуу явж байна уу, ямар булхай луйвар гарах нь вэ гэдгийг хөндлөнгөөс хянаж, ажиглах үүрэгтэй. Шударга сонгууль явуулах, та бидний сонгох, сонгогдох эрхийн төлөө ардчиллын манаанд зогсдог гэж болно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд тэдний эрх, үүргийг тодорхой зохицуулжээ. Сонгуульд оролцож буй нам, эвсэл болон бие даагчид, мөн СЕХ-нд урьдчилж бүртгүүлсэн төрийн бус байгууллагуудад санал авах байранд тус бүр хоёр хүртэл ажиглагч томилох эрх үүснэ. Гэвч хуулиар олгосон эрхээ ажиглагчид бүрэн эдэлж чаддаг уу.
ОЛОН УЛСЫН БОЛОН ХАРААТ БУС АЖИГЛАГЧИД
УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулиар дотоод, гадаадын ажиглагч нар ажилладаг. 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн болон СЕХ-нд бүртгүүлсэн олон улсын байгууллага, гадаад улсын иргэн сонгуулийг ажиглах боломжтой. Харин нэр дэвшигч болон төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглодог. Дотоодын ажиглагчид нь сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даагчдын томилсон хүмүүсээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын хараат бус ажилтнуудаас бүрдэж буй. Сонгуулиар ажилласан гадаад, дотоодын ажиглагчид дараа нь тайлангаа танилцуулж, ямар алдаа, оноо байсныг дүгнэдэг. Үүнээс нь холбогдох байгууллагынхан суралцаж, дараа дараагийн удаа хууль, эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгоход анхаарах учиртай юм.
Тэгвэл манай улсад 2012 оны сонгуулиас эхлэн “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ” хэмээх төрийн бус байгууллага хөндлөнгийн, бие даасан ажиглалтыг тасралтгүй хийж иржээ. Энэ оны сонгуулиар “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас сонгуулийн 200 хэсгийн хороонд 400 ажиглагчийг өдөр, шөнийн ээлжид ажиллуулахаар бэлтгэж буй юм билээ. Тэд уржигдар ажиглагчдад зориулсан уулзалт хийжээ. Мөн нэг хэсгийн хороонд өдөр, шөнийн хоёр ээлжид ажиглагч ажиллуулахад 270 мянган төгрөгийн зардал гарах тооцоо гаргасан байна. Ардчиллын манаанд сайн дураар зогсох хүмүүсийг ажиллуулахын тулд хандивын аян өрнүүлж буйг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Түүнчлэн 2016 оны сонгуулиар ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сан, АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн чөлөөт сонгуулийн сүлжээ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 240 ажиглагч ажилласан нь нэлээд олонд тооцогдоно. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчид дүгнэлтдээ сонгууль их өрсөлдөөнтэй, эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэсэн байдалд болж, улс төрийн өргөн сонголтыг иргэдэд өгсөн зэрэг давуу тал байгааг дурдсан аж. Гэвч тухайн жил эрх баригч АН-ынхан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг цаг тулган өөрчилж, холимог тогтолцоог дан олонхын буюу мажоритар болгосон байдаг. Ингэснээр сонгуулийн тойрог байгуулах үйл явц ил тод биш, олон нийтийн хэлэлцүүлэг дутмаг байсан нь “ЕАБХАБ-ын Копенхагены баримт бичгийн 7.3 дахь хэсэгт заасан иргэн бүр сонгуулийн тэгш эрхтэй байх зарчим болон бусад олон улсын үүрэг, амлалт, стандарттай нийцсэнгүй” гэжээ. Мөн гадаадад суугаа 150 мянган иргэний сонгуульд оролцох боломжийг хассаныг онцолж байж. Харин 2020 онд “Ковид-19” цар тахал дэгдэж, дэлхий даяар хөл хорио тогтоон, ихэнх орон хилээ хаасан байсан учраас манайд суурин ажилладаг олон улсын хэдхэн байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын цөөн гадаадын ажиглагч л оролцсон байна. Уг сонгуулиар нийт 300 ажиглагч ажилласан юм билээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиас
68 дугаар зүйл. Ажиглагчийн эрх
68.2.2. санал авах үйл ажиллагааг ажиглах;
68.2.3. санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн, эсэхтэй танилцах;
68.2.4. санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хороонд мэдэгдэж, залруулахыг хүсэх;
68.2.5. сонгогчийн саналаа нууцаар гаргах эрх болон сонгуулийн хорооны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах;
68.2.6. хэсгийн хорооны гишүүнээс холбогдох мэдээлэл авах;
68.2.7. ажиглалтын тайланг бодит тоо, баримтад тулгуурлан гаргах;
68.4. Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нь нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, түүнд холбогдох баримттай танилцах, хөндлөнгийн хяналт тавих эрхтэй.
ТЭД ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДДАГ УУ
Манай улсад сонгуулийн үеэр иргэний бүртгэлтэй холбоотой будилаан байнга гардаг. 2012 онд иргэний нийгмийн байгууллагынхан 20 хэсгийн хороонд 200 гаруй хүн ажиллуулж, ажиглажээ. Тэгэхэд аль хэдийн нас барсан хүмүүсийг жагсаалтаас хасаагүй, эсвэл огт байхгүй сонгогчдыг нэмсэн гэх мэт “жижиг” зөрчил нэлээд байсан гэнэ. Энэ мэт зөрчил нь сонгуулийн саналын үр дүнд багагүй нөлөө үзүүлдэг, тэр талаар эсрэг намын нэр дэвшигчид нь гомдол гаргаад ч ахицтай үр дүн, өөрчлөлтгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Гэхдээ дотоод, гадаадын ажиглагчид байгаа учраас бүртгэлтэй холбоотой зөрчлүүд тодорхой хэмжээнд буурч, засагдаж буй юм. Ийнхүү өргөн утгаар нь харвал шударга сонгууль явуулахад тэд хяналтын үүрэг гүйцэтгэж байна. Нөгөө талаар өөрийн намын нэр дэвшигчийн саналыг луйвардах, эсрэг тал нь хууль зөрчсөн үйлдэл гаргаж, дүнд нөлөөлөх вий гэж нам, эвслийн “манаач” нар хянаж суудаг. Гэвч энэ явцад эрх барьж буй намын талынхны зүгээс ирэх ялгаварлалд ажиглагчид багагүй өртдөг байна. Тухайлбал, 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, олон улсын ажиглагчид өргөнөөр оролцож чадаагүй учраас иргэний нийгмийн байгууллагуудын хараат бус хяналт маш чухал байв. Гэтэл тухайн үеийн хуульд сонгуульд оролцож буй нам, эвслүүд нэг хэсгийн хороонд дөрөв, харин иргэний нийгмийнхэн хоёр хүртэл ажиглагч л томилохоор заасан байсан юм. Ингэж тооны хувьд нам, эвслүүдэд илт давуу байдал олгосныг “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-нийхэн тайландаа шүүмжилсэн байна лээ. Үүний үр дүнд энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуулиар уг “алдаа”-гаа засаж, бүгдийг нь ижилхэн хоёр хүртэл ажиглагч томилох эрхтэй болгожээ.
Мөн АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун “Аливаа сонгуульд ажиглагчдын үүрэг их. Гэвч сонгуулийн хэсгийн хороодод төрийн албан хаагч нар ажилладаг учраас тэд бусад нам, эвслийн болон бие даасан ажиглагчдад хуулиар оноосон эрхийг нь эдлүүлэхгүй байх нь түгээмэл. Шаардлага тавьсан ажиглагчдыг хөөдөг. Төрийн сонгуулийг шударга зохион байгуулахад оролцох эрхийг нь ажиглагчдад олгохгүй байна” гэсэн юм. СЕХ-ноос энэ талаар анхаарч, тойрог, хэсгийн хороонд ажиллах төрийн албан хаагчид болон ажиглагчдын дунд тулгардаг уг асуудлыг шийдэх, сургалт зохион байгуулахыг АН-ынхан шаардсан. Тэрбээр “Улсаас СЕХ-нд сонгууль зохион байгуулах, үүн дотроо сургалт явуулахад зориулж төсөв хуваарилдаг. Гэтэл нам, эвслүүд л өөрсдийн ажиглагчдадаа тодорхой сургалт явуулахаас хэтрэхгүй байна. Хуулиар заасан эрхээ бүрэн эдлэх нөхцөлөөр ажиглагчдыг хангахыг бид шаардана” хэмээн мэдэгдсэн.
Юутай ч нам, эвсэл, бие даагчид болон СЕХ-нд бүртгүүлсэн ТББ-ууд ажиглагч томилох тухай хүсэлтээ зургаадугаар сарын 21-нээс өмнө хэсгийн хороодод хүргүүлэх ёстой. Энэ удаа сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах учраас гадаадад суугаа иргэд ч саналаа өгнө. Хилийн чанад дахь санал хураах үйл явцыг ажиглах бол дээрх эрх бүхий субъектүүд зургаадугаар сарын 13-наас өмнө Төв комисст мэдэгдэх учиртай. Улмаар СЕХ болон хилийн чанад дахь салбар зөвлөлөөс хүсэлт гаргасан ажиглагчдад албан ёсны үнэмлэх өгснөөр тэд ажилдаа орох эрх үүсэх юм. Зөвхөн нам, эвсэл, ТББ-уудаас гадна сонгогч бүр бурууд нүд хурц байж, хуулийн дагуу шударга сонгууль явуулахад хяналтаа тавих учиртай. Үүний тулд ядаж л сонгогчийн нэрийн жагсаалт дахь бүртгэлээ шалгаж, хаяг дээр чинь танихгүй хүн нэмчихсэн, үгүйг шалгах нь бидний үүрэг билээ.