УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, батлах асуудлын жагсаалтад хоёр гол төсөл бий. Эдгээр нь УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Манай улс 2007 оноос парламентын үйл ажиллагааны дэгийг хуульчилсан байдаг. Өмнө нь тогтоолоор зохицуулдаг байсан аж. Үүнээс хойш 10 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад эдүгээ Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж буй нь энэ. 72 хоногийн дараа болох сонгуулиар бид парламентад анх удаа 126 гишүүн сонгоно. Гишүүд нэмэгдэж буй учраас дээрх хоёр хуульд олонхыг бүрдүүлэх, УИХ дахь бүлэг байгуулах тоотой холбоотой өөрчлөлт, мөн зохион байгуулалтын олон нэмэлт оруулах хэрэгтэй болсон билээ.
Аливаа хэлэлцэж буй асуудлаар 126 хүн нэгдсэн чуулганд бүгд үг хэлнэ гэвэл цаг хугацаа хүрэлцэхгүй, сунжирсан “хачин юм” болно. Тиймээс гишүүдийн үг хэлэх хугацаанаас эхлээд нэлээд өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Дэггүй гишүүдийг дэгэнд оруулах тухай ярих бүрд л “Үг хэлэх, сонгогчдоо төлөөлөх эрхэнд халдлаа” гэсэн гомдол гардаг. Тэр ч ёсоор эдүгээ хэлэлцүүлэг өрнөж байна.
ХУГАЦААНД БИШ, ЯРИХ УР ЧАДВАРТАА АНХААРЪЯ
Өнгөрсөн пүрэв гарагт дээрх хоёр төслийг хэлэлцэх, эсэхийг нэгдсэн чуулганаар шийдсэн. Энэ үеэр цөөнхийн бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж “Дэгийн тухай хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Ингэхдээ цөөнхийн төлөөллийн үгийг сонсдоггүй, ард иргэдийн дуу хоолой байх боломжийг хаадаг. Сум, багийн иргэдийн үгийг дамжуулахгүй юм бол бид тэдэнтэй уулзахын утга юу болох вэ. Микрофоноо хаалгахгүй, тэмцэнэ” гэсэн юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд нэгдсэн чуулганаас бусад буюу байнгын, дэд, түр хорооны хуралдаанд гишүүд асуултыг гурав, саналыг дөрвөн минутаас ихгүй хугацаанд тавихаар заасан аж. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийнхаас нэг минутаар богиноссон нь сөрөг хүчнийхнийг эгдүүцүүлсэн байх нь. Энэ удаа 78 гишүүнийг тойргийн, 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Жагсаалтаар биш, тойргоос сонгогдсон гишүүд илүү олон хүний өмнөөс ярих хэрэгцээ гарах учраас тэдний эсэргүүцлийг буруутгах хэцүү. Мөн асуудлын төрөл, онцлогоос хамааран чуулганаар хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоохоор тусгасан байна. Улмаар нэгдсэн хуралдаанд асуулт тавих хугацааг нам, эвслийн бүлэгт парламентад авсан суудлаас нь хамааран хуваарилах гэнэ. Тухайн нам, эвслийн бүлэг хуваарилагдсан эл хугацаандаа багтаан асуулт тавих гишүүдийнхээ нэрийг нэгдсэн чуулганы өмнөх өдрийн 16.00 цагт багтаан спикерт мэдэгдэнэ хэмээн заажээ. 76 байхдаа ч дэгт ордоггүй байсан гишүүдийн тоо 50-иар нэмэгдэж буй тул “замбараатай” байлгахын тулд асуулт тавих эрхийг нь тухайн нам, эвслийн бүлгээр дамжуулахаар болсон гэсэн үг. Одоо үйлчилж буй хуульд ч гишүүд асуулт тавихдаа урьдчилан зөвшөөрөл авахаар тусгасан байдаг. Энэ удаа ялгаатай нь бүлэг, эвслээрээ дамжуулах нь. Бүлэггүй “сул” гишүүдийн хувьд УИХ-ын даргадаа урьдчилан мэдэгдэх юм билээ. Хугацаандаа амжиж санаагаа илэрхийлж чадаагүй бол хэлэх үгээ бичгээр өгч, тэмдэглэлд тусгуулна. Тэгэхээр гишүүд хугацаанд биш, ярих ур чадвартаа илүү анхаарч, товч, тодорхой илтгэхэд суралцмаар юм байна. Ингэвэл гурван минутад хангалттай амжих биш үү. Хууль тогтоогч хүн санаагаа оновчтой, товч илэрхийлж, илтгэх чадварт суралцсан байх ёстой юм. Нөгөө талаар нам, эвслийн парламентад авсан суудлаас хамаарч асуулт тавих, үг хэлэх цаг олгоно гэдэгт нэг асуудал бий. Одоо 12-оос дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй болж буй. Өнөөдрийнх шиг нэг нам үнэмлэхүй олонх болбол цөөнхийн үг хэлэх боломж буурна гэсэн үг. Мөн тухайн асуудлын ач холбогдлыг хэн үнэлэх вэ гэсэн асуулт бий.
Юутай ч УИХ-ын Тамгын газрынхан эдгээр төслийг боловсруулахын тулд гадаадын хэд хэдэн оронд ажиллаж, туршлага судалсан. Тэндээс ийм л шийдэл олсон юм байна. Өөрөөр хэлбэл, олон улсын туршлагаас “авсан” зохицуулалт аж. Тэгэхээр манай гишүүд ч энэ жишигт нийцүүлж ярьдаг болох нь зүй. Харин хуулийн төслийн 9.17-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийн төсөл, тэдгээрийн биелэлт, гүйцэтгэл болон энэ хуульд дэгийг тусгайлан зохицуулсан бусад асуудлыг хэлэлцэх үед гишүүн бүр асуулт тавьж, үг хэлэх эрхтэй” хэмээн заасан байна лээ. Хөгжлийн чухал асуудлаар 126-уулаа цагаа сунгаад ч болов ярилцах, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байх нь.
Түүнчлэн гишүүдийн тоо 126 болж буй учир нэг байнгын хороо 25 хүртэлх бүрэлдэхүүнтэй байхаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд тусгасан байна. Ингэхээр нэг гишүүн хоёр л байнгын хороонд харьяалагдах боломжтой. Харьяалагдах байнгын хорооны тоог цөөлсөн нь мөн л зарим хүнд таалагдахгүй байна. Харин “давхар дээл”-тэй хүмүүс нэгээс илүү байнгын хорооны гишүүнээр ажиллахгүй байхаар тусгажээ.
УИХ-ЫН ГИШҮҮН ЧУУЛГАНЫ ТАНХИМД ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХАРИУЦЛАХ ХҮЛЭЭХ ҮҮ
Нөгөө талаар тэдний хэтэрсэн бүрэн эрхийг хэрхэн хазаарлахад бид төвлөрөх хэрэгтэй болж байна. Эрх чөлөөний орон гэдэг АНУ-ын Конгрессын гишүүдэд ч байдаггүй онцгой, давуу бүрэн эрхийг манай УИХ-ын гишүүд эдэлсээр өдий хүрлээ. Үндсэн хуулийн 29.2-т “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” хэмээн заасан. Улмаар УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг зааж өгсөн юм. Иргэний зүгээс аливаа санал гомдол гаргавал УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн өмнө бууж өгөхөөс аргагүй. Түүнийг яг гэмт хэрэг үйлдэж байхдаа баригдсан, эсвэл шүүхээр буруутайг нь тогтоосон, прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт ирүүлэхээс бусад тохиолдолд “яах ч аргагүй”. Зарим хүн парламентын гишүүн болохын тулд улайран зүтгээд байдаг нэг шалтгаан нь энэ “хамгаалалт” байдаг нь ч нууц биш. Нэг сонгогдоод авбал дөрвөн
Үүнээс гадна “УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй” гэсэн хуулийн зохицуулалт бий гэдэг. Гэхдээ ийм заалт яг аль хуулийн хэд дэх заалтад байна вэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх Б.Хатантуулаас энэ талаар лавлахад “Энэ заалт хэвээр байгаа, УИХ-ын тухай хуулиар зохицуулдаг, гишүүний бүрэн эрхийн хэсэгт бий” гэв. Гэвч уг хуулиас ийм өгүүлбэр хайгаад олсонгүй. Одоо үйлчилж буй УИХ-ын тухай хуулийн наймдугаар зүйлд гишүүний бүрэн эрхийг тусгасан юм. Тэгэхээр дээрх заалтыг хуулиас хассан уу гэсэн асуулт үлдэв. 2012-2016 онд парламентын гишүүн байсан Ж.Батзандан чуулганы танхимд МАН-ын гишүүдийг алуурчид хэмээн цоллосон юм даг. Тухайн үед “Гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй ч МАН-ынхнаас ядаж уучлал гуйх ёстой” хэмээн С.Бямбацогт тэргүүтэн ярьж байв. Үүнээс хойш уг заалт “алга болчихов” уу. Нэг үе гишүүд чуулганы танхимд дураараа биенээ доромжилж, элдэв буруу булхайг нь сөхдөг байсан. Үүнийхээ төлөө тухайн гишүүн ямар ч хариуцлага хүлээхгүй, харин хэлсэн үгийг нь дамжуулсан хэвлэл, сэтгүүлч буруудаж байсан бодит жишээ бий. Хэрэв МАН эрх барьсан жилүүддээ дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа уг заалтыг хассан бол гавьяа мөн. Амныхаа зоргоор “бурдаг” гишүүд илүү хариуцлагатай, үгээ цэнэдэг болно гэсэн үг. Учир нь одоо хэрэгжиж буй уг хуульд 2020 оноос эхлэн жил бүр өөрчлөлт хийсэн байна. Юутай ч гишүүний бүрэн эрхийн хэсэгт “олдохгүй” байгаа дээрх заалтын оронд “Гишүүн УИХ-аас баталсан ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг чанд сахиж ажиллах, чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх” гэж заажээ. Эдүгээ хэлэлцэж эхэлсэн дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үүнийг илүү нарийвчилж оруулсан байна лээ. Уг хуулийн төслийн есдүгээр зүйлд “Гишүүн асуулт тавьж, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэхийг хориглоно. Мөн үнэн, бодитой, судалгаанд суурилсан мэдээлэлд тулгуурлаж үг хэлнэ” гэжээ. Манай УИХ-ын гишүүдээс хэлэх үгээ бэлдэж, судалж, баримтад тулгуурлан ярьдаг нь хэд бол. Тэгвэл одоо амны зоргоор бурж болохгүй, судалж ярихаас өөр сонголтгүй болж байна. Хууль зөрчвөл хурал даргалагч сануулна, нэг удаа танхимаас гаргана. Улмаар тухайн асуудлаар хэлэлцүүлэгт оролцохыг нь бүрмөсөн хорих, ер нь чуулганы хуралдаанд суух эрхийг хасах зэрэг хариуцлага тооцох юм билээ.