Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кайрат Абдрахманов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийв. Уг Дээд комиссарын алба нь гишүүн орны дотоодод, эсвэл улс хооронд үндэсний цөөнхийн асуудлаар маргаан, хурцадмал байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, зөрчилдөөнийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй.
Тэднийг Гадаад харилцааны яамны удирдлага хүлээн авч уулзаж, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах, хангахтай холбогдсон хууль тогтоомж, Засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр Дээд комиссарын албатай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн үндэсний цөөнхийг нийгэм, эдийн засгийн салбарт үр дүнтэйгээр оролцуулах ЕАБХАБ-ын зөвлөмжийг танилцуулах дугуй ширээний уулзалт боллоо.
Бэлтгэсэн: Б.Уран