УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн ерөнхий дүр зураг тодорхой болчихлоо. Одоо нэр дэвшигчдээ тодруулж, зарлах гол ажил үлдсэн. Тавдугаар сарын 14-20-нд нэр дэвшигчдээ зарлах ёстой. Тэр болтол хөшигний ард өрсөлдөөн өрнөсөөр байна. Уг өрсөлдөөнд ялах, эсэх нь горилогчдын бэл бэнчингээс ихээхэн хамаарч буй юм. Энэ удаагийн сонгуульд нам, эвслүүдээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.4 тэрбум төгрөг байгаа. Мөн нэг нэр дэвшигч тойрогт 984.7 саяас 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргахаар Үндэсний аудитын газраас тогтоосон. Үүнээс өмнө намаасаа сонгуульд нэр дэвших эрх авахын тулд тодорхой зардал гаргах нь мэдээж. Харин МАН, АН-ын жагсаалтын эхний 15 байрын ханш 2-6 тэрбум төгрөг байгааг хэвлэлүүд мэдээлж буй. Энэ их мөнгийг хэн төлж дийлэх вэ. Хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл мөнгөний өндөр босгыг хэрхэн давах бол.
АН-ААС ЖАГСААЛТАД БАГТАХ БҮСГҮЙЧҮҮД ХЭН БЭ
Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслийн жагсаалтад хүйсээр сөөлжиж эрэмбэлнэ. Тиймээс АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ны ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн есдүгээр сард нэлээд өрсөлдөөнтэй болсон билээ. Тус холбоог удирдах хүн жагсаалтад намын бүсгүйчүүдээ тэргүүлэх, дээгүүрт нэрээ бичүүлэх эрх олж авах учраас тэр. Улмаар УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан дээрх сонгуульд ялсан. Тиймээс АН-ын жагсаалтад албан тушаалын эрэмбээр багтах эмэгтэйчүүдийн нэг нь тэр болж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд асан аавын охин дээр дурдсан хэмжээний мөнгөний босгыг даваад гараад ирэх биз ээ. Мөн АН-ын бүсгүйчүүд дотроос “М oil” компанийн захирал Б.Пунсалмаа, АПУ-гийн П.Батчимэг нарыг хамгийн бэлтэй нь гэдэг. Тэд жагсаалтын эхний 15-д эрэмбэлүүлэх санхүүгийн болзлоо хэдийн хангасан аж. Түүнчлэн АН-ыг “лааз өшиглөсөн” он жилүүдэд парламентад намаа төлөөлөн ажилласан, эдүгээ УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэдний нэг болох магадлал өндөр. Тус намынхан одоогийн УИХ-ын гишүүдээ өмнө сонгогдсон тойрогт нь илгээж, суудлаа дахин баталгаажуулах төлөвлөгөөтэйгээ нэг бус удаа илэрхийлсэн. Гэвч тус намын эмэгтэй лидерүүдийн нэг болох эл бүсгүй жагсаалтад багтвал гайхах зүйлгүй. Эхний 15 хүнд 7-8 эмэгтэй багтана. Тиймээс бусад нь мөнгөний эрэлд гараад байна. Хүсэл байвал тухайн мөнгийг яаж ийгээд л “босгож” таарна. Тэдэнд хоёр сар орчмын хугацаа үлдсэн.
Тэгвэл тойрогт өрсөлдөх нэг нэр дэвшигч дунджаар тэрбум төгрөгийн зардал гаргахаар буй. АН тойрогт нэр дэвших хүмүүсээсээ 100-300 сая төгрөгийн “хандив” авч байгаа гэх мэдээлэл бий. Эхлээд намаасаа сонгуульд өрсөлдөх “виз” авах, улмаар зардлаа төлөх нь бүсгүйчүүдэд амар биш. Тиймээс АЭХ-ноос эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор сан байгуулж, хандив цуглуулж буй юм билээ. Гэвч энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуультай нийцэх үү. Үүнийг АЭХ-ны дэд ерөнхийлөгч, хуульч Х.Номингэрэлээс тодруулахад “Манай холбоо АН-ын харьяа байгууллага. Улс төрийн намын тухай хуулиар намын үйл ажиллагаанд зориулж тогтмол хандив өгөх боломжтой. Энэ бол сонгуулийн кампанит ажил, сурталчилгаанаас тусдаа, АЭХ-ны дотоод үйл ажиллагаанд чиглэсэн хандивын сан юм” гэв. Улс төрийн намын тухай хуулийн 26 дугаар зүйлд “Нам нь төрийн санхүүжилт, гишүүдийн татвар болон иргэд, хуулийн этгээдийн хандиваас орлогоо бүрдүүлнэ” хэмээн тусгажээ. Үүний дагуу иргэн жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12, хуулийн этгээд 50 дахин нэмэгдүүлснээс илүүгүй хандивыг улс төрийн намд өгч болох аж. Тэгвэл сонгуулийн кампанит ажил, сурталчилгаатай холбоотой хандивын дансыг тухайн нам, эвслийг СЕХ бүртгэсний дараа буюу дөрөвдүгээр сарын 28-наас хойш нээж болох юм билээ. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүдээ дэмжих санд төвлөрүүлэх хандиваар бүсгүйчүүдийн сонгуулийн зардлыг шийдэх нь юу л бол.
МАН-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД МӨНГӨ СОНИН БИШ
Сүүлийн найман жилд үнэмлэхүй олонхоор засагласан МАН-ын хувьд мөн л жагсаалтын эхний 15-д нэрээ бичүүлсэн бол УИХ-ын гишүүн болох найдвар өндөр байгаа. Тэр хэрээр эрэмбэлэх ханш тогтсон, өрсөлдөөн их байгаа аж. Үүнд багтах 7-8 эмэгтэйг тус намын дэргэдэх Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбоог удирддаг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа тэргүүлэх сураг гарчээ. Тэрбээр 2023 оны нэгдүгээр сараас уг холбооны тэргүүнээр ажиллаж буй юм. Энэ бүсгүй 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин сонгогдсон. Хэдийгээр өнгөрсөн дөрвөн жилд олон нийтийн хүлээсэн хэмжээнд хүрч ажиллаж чадаагүй ч эрх баригч намын залуу, боловсролтой эмэгтэй гишүүдийн нэг нь тэр яах аргагүй мөн. Бусад намын эмэгтэйчүүд улс төрд орох, сонгуульд өрсөлдөхөд санхүүгийн бэрхшээл хамгийн их тулгамддаг тухай ярьж, одоо тэрбум төгрөгийн зардлыг хэрхэн босгохоо бодон шаналж байна. Гэвч яагаад ч юм МАН-ын бүсгүйчүүд мөнгө ярьж “гоншигнодоггүй” гэдгийг санах хэрэгтэй.
Тус намынхан жагсаалтад залуусаа түлхүү багтаах бодлого баримталж буй гэсэн. Ардаа “түшиг” болдог ах, эгч нартай залуус л мөнгөний тэр өндөр босгыг давж чадах нь мэдээж. Олон нэр дуулдаж буй ч тавдугаар сар гартал юмс яаж ч өөрчлөгдөж болно. Тиймээс “Намын шийдвэрээ хүлээж байна” гэсэн эмэгтэй олон байна.
50:50
Парламентад суудалтай гуравдагч хүчний нам болох ХҮН-ийнхэн эмэгтэй манлайлагчдыг дэмжих 50:50 гэсэн бодлого дэвшүүлээд буй. Тиймээс удахгүй болох сонгуульд энэ намаас нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байх аж. Тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Эмэгтэй манлайлагч олноор төрөх суурь орчин, нөхцөлийг бүрдүүлэх, тэднийг дэмжиж, сургаж бэлтгэх, сонгуулийн тогтолцоон дахь авлига, мөнгөний хамаарлыг эрс бууруулан шинэчлэхэд бүсгүйчүүдийн оролцоо их” хэмээн онцолж байв. Тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхнасан “Бүсгүйчүүд сонгуульд өрсөлдөхөд тулгамддаг хамгийн гол асуудал нь мөнгө байдаг. 2020 оны сонгуулиар би Говь-Алтай аймагт нэр дэвшихэд 300-400 сая төгрөг зарцуулсан” хэмээн ярьсан. Тэгвэл одоо тойргийг бүсчилж, 3-4 аймаг болгон томсгосон учраас гарах зардал тэрбум дөхөх нь аргагүй. ХҮН намын бүсгүйчүүд энэ мөнгөө хэрхэн босгох талаар тодорхой ярьсан зүйл, нэгдсэн шийдвэр гаргаагүй байна. Учир нь шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмэх талаар улс төрийн манлайлал үзүүлнэ гэж буй атлаа тус намд албан ёсны эмэгтэйчүүдийн байгууллага, холбоо байхгүй гэнэ. Тиймээс хэдийгээр “том” бодлого нэгтэй ч бүсгүйчүүдийнх нь хувьд шийдэл “задгай” байгаа аж. Тэд юутай ч АН-ын адил сан байгуулж, хандив цуглуулах бололтой.
Мөн уг сонгуульд хоёр эвсэл оролцохоор байгаа. Үүний нэг Үндэсний эвслийнхэн парламентад төлөөлөлтэй болно, бүр нэлээд хэдэн хүн нь сонгогдоно гэсэн өндөр итгэлтэй явна. Эвслийг бүрдүүлж буй МНН-ын дарга О.Бум-Ялагч, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар жагсаалтдаа бичигдэх нь. Харин эвслийн тэргүүн Н.Номтойбаяр яах, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Түүнийг намын жагсаалтыг тэргүүлэхийн оронд тойрогт хүч үзнэ гэсэн мэдээлэл ч гарах болсон. Юутай ч уг эвслийнхэн жагсаалтад эрэмбэлэгдэх хүмүүсээ тодруулж бараг дуусжээ. Тэд ч мөн нэрийн жагсаалтыг багагүй үнээр тогтоосон гэж буй. МАН-аас “нүүж ирсэн” бэл бэнчинтэй бүсгүйчүүд ч жагсаалтад багтах бололтой. Мөн тус эвсэлд нэгдэх сонирхлоо 10 орчим нам илэрхийлж, яриа хэлэлцээ хийж буй гэнэ. Тэдний дотор мөрийн хөтөлбөрөө дангаар хүргүүлсэн, эсвэл аудитын байгууллагад хандаагүй нам ч байгаа сурагтай. Эдгээр намыг эгнээндээ нэгтгэх яриа баталгаажвал жагсаалт, тойрогт квот олгох хэрэгтэй болно. Тиймээс тавдугаар сарын дунд хүртэл юмс яаж ч эргэж мэднэ гэдгийг эх сурвалж хэллээ.