Ирэх ням гараг бол нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх сүүлийн өдөр. Хэдэн нам, ямар эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ, тэд л ирэх сонгуульд оролцох боломжтой гэсэн үг. Уг нь нам, эвслүүд сонгуульд оролцох, эсэхээ ирэх сарын 26-28-ны хооронд илэрхийлнэ хэмээн хуульд заасан. Гэсэн атлаа сарын өмнө мөрийн хөтөлбөрөө өгсөн нь л эл шаардлагыг хангах болчхоод байна. Мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулаагүй бол сонгуульд оролцож чадахгүй нь мэдээж. МАН-ын Бага хурал энэ сарын 22-23-нд, АН-ын Үндэсний бодлогын хороо ням гарагт хуралдана. Гуравдагч хүчний намууд ч энэ өдрүүдэд эвсэх үү, бие даан оролцох уу гэдэг эцсийн шийдвэрээ гаргах хурлуудаа товлосон байна.
Тэдний хувьд Сонгуулийн хуулийг хэрэгжүүлж, мөрдөх явцдаа зөрчилтэй заалт, эвсэж нэгдэхийн эсрэг тавьсан “занга”-нуудыг нь мэдэрч буйгаа ярьж, эрх баригчдыг “харааж” буй. Хоёр нам эвсэл байгуулбал нийт сонгогчийн тав, гурваас дээш бол долоон хувийн санал авч байж парламентад төлөөлөлтэй болно. Эвсэх намын тооноос хамаарч ялгаатай саналын босго тогтоосон, нэг улс төрийн хүчин тойрогт 39-өөс дээш хүн нэр дэвшүүлнэ гэсэн нь жижиг намуудыг “боомилсон” заалт болж хувираад байна.
Найман жилийн турш үнэмлэхүй олонхоор төрийн эрх барьсан МАН-д иргэдийн итгэл алдарч эхэлсэн. Агаарын бохирдол, түгжрэл, иргэдийн ахуй амьжиргаа энэ он жилүүдэд өөдлөх бүү хэл дордож, олонх нь өрнөөс өрний хооронд л амьдралаа залгуулж буй. Авлигын болон ардчиллын индексээр улам л байр ухрах болов. Тиймээс өнгөрсөн 30 гаруй жилд МАН-тай өрсөлдөхүйц байж чадсан ганц нам болох АН-д багагүй итгэл хүлээлгэж байна. Мөн энэ хоёр намаас огт өөр, улс төрийн шинэ хүчнийг сонгоод үзвэл яасан юм гэх хүн ч олширлоо. Сонгогчдын зүгээс ирэх хүлээлт гуравдагчдад өмнөхөөс илүү орон зай үүсгэж буй ч нөгөө талд нь Сонгуулийн хуулиар ийнхүү “шахаж” байгаа аж.
ИЗНН ТОЙРСОН НЭГДЭЛ
ИЗНН-ын дарга Б.Батбаатар МАН, АН-аас бусад гуравдагч хүчний бүх намыг нэгдэж сонгуульд оролцохыг уриалсан. Намууд эвсэж, нэг цул болон ажиллаж чадвал хүчтэй сөрөг хүчин байгуулах боломжтой. Тэд нэгдэж ажиллах уриалгаа цөөнгүй намын даргад хүргүүлсэн. 10-аад намын удирдлага уг саналыг дэмжиж, эвслийн гэрээ, загвар, ямар болзол тавих, хэрэгжүүлэх ажлын санаачилга зэргээ гаргаж буй юм. Тэд өнөөдөр, маргааш тус тусын намын хурлаа хийж, дээрх саналаа хэлэлцэх гэнэ. Үүний дараа энэ сарын 22-нд эвсэлд нэгдэхийг дэмжиж буй намууд цуглаж, мөрийн хөтөлбөрт тусгах саналаа нэгтгэж, эцэслэн батлахаар төлөвлөжээ.
Гэвч олон нам эвсэж ажиллах тийм амархан биш. ИЗНН-ын зүгээс санал хүргүүлсэн намын дарга нарын дунд “Би эднийхтэй эвсэхгүй”, эсвэл хоёр л нам хамтрахад болно, дөрвөөс дээш дэмий гэх мэт олон янзын байр суурь илэрхийлж байгаа сурагтай. Мөн зарим нь биелүүлэхэд хэцүү, амьдралаас хол шаардлага тавьж буй гэх. Угаас ч манай улсын түүхэнд дөрвөөс илүү нам эвсэл байгуулж явсангүй. Мөн холбогдох хуульд парламентад жагсаалтаар төлөөлөлтэй болсныхоо дараа эвсэл задарвал бусад намд суудлыг нь хувааж өгөх зохицуулалт оруулсан гэх. Энэ нь эвсэлд нэгдэх, эсэхэд эргэлзэх нэг шалтгаан болж буй гэнэ. Уг нь задрахын тулд биш, эвсээд хамтран ажиллах гэж л цугладаг баймаар. Гэвч үзэл баримтлал, эрх ашиг өөр намууд эвссэнийхээ дараа задрах магадлал нь өндөр гэдгээ мэдээд буй бололтой. Энэ мэт шалтгааны улмаас эцсийн мөчид 10 намаас 50 хувь нь үлдвэл амжилт болох нь.
Юутай ч аль аль нам нь давхар 2-3 хувилбар төлөвлөсөн нь нууц биш. Хэрэв эвсэл байгуулж чадахгүй бол дангаараа сонгуульд оролцох Б төлөвлөгөөгөө тэд хэдийн боловсруулж, тусдаа мөрийн хөтөлбөрөө ч бэлдсэн байгаа юм билээ. Манай улс төрд тогтсон жишгийг эвдэж, таваас дээш нам эвсэл болохыг ч бас үгүйсгэхгүй. ИЗНН-ын уриалга ажил хэрэг болох, эсэхийг энэ сарын 22-нд харъя.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ
Монголын үндэсний ардчилсан нам (МҮАН), Монголын ногоон нам (МНН)-ынхан Үндэсний эвсэл байгуулснаа хамгийн түрүүнд зарласан. Уг эвслийг МАН-ын угшилтай Н.Номтойбаяр ахлахаар болж, хэдийн ажилдаа ороод буй. Хамгийн эхэнд шийдвэрээ баталгаажуулж, сонгуулийн ажилдаа орсон эвсэл гэсэн үг. Тус эвслийн хувьд өөр намтай эрх мэдлээ хуваахгүй, харин эвсэлд нь буюу дээрх хоёр намын аль нэгэнд нэгдэж ороход нээлттэй гэдгээ мэдэгдсэн юм. Хоёроос илүү нам нэгдэхэд нийт сонгогчоос авах саналын босго нэмэгдэх нь ийм шаардлага тавих нэг шалтгаан болж буй биз ээ. Тухайлбал, 1.6 сая сонгогч саналаа өглөө гэж үзэхэд хоёр намаас бүрдсэн эвсэл 80, гурваас дээш бол 110 мянган хүний дэмжлэг авах ёстой.
Нэлээд хүчтэй өрсөлдөгч байж болзошгүй хэмээн үзэж буй Үндэсний эвслийнхэн ирэх өдрүүдэд хурлаа хийж, мөрийн хөтөлбөр, сонгуулийн цаг үеийн асуудлаа ярилцах юм байна.
ТББ-УУДЫН “ХОЛБОО”
Мэндлэх хугацаагаа хүлээн дуншиж буй хэд хэдэн намынхны найдварын гал бөхөхөд ойрхон болов. Монгол Улсын иргэд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, нам байгуулах эрхтэй. Гэвч үүний тулд хуулийн тодорхой шалгуур, дүрэм журам дахь болзлыг хангах ёстой байдаг. Эл шаардлага, босгыг хүссэн хүн бүр давж чаддаггүй. Тухайлбал, Их Монгол засахуйн ухаан, Либертари нам, Тэнгэрийн эрин сэргэн мандалт, Ардын чуулган зэрэг намыг бүртгүүлэхээр удаа дараа хүсэлтээ Дээд шүүхэд илгээсэн ч тэр бүрдээ буцаагдсаар байгаа юм. Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам хамгийн сүүлд энэ сарын 6-нд бүртгүүлэх хүсэлтээ дахин гаргасан байна. Хэрэв Дээд шүүх баасан гарагт багтаан энэ намыг бүртгэхгүй бол тэдний хувьд ирэх сонгуульд оролцох төлөвлөгөө нь нурна гэсэн үг. Гэхдээ мэдээж Б төлөвлөгөө бий. Тус намын үзэл баримтлалыг дэмждэг хэд хэдэн төрийн бус байгууллагынхан хамтраад үзэл бодол, үнэт зүйлээ нэгтгэж, мөрийн хөтөлбөр боловсруулсан юм байна. Тэд бас энэ сарын 22-нд хуралдах нь. Гэвч нам л биш бол төрийн бус байгууллага сонгуульд оролцох эрхгүй. Тиймээс тэд боловсруулсан үзэл санаа, хөтөлбөрөө бусад намд санал болгох гэнэ. Үзэл бодол, үнэт зүйл нь нэгдвэл тухайн намд элсэх, эсвэл дэмжиж ажиллах аж. Мөн УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Ардын чуулган хэмээх намаа бүртгүүлэхээр бараг жилийн турш оролдож байгаа. Гэвч ямар нэг байдлаар шалгуур хангахгүй буцаагдсаар байна. Эдгээр намын хувьд өөр улс төрийн хүчин, эвсэл бараадах, эсвэл бие даан нэрээ дэвшүүлэх сонголт гишүүдэд нь үлдэх нь.
Олон нам эвсэж ажиллах тийм амархан биш. ИЗНН-ын зүгээс санал хүргүүлсэн намын дарга нарын дунд“Би эднийхтэй эвсэхгүй”, эсвэл хоёр л нам хамтрахад болно, дөрвөөс дээш дэмий гэх мэт олон янзын байр суурь илэрхийлж байгаа сурагтай. Мөн зарим нь биелүүлэхэд хэцүү, амьдралаас хол шаардлага тавьж буй гэх. Угаас ч манай улсын түүхэнд дөрвөөс илүү нам эвсэл байгуулж явсангүй.
АН-ын гишүүн ч ардаа өөрийн гэсэн намтай нэг эрхэм бол Л.Гүндалай. Тэрбээр удахгүй болох сонгуульд Ард түмний хүч намаас дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхонд нэрээ дэвшүүлнэ хэмээн зарласан. Ард түмнээ хайрлая намынхаа нэрийг Ард түмний хүч болгон өөрчлөх гэж түүний эхнэр жилийн өмнөөс Дээд шүүхийн үүд сахисаар санасандаа хүрсэн юм. Харин одоо экс гишүүн өөрөө намынхаа дарга болохоор хүсэлтээ өгсөн байна. Дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдөр болох хуралдаанаар түүнийг намын дарга болгох, эсэх хүсэлтийг шийднэ. Зөвшөөрөхгүй байсан ч даргаа хийнэ хэмээн Л.Гүндалай мэдэгдсэн байна лээ. Харин дээр нэр дурдсан намуудыг бүртгэх, эсэх асуудал өнөөдрийн хуралдаанд багтсангүй.
Зарим нь ийнхүү Дээд шүүхийн шийдвэрийг “нүдээ ширгэтэл” хүлээж байгаа бол хэдийн бүртгэлтэй гуравдагчид хэнтэй хамтарвал амжилтаа ахиулж болохыг эргэцүүлж байна. Олон нийтэд бараг танигдаагүй, лидер цөөтэй, эсвэл зөвхөн намын дарга нь л сонгуульд өрсөлддөг улс төрийн хүчнүүдийн хувьд хэн нэгэнтэй эвсэхээс өөр сонголт үгүй. Ингэхгүй бол тойрогт 39 хүн нэр дэвшүүлэх нөөц дутна. Гэтэл хоёроос илүү намтай хамтарчихвал давах ёстой саналын босго нь нэмэгдчих гээд байдаг. Тэдэнд эцсийн шийдвэрээ гаргахад дөрөв хоног л үлдлээ.