УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулахад нам, эвслүүдэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Цаг нэлээд тулсан учраас өрсөлдөөн улам ширүүсэж буй аж. Мөн намын жагсаалтын урдуур багтах хүмүүсийн төлөх “хандив”-ын тодорхой ханш бий болсныг бид өмнө нь мэдээлсэн. Ялангуяа сүүлийн 34 жилд төрийн эрхийг ээлжлэн барьсан МАН, АН-ын хувьд жагсаалтын 15 “суудал” 2-6 тэрбум төгрөгийн ханштай болсон гэх. МАН-ынхан олонд хэдийн танигдсан улс төрчид, УИХ-ын гишүүд, сайд нараа тойрог руу түлхүү сойж, залуус, эмэгтэйчүүдээ жагсаалтад эрэмбэлнэ гэсэн мэдээлэл бий. Харин АН эсрэгээр бэлтэй хүмүүсээ жагсаалтад багтааж, мөнгөгүй залуусаа тойрогт “үлдээж” байгаа сурагтай. Сайн малчин, тариаланчдад шагнал гардуулах болон зудын нөхцөл байдлын үеэр эрх баригч намын сайд, УИХ-ын гишүүдийн орон нутагт ажилласан байдлаар ирэх сонгуулиар хаана өрсөлдөх тойргийг нь таамагласан. Тэгвэл АН-аас тойрогт нэр дэвших хүмүүсийн ерөнхий дүр зургийг “Бүрэн ардчилал” сонгуулийн мөрийн хөтөлбөртөө санал авах хэлэлцүүлгээс нь гадарлаж болохоор байлаа. Харин нам, эвслүүдийн жагсаалтад эрэмбэлэх хүмүүсийн нэрс тодорхой болоогүй байна.
МАН-ЫНХАН ЖАГСААЛТАА ТОХИРЧ ЧАДААГҮЙ
Бүх аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх тус намын хорооны удирдлага өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатарт хуралджээ. Мөрийн хөтөлбөртөө хяналт хийлгэхээр аудитын байгууллагад хүргүүлэх хугацаа тулсан учраас шат шатны дарга нартайгаа бодлого, шийдлээ ярилцсан аж. Тэд 13 тойрог тус бүрд судалгаа явуулж, олон нийт хэнээр өөрсдийгөө төлөөлүүлэхийг хүсэж буйг тодруулах гэнэ. Нэг тийм “хэлбэрдсэн” сонсогдож байгаа биз. Гэхдээ сонгогчдод тодорхой хэдэн хүний нэр “тулгах” болов уу. Авлига, албан тушаалын гэмт хэргээр шийтгүүлээгүй, тухайн тойрогт дэмжлэг авахуйц, мэргэжлийн байх шалгуурыг хангасан хүмүүсийг нэр дэвшүүлэх юм байна. Намын жагсаалтын тухайд Л.Оюун-Эрдэнэ дарга эхний аравт эмч, багш, нийгмийн салбарын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулна гэдгээ амласан. Үүндээ хүрэх, эсэхийг нь иргэд анхааралтай ажиглаж буй. Юутай ч МАН-ынхан тойрог болон жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ нийгмийн салбаруудын төлөөллийг хангахад анхаарч байгаа гэнэ. Амралтын өдрүүдээр хуралдахдаа тэд тодорхой шийдэлд хүрээгүй, жагсаалтад хэнийг багтаахаа эцэслэж чадаагүй сурагтай.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд тойрогт нэр дэвшүүлэхдээ гишүүдээсээ хандив авахыг хориглосон. Харин жагсаалтаар нэр дэвших хүмүүс тойрогт нэг горилогчийн гаргах зардлын дундажтай тэнцэх хэмжээний хандивыг намдаа өгөхийг зөвшөөрсөн. Энэ нь дунджаар тэрбум төгрөг болох юм билээ. Гэвч 3-4 аймгийг нийлүүлж нэг тойрог болгосон учраас нэр дэвшигчдийн зардал өснө гэж үзэж буй аж. Тиймээс эрх баригчид СЕХ-ны зардалд тодотгол хийхээр зэхэж байна. Энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ.
АН-ААС ТОЙРОГТ НЭР ДЭВШИХЭД 300 САЯ ТӨГРӨГ ТӨЛӨХ ҮҮ
Энэ сарын 25-наас өмнө нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр бэлэн болсон байх ёстой. Үүнээс урьтаж АН-ынхан сонгуулийн мөрийн хөтөлбөртөө санал авах хэлэлцүүлгийг орон даяар зохион байгууллаа. “Бүрэн ардчилал” нэртэй уг хэлэлцүүлгээ тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн дүүргүүдэд явуулсан юм. Тус намын гишүүд ч горилох тойргуудаа сонгон ажиллажээ. Гэхдээ тэднээс сүүлийн шатанд хэн нь тулж үлдэхийг тодруулах хугацаа хараахан болоогүй байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт ирэх сонгуулиар тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, экс дарга С.Эрдэнэ дахин өрсөлдөхөөр бэлтгэж буй аж. Тэр бол АН-ыг дараалсан хоёр ч сонгуульд ялагдуулсан атлаа даргын албан тушаалаа тавьж өгөлгүй зууралдаж, улмаар дотор нь хагалж талцуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Гэвч Баянгол дүүрэгтээ нэр дэвшвэл АН-д нэг суудал аваад ирнэ гэсэн итгэлээ гээгээгүй байх нь. Тус дүүрэгт мөн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, Баянгол дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнгөнтулга, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх, Хүүхдийн төлөө төвийн дарга асан И.Нарантуяа тэргүүтэй хүн горилж буй бололтой. Баянзүрх дүүрэгт нэр дэвших горилогчдын жагсаалтад АН-ын дэд дарга Ц.Жадамбаа, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, тус намын даргын зөвлөх, жүжигчин Ж.Баясгалан тэргүүтэн багтаж буй. Хан-Уулд тус дүүргийн АН-ын дарга П.Мөнхбаатар, УИХ дахь бүлгийн орон тооны бус зөвлөх П.Батчимэг багтжээ. Нийслэлийн дүүргүүдээс Сүхбаатар, Чингэлтэйг нэг тойрог болгосон. Тэнд болсон хэлэлцүүлгээс харахад АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байсан Ц.Баатархүү зэрэг нэлээд хэдэн хүн өрсөлдөж байна.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тойрог хамгийн олон буюу зургаа, Сонгинохайрхан, Баянзүрх тус бүр тав, Хан-Уул, Баянгол тус бүр гурван мандаттай. Харин Багахангай, Багануур, Налайх дүүргээс бид парламентад хоёр хүн л сонгоно. Мандатын тоо хязгаартай ч АН-ын хувьд нийслэлийн нэг тойрогт горилох хүний тоо л гэхэд 2-3 дахин илүү байна. Тиймээс тэднээс нам нь тодорхой мөнгөн шалгуураар “шигших” сураг гарчээ. Тухайн тойрогт явуулж байгаа намын ажилд хэнээс санхүүгийн хэр зэрэг дэмжлэг үзүүлж буйгаас хамааран шийдвэр гаргах нь. Тодруулбал, 50-300 сая хүртэлх төгрөгийн далд “хандив” цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл гараад байна.
Дотроо талцаж, хоёр хуваагдаад байсан АН-ыг нэг дээвэр дор нэгтгэсэн Л.Гантөмөрт удахгүй болох сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулахад амаргүй байгаа гэнэ. Тус намын удирдлагын багийн бараг 60 хувийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс “авсан”. Мөн “Таванбогд” компанийн захирал Ц.Баатарсайханы дүү Ц.Отгонбаатар санхүүг нь “базсан” гэх. Найман жил “лааз өшиглөсөн” намын санхүүгийн нөхцөл байдал амаргүй байгаа нь мэдээж. Тиймээс жагсаалтаар нэр дэвших хүмүүсийн хандиваас гадна өөр дэмжлэг тус намд хэрэгтэй. АН-ын мөнгөтэй улс төрч, бизнесменүүд ийм шалтгаанаар жагсаалтад багтах онцгой эрх олж авах бололтой. Сонгуулийн тухай хуулийн дагуу намын жагсаалтад хүйсээр сөөлжлөх ёстой. Гэтэл жагсаалтын эхний 15-д багтах ханш 2-6 тэрбум төгрөг байгааг эх сурвалж үгүйсгэсэнгүй. Энэ их мөнгийг төлж дийлэх бэлтэй эмэгтэй улс төрч олон биш. Гэхдээ л жагсаалтад урдуур орохыг бүсгүйчүүд ч адилхан хүсвэл мөнгөний босгыг давах ёстой болж байна. Бас давах ч биз ээ. Түүнчлэн намын дарга нь жагсаалтдаа багтдаг жишгийг Л.Гантөмөр давтах юм байна. АН-аас сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүс санхүүгийн болон бас бус шалгуурыг даваад ирэх сар гэхэд тодорхой болох нь.
ХҮН НАМ ГАДААД ДАХЬ ИРГЭДИЙГ “ОНИЛОВ”
Парламентад гуравдагч хүчнийг төлөөлж буй ХҮН намын хувьд сонгуульд нэр дэвшигчдээ дүрмийнхээ дагуу тодруулах гэнэ. УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг намын дарга нь санал болгож, Төлөөлөх зөвлөлийн хуралдаа оруулан, хэлэлцэж баталдаг аж. Ингэхдээ намын дарга нь ерөнхий нарийн бичгийн даргатайгаа зөвшилцөнө хэмээн дүрэмд нь тусгажээ. 2020 оны сонгуульд ХҮН намынхан Зүй ёс, Монголын социал демократ намтай хамтран “Зөв хүн-электорат” эвсэл байгуулан оролцож байсан. Энэ удаа тэд эвсэл байгуулах уу, бие даан оролцох уу гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ дангаараа оролцох магадлал өндөр байгаа юм. Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх үед уг асуултын хариу тодорхой болно. ХҮН намын хувьд ирэх сонгуулиар одоогийн ганц суудлаа ахиулах зорилго тавьж буй нь мэдээж. Тэд ч мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал авч явна. Тус намын дарга Т.Доржханд өнгөрсөн долоо хоногт АНУ, НСУ, БНХАУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөлтэй уулзан, өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлангаа тавьж, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөртөө санал авсан байна.
МАН гол анхаарлаа орон нутагт, АН нийслэлд голдуу хандуулдаг бол ХҮН гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудыг хараандаа авчээ. Тэд ч бас санал өгнө, сонгуульд оролцоно. Мөн тус намынхан жендерийн тэгш байдлыг хангах 50:50 бодлого хэрэгжүүлдэг учир нэр дэвшигчдээ тодруулах зарчимдаа ч үүнийгээ мөрдөх бололтой.
Сонгуулийн тухай хуулийн дагуу бид бүсчилсэн 13 тойргоос 78, намын жагсаалтаар 48 гишүүнийг парламентад сонгоно. 126 гишүүний тоонд багтахын тулд намуудын дотор ийнхүү өрсөлдөөн өрнөж байна. Нэр дэвшигчдийг ирэх тавдугаар сарын сүүлчээр зарлах хүртэлх хугацаанд юмс яаж ч өөрчлөгдөж болно. Нам, эвслүүд тойрогт бол нэр цэвэр, ёс зүйтэй, илүү танигдсан хүмүүсээсээ сойх ерөнхий бодлого баримтлах ч үүнд санхүүгийн шалгуур тодорхой байр суурь эзэлж байна. Жагсаалт бол харьцангуй амар аргаар УИХ-ын гишүүний суудалд хүрэх арга. Гэхдээ хэн бага хүч зарцуулна, тэр хэрээр их мөнгө зориулна.