Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өчигдөр боллоо. Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал, дагуул хот”, “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлэв. Нийслэлд тулгараад буй асуудлуудыг цэгцлэх зорилготой, урт хугацааны төлөвлөгөөнүүдийг танилцуулсан энэхүү арга хэмжээг сурвалжиллаа.
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд олон улсын байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид оролцсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ форумыг нээж, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хороололд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хэрэгжүүлэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотой” гэж дурдлаа.
УИХ-ын сонгуулийг энэ жил анх удаа бүсчилсэн тойргоор явуулахаар болсон. Энэ форум сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлахад чухал ач холбогдолтойг Засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тойрогт хуваагаад буй бүс нутгуудыг бодлогоор хангаж, хөгжүүлэх нь чухал хэмээлээ. Ийнхүү бүсчлэн хөгжүүлэх төлөвлөгөө гаргаснаар томоохон хэмжээний интеграцчлал хийх боломжтой гэнэ. Өмнө нь аймгууд сумд руугаа чиглэсэн бодлого гаргадаг байсан. Харин энэхүү төлөвлөгөөгөөр аймгууд бүсчлэлийнхээ дагуу нэгэн “баг” болж ажиллах нь.
2024 оны сонгуулиар ч улс төрчид бүс нутаг руу чиглэсэн мөрийн хөтөлбөр боловсруулах ач холбогдолтой. Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөгөөр аймгуудыг зургаан хэсэгт хуваажээ. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай нь баруун бүсэд хамаарна. Эдгээрийг хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүч гэх мэт үндсэн “тулгуур багана”-ын дагуу хөгжүүлэх нь. Түүнчлэн Хөвсгөл, Орхон, Булган аймгийг хойд бүсэд хамааруулжээ. Ингэхдээ шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэр, эрчимжсэн аж ахуй, газар тариалангийн чиглэлээр брэнд бүтээгдэхүүнээ гаргах аж. Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг багтана. Тэдгээрийг хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа, тээвэр, ложистикийн төв болгохоор төлөвлөсөн байна. Дундговь, Дорноговь, Өмнөговь нь говийн бүс. Тиймээс уул уурхай, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчийг нь голчлон хөгжүүлэхээр хөтөлбөртөө тусгажээ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг боомт, тээвэр, ложистик, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх нь.
Ийнхүү бүсчилсэн төлөвлөгөөнөөс үзэхэд аялал жуулчлал, үйлдвэрлэлийг голчлон дэмжихээр байна. Мөн хилийн дагуух аймгуудад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөсөн нь мах экспортлоход бэлтгэж байгаа хэрэг аж. Ингэснээр малын чанар сайжирч, малчид ч үйлдвэрлэл эрхлэгч болох нь. Мөн сэргээгдэх эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлэхээр төлөвлөсөн нь цахилгааны хязгаарлагдмал байдлаас гарах боломж юм. Орон нутагт иргэдийн таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлснээр нийслэл хотын төвлөрлийг бууруулах ач холбогдолтой гэнэ.
Өнөөгийн байдлаар Улаанбаатарт 1.7 сая орчим хүн амьдарч байна. Энэ нь манай улсын хүн амын талаас илүү нь нийт нутгийн 0.3 хувьд төвлөрсөн гэсэн үг. Энэ төвлөрлийг сааруулах нь бүсчилсэн төлөвлөгөөний нэг чухал зорилго аж. Ингэхдээ зөвхөн орон нутгаа дэмжээд өнгөрөхгүй. Улаанбаатарын бүсчилсэн төлөвлөгөөг ч олон нийтэд танилцуулах нь уг хэлэлцүүлгийн гол зорилго байлаа. Үүгээр “20 минутын хот”-ыг бүтээх гэнэ. Тодруулбал, иргэдэд төрийн, хувийн үйлчилгээг ойртуулах аж. Ингэснээр иргэд үйлчилгээ авахын тулд нийслэлийн зүүнээс баруун захад очихоор түгжирч явдгийг “хална”. Үүний тулд Улаанбаатар хотыг 42 нэгжид хуваахаар төлөвлөжээ. Эдгээр нь хүн амын тоогоороо ялгаатай. Тухайлбал, Сонсголон, Хөтөл зэрэгт 10-20 мянган хүн оршин суухаар тооцсон байна. Бүсчлэлийн дагуу хүн амын нягтшилыг тооцохдоо гурван хэсэгт хуваасан байна. Хамгийн олон хүн байхаар тооцоолсон бүс нь Дарь-Эх, Улаанхуаран, Орбит, Буянт-Ухаа, Таван шар. Тэдгээрт 40-60 мянган иргэн суурьшуулахаар тооцжээ.
Нийслэлийн иргэд замын түгжрэлд цагаа барж буй үндсэн шалтгаануудын нэг нь төрийн төв байгууллагууд Их, Бага тойрууд “шавааралдсан” нь гэдгийг албаныхан онцоллоо. Тухайлбал, Бага тойруугийн 86 га газарт төрийн 51 байгууллага байдаг. Мөн Их тойруугийн 770 га газарт 140 байгууллага байгаа нь хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг гэнэ. Түүнчлэн гадаадын улс орнуудын жишгээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нэг дор ажиллах ёсгүй аж. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон. Тиймээс төрийн байгууллагуудыг задалж, хуваарилах нь зүйтэйг онцоллоо.
Улаанбаатар хотод одоо л бүтцийн өөрчлөлт хийхгүй бол 2030 он гэхэд хүн амын тоо гурван саяд хүрч, бүх салбар ачааллаа дийлэхгүйд хүрэх аж. Өмнө нь нийслэлийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлтийг 1960, 1992 онд хийж байж. “Энэ шинэчлэлийг хийснээр хотын даргын хариуцдаг цас цэвэрлэгээ, аж ахуйн нэгжийн зөвшөөрлүүд зэргийг орон нутгийн удирдлагууд шийднэ. Тэрхүү шийдвэртээ хариуцлага хүлээдэг болох нь” гэж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэллээ. “Улаанбаатар хотын төвлөрлийг задлахдаа 21 аймагтай уялдуулж шийдвэрлэх хэрэгтэй. Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлж, засаг захиргааны нэгжийг шинэчилснээр хороодод асуудлаа шийдэх боломж нь нэмэгдэж, төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тэлэлт, суурьшлын бүсийг тодорхой болгохыг зорьж байна” хэмээн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцолсон.
Түүнчлэн Улаанбаатарын бүтцийн өөрчлөлтөөр өдгөө тулгамдаад буй олон асуудлыг шийдэх боломжтойг албаныхан хэлсэн. Энэхүү шинэчлэл нь араасаа олон өөрчлөлтийг дагуулж байгаа. Үүний нэг нь төрийн байгууллагуудыг аль болох хотын зах руу нүүлгэх юм байна. Мөн “Шинэ Зуун мод” хотыг байгуулахаар төлөвлөсөн. Уг хот нь судалгаа, шинжилгээний, тээвэр, ложистик, оюутны хотхон зэрэг есөн бүстэй байхаар тооцжээ. Уг дагуул хотыг нийслэлтэй холбохын тулд Богдхан уулын доогуур туннел гаргахаар шийдсэн байна лээ. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцсоноо албаныхан онцолсон. Мөн “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг тодотгосон юм. Үүнтэй холбоотойгоор хотын удирдлага хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 7-нд болж, дөрвөн дэд сэдвийн хүрээнд салбар салбарын төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнчлэн форумыг угтаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд төвийн зургаан дүүрэгт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үүгээрээ хорооны удирдлагуудтай уулзаж, бүтцийн шинэчлэлийн талаар ярилцсан. Хорооны Засаг даргад өдгөө төсвийн эрх мэдэл байхгүй. Тиймээс хуулиар тэдний эрх мэдлийг нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд онцолж байв.
Форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах аж. Уг үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур бий болгож, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэж тооцжээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн