УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хоёр жил гаруйн өмнө Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан. Эдгээр төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөлд тус байгууллагыг шүүх гэдэг талаас нь холбогдох зохицуулалтыг тусган, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа байх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлага хэт ерөнхий байгааг өөрчилж, тэдний хараат бус, мэргэшсэн, хариуцлагатай байдлыг хангах, улс төрийн болон бусад зүй бус нөлөөллөөс ангид байлгах зохицуулалт оруулсныг ажлын хэсгийн ахлагч онцлов. Тухайлбал, Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь нэр дэвшүүлж, саналаа УИХ-д хүргүүлэхээр заажээ. Мөн Цэцийн гишүүн маргааныг хянан шийдвэрлэх явцдаа нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөөр тусгаж, хориглох, хязгаарлах зүйлийг тодорхой тусгасан байна. Үүний сацуу Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг нарийвчлан хуульчлах гэнэ. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилох, өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг гишүүнд хуваарилах эрхийг Цэцийн дарга хэрэгжүүлж байгааг болиулах зэрэг олон заалт оруулсан байна.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг 1992, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг 1997 онд баталсан юм.
Бэлтгэсэн: У.Наран