“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг тараах эсэх асуудлыг ТУЗ хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Тус компанийн ТУЗ-ийн хурал энэ долоо хоногт хуралдаж, Цагаан сарын өмнө ногдол ашиг тараах чиглэл авчээ. Гэхдээ хэчнээн төгрөгийг тараах асуудлыг ТУЗ-ийн хурлаар нарийвчлан тогтооно. Ингээд ногдол ашгийг өмнөх дата дээр суурилан тараана.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3, 2023 онд гурван их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Мөн 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааг эзэмшүүлэх УИХ-ын тогтоолыг өнгөрөгч долоо хоногт баталсан. Ингэснээр тус компанийн 25 орчим хувийг иргэд эзэмшинэ гэсэн үг. Тиймээс эхний ээлжинд компанийн цэвэр ашгийн 25 орчим хувийг иргэдэд ногдол ашиг болгож тараах тухай яригдаж байна.