ОХУ-ын Саха улсад зохион байгуулсан мөс, цасан сийлбэрийн олон улсын тэмцээнд Монголын зургаан сийлбэрчин гурван баг болж, гурван төрөлд өрсөлдсөн. Тус тэмцээний цасан сийлбэрийн төрөлд манайхан түрүүлж, шагналын хур буулгав. Мэлмий, ухаан, гарын ураар өвөрмөц бүтээл урласан уран сийлбэрчдээс Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар тэргүүн байрт шалгарч, алтан цомын эзэн боллоо. Мөн тэд нэг мөсний төрөлд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл олон мөсний төрөлд Н.Одсүрэн, О.Батхүү нар тусгай байр эзэлжээ.
Дээрх тэмцээнтэй давхцаж ХБНГУ-д болсон олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын уран сийлбэрчид ур чадвараа сорьсноос Б.Доржнамжил нэг мөсний төрөлд алт, цасныхад сийлбэрч Х.Солонгын хамт хүрэл медаль гардсан байна.