Хэрмэл жүжигчин Гуинплен, сохор эмэгтэй Дея нарын хайр сэтгэлээр төлөөлүүлэн жинхэнэ гоо үзэсгэлэн, мөн чанар хүний дотоодод оршдогийг илэрхийлсэн бүтээл гэх нь энэ зохиолыг дэндүү ядмаг тодорхойлсон хэрэг болно. Хайр сэтгэл бол гэгээрэлд хүрэх зам. Шударга ёс бол харанхуйгаас гэрэлд хүрэх мөнхийн тэмүүлэл. Явцуу ашиг хонжоо, хор, харын дунд хир буртаггүй байж байгаад л дууссан дүрүүд өрөвдмөөр мөртлөө ямар их хайр татдаг билээ дээ. Гэхдээ өчигдөр толилуулсан “Инээмтгий хүн” жүжгийг өрөвдсөн сэтгэлээр л үзвэл хайран “юм” болох тул түүнээс юу олж харж, анзаарч, эргэцүүлснээ бичихээс аргагүйд хүрч байна. Францын зохиолч Виктор Хюгогийн уг зохиолыг багадаа уншсан хүмүүс нэлээд төлөвшсөн уншигчид байх нь бий. Гэхдээ энэ нь хүүхэд уншихад тохиромжтой зохиол яавч биш. Чамлахааргүй хүнд сэдэвтэй, нийгмийн суурь мөн чанар, шударга бус байдлыг шүүмжилсэн эмгэнэлт роман тул ойлгож унших чадвар хэрэгтэй. “Про” театрынхан өнгөрөгч жилийн гуравдугаар сард “Инээмтгий хүн” жүжгээ толилуулснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Урлагийнхан, олон нийт ч тэр, театрын үзэгч ховордож, монголчууд эргэлт буцалтгүй мунхрал руу орж буй мэт ярих болсон нь гүтгэлэг гэдгийг эндээс харж болно.
Тэнд урлагийг залуучууд үзэж, танигдаж амжаагүй залуу уран бүтээлчид шилдгүүдтэй өрсөлдөхүйц болж буйг харах хэрэгтэй. Харин ямар нэгэн шинэ уран бүтээл гарсан хойно өөд, уруугүй магтаж гардаг нь манай үзэгчдийн сурсан зан боллоо. Утга агуулгыг нь умартаад хэдэн зураг даруулж, “Та мундаг шүү” гэх нь илүү чухал шиг. Үүнийг утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц “Магтаалдаа мансуурсан манай театрууд” гэх нийтлэлээрээ “мэргэжлийн урлаг нийтийн хэрэглээ рүү уначихсан юм биш биз” хэмээн шүүмжилж байв. “Инээмтгий хүн” үзэгчдэд ид хүрч байх үед шүүмжлэлээс гадна чамлахааргүй магтаал жин дарж байсан. Гэхдээ энэ бол бодит байдал. Тухайн үед энгийн үзэгчийн үүднээс ажиж суухад хөгжмийн найруулга, тайз засал, нүүр хувиргалт бүгд яг тийм гэчих гоц гойд онцлох зүйл бага мөртлөө нэлэнхийдээ содон уур амьсгалтай, үзэгчийн сэтгэлийг татаж, дахин театрыг зорих, маргаашийн үзвэрийг хүлээхдээ тэнд үлдчихмээр хоргодонгуй сэтгэл үлдээсэн билээ. “Про” театрынхан энэ зах зээлд “мэндлээд” удаагүй байна. Гэхдээ тэд гялс мөнгө олъё, танигдъя гэж биш, түүнээс хавь илүү үнэ цэн тээж театр байгуулсан гэж хардаг. Бүрэн хэмжээний бүтээлүүдийн нэг нь “Инээмтгий хүн”. Үүнээс өмнө тэдний “Шадар гурван цэрэг” физикл драмын талаар бичиж байсныг уншигчид санаж буй байх.
Харин энэ удаад уг уран бүтээлийг дахин үзсэн үзэгчийн хувьд хэд хэдэн зүйл анзаарлаа. Дэлхийн сонгодгийг толилуулж, хувцас хэрэглэл, тайз заслаар тоноглосон ч цаанаа л монгол жүжиг шиг мэдрэгдээд, уусахгүй байдаг тал бий. Харин “Инээмтгий хүн” бол XVIII зууны эхэн үеийн Лондон, язгууртны засаглал ба феодализм “үнэртэх”, бүх талын орчин бүрдсэн, тухайн үеийн Англи руу “аваад орчих” шиг жүжиг гэдгийг магтах хэрэгтэй. Гуинплен хүү дээрэмчдэд нүүр царайгаа эрэмдэглүүлж, хаягдсаныхаа дараа Деяг олдог. Яг энэ үед симболик байдлаар урт хөлт хэрээнүүд гарч ирсэн нь муу ёр, хар дарсан зүүдний биелэл шиг байсан билээ. Энэ жүжгийн тайз хуучин хувцаснаас бүрдсэн босоо шийдэлтэй. Ноорхой хувцаснууд тайзыг бүхэлд нь бүрхэж, олон нийтийн хэсгийг тэр дундаас хүмүүс толгойгоо цухуйлгаж, жүжиглэх маягаар сэтгэсэн нь яалт ч үгүй онцгой. Үүнээс гадна гол дүрүүдийн сэтгэлийн шаналал, цөхрөлийг тэрхүү ноорхой хувцаснууд салхинд дэрвэх шиг хөдөлгөөнд оруулсан нь дундаж хэмжээтэй тайзанд маш том шилжилт бий болгосон. Хэдий сүртэй чамин засал энд байхгүй ч жүжгийнхээ үзэгдэл бүрд тохирч хувирах боломжтой тайзыг сэтгэсэн нь энэ. Дээр дурдсан хэлбэрийн шинжтэй юмс бол дахин үзэж буй үзэгчийн хувьд өөрчлөх шаардлагагүй, хоногшиж үлдсэн зүйлс юм. Харин анхны тавилтаас өөрчилсөн хэд хэдэн зүйл байна. Уг жүжгийн тодотгол нь визуал драм. Энэ нь товчхондоо, нүдэнд үзэгдэх элементүүд буюу дүрс, өнгө, гэрэл, зураглалыг урлагийн бүтээлд оновчтой ашигласныг илэрхийлдэг. Гол нь энэ бүгдийг бүтээлчээр ашиглах буюу жүжгийн утга санаатайгаа “уяж”, үзэгчдэд сонирхолтой байлгах ёстой юм. Гэхдээ эл драмыг визуал гэж тодорхойлох цөөн элемент байсан ч тэр бүгд нь яг тохирсон цагтаа чимэг болсон. Жишээ нь, Дея, Гуинплен хоёр хамт өсөж, нэгнээ чин үнэнч сэтгэлээр хайрлах болсон тэр үеийг сүүдрийн эффекттэй дүрсэлсэн нь үзэгчийн хувьд лав анхны гэж хэлэх тохиолдол.
Эхлэлд далайн давлагааг захгүй том тор дунд ус гүйлгэж дүрсэлсэн нь ч багтана. Үүний дараа энэ хоёрдугаар сард нийтийн хүртээл болсон түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг “Клеопатра”-д визуал элемент ашиглаж байв. Зарим дүрийн хэсгийг цөөлж, хөгжмийн найруулгад ч өөрчлөлт оруулжээ. Ялангуяа уран бүтээлд юмс анхныхаасаа өөрчлөгдөх нь байдаг л зүйл. Харин тэр нь аз болов уу, эз болов уу гэдэг бодох асуудал. Тус жүжгийг бүхэлд нь эргэн санавал шилжилтийн цэг, зайлшгүй байх хэсгүүдийг үлдээсэн буюу чухал гэсэн бүхнээ авч үлдэж, дайвар хэсгүүдээ баллуурджээ. РЦНК руу зорьж явахдаа сайхан юм үзье гэхээс илүү юу нь өөрчлөгдсөн бол гэсэн сонирхол адгаад байсан. Харин тэд жүжгийнхээ усыг нь шүүж, “цомхон” болгож, агуулгаа чамбайруулсан санагдлаа. Гол дүрийн жүжигчид буюу Гуинпленд тоглосон Б.Билгүүн, Деягийн дүрд ажилласан Т.Энэрэл, түшмэлийн дүр бүтээсэн О.Итгэл нар одоо “шинэков”-ууд биш. Тэд аль хэдийн жигдэрсэн байх ёстой. Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” олон улсын наадамд өнгөрсөн жил “Про” театрынхан жинхэнэ цойлсон билээ. “Инээмтгий хүн” жүжгээр драмын жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрд Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, шилдэг найруулагчид Б.Даваасүрэн, драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор Дахалэ Жамбалов, шилдэг залуу уран бүтээлчээр О.Итгэл шалгарч, “Шинэ эрэл” шагналыг тус жүжиг авсан юм. Иймээс л “Инээмтгий хүн” бол булган сүүлтэй, сүүлийн жилүүдэд толилуулсан чамгүй сайн жүжгүүдийн нэг гэдгийг онцолъё. Жүжигчдийн авьяас чадварын хувьд өөлөх зүйл тун бага байлаа. Жүжгийн хоёрдугаар хэсгээс үзэгчдийн анхаарлыг бүрэн татах шилжилт, монолог дүүрэн бөгөөд таныг эргэлзээгүй эзэмдэх болно.
Гуинплен багадаа эрэмдэглүүлж, зовлон туучсан язгууртан гэлээ ч зүдүүрээс ангид, үргэлж жаргаж амьдарсан юм шиг, Дея сохор ч нүдтэй хүний харж чадахгүйг олж нээсэн гайхамшигтай эмэгтэй, тэдний эцэг Урсус, зэрлэг чоно Хомо нар бол хүмүүсийн хэлдгээр гаднаа эрэмдэг, дутуу байж болох ч дотоод сэтгэл нь баялаг дүүрэн, хайрлах эр зоригтой хүмүүс. Аливаа бүтээл өөрийг нь зорих, хараах, магтах, шүүмжлэх үзэгчидтэй болно гэдэг чамлалтгүй амжилт. “Про” театрынханд эднээс аль аль нь байна. Арилжааны, бизнес хөөсөн, массын бүтээл хийгээд мөнгө олоод байж болно. Гэхдээ тийм бүтээл урт насгүй л дээ. Тэд үнэ цэн, нөхөрлөл хөөж, өөрсдөөрөө овоглоно гэдгээ хичээж сайн бүтээл хийхийг зорьдог даруухан ч гэмээр, амбицтай ч гэмээр хүмүүс. Театрын хаалга татсан хүмүүст толин тусгал нь болох ариун сүм хийгээд агуулга, үзэл санааг толилуулах тайз болсоор явахыг хүсэх энэ үгээ тэдэнд дайя.
Д.ХҮСЛЭН