УДЭТ-ынхан тун удахгүй шинэ бүтээлээ үзэгчдэд хүргэхээр болжээ. Тус театрынхан Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн “Lover” жүжгийг тавихаар бэлтгэж буй аж. Хайрын тухай өгүүлэх эл бүтээлийн найруулагч нь Г.Ган-Очир. УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар уг бүтээлээс сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжгийг 2014 онд тавьж байжээ. Харин энэ удаа Г.Ган-Очир “Lover”-ийг “Хайр хэнд хэрэгтэй вэ” гэсэн тодотголын дор, цоо шинэ найруулгаар үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна.
“Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна вэ. Хайрын утга учир өдгөө юу болж хувирсныг хөгжим болон хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ” гэж найруулагч Г.Ган-Очир шинэ бүтээлээ тодотгожээ. УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, О.Майдарравжаа, Ц.Рагчаа, Б.Золзаяа нар эл жүжигт тоглохоор бэлтгэлээ базааж буй юм. Уг бүтээлийг энэ сарын 27-ноос УДЭТ-ын тайзнаа толилуулах нь. Ташрамд дурдахад, Нобелийн шагналт Харольд Пинтер нь зохиолчоос гадна найруулагч, жүжигчнээр ажиллаж, орчин үеийн театрын үзэгдэл болсон уран бүтээлч юм. Түүний “Lover” нь анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрснээс хойш олон улсын театрын тайзнаа “амилжээ”.