Галд өртөж, эх хувиар нь сонирхох боломжгүйд хүрсэн дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэргээжээ. Тодруулбал, Уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг 2009 оны тавдугаар сарын 19-нд гал түймэрт өртсөн. Галын улмаас дүрслэх урлагийн 1000 орчим бүтээл гэмтжээ. Эдгээр нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зураг, орчин үеийн чиглэлийн бүтээл байсан аж. Эдгээрээс 25 уран зураг, хосгүй үнэт таван бүтээлийг хиймэл оюун ухаанаар сэргээсэн аж.
Уран зургийн галерейгаас галд өртсөн үнэт бүтээлийг сэргээн засварлуулахаар энэ онд “AR gallery-Үнэт бүтээлүүд” төслийг хэрэгжүүлсэн юм байна. Уг төслийн хүрээнд уран зургуудыгAR технологийн тусламжтайгаар анхны төрхөөр нь сэргээж, түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм. Бүтээлүүдийг англи, монгол болон дохионы хэлтэй виртуал тайлбарлагч танилцуулах гэнэ. Үзэсгэлэнд 25 уран зураг, Монголын сор болсон таван бүтээлийг толилуулах юм байна. Эл үзэсгэлэнг өнөөдрөөс эхлээд ирэх сарын 5 хүртэл Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд олон нийтэд толилуулна.
А.ҮҮЛ