СУИС-иас “Хөөмийн өдрүүд” нэгдсэн арга хэмжээг өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр зохион байгуулж, эл өвийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой үйл ажиллагаануудыг явууллаа. Баасан гарагт тус сургуулийн Оюутан театрт “Хөөмий судлалын өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт олон улсын семинар болов. Үүнд таван улсын 10 гаруй судлаач, эрдэмтэн, дөрвөн их, дээд сургуулийн долоон докторант оролцож, сүүлийн үеийн судалгаа шинжилгээнийхээ онцлох үр дүнгүүдийг танилцуулжээ.
Мөн тус өдөр Соёлын гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, хөөмийн багш Б.Одсүрэн “Багшийн залгамж халаа” сэдэвт нээлттэй хичээл заасан бол орой нь “Үндэсний язгуур урлаг” хөтөлбөрийн төгсөх дамжааны оюутнууд “Хөгөмэй” тоглолтоо толилуулжээ. Харин өчигдөр хөөмийчдийн нэгдсэн, хүндэтгэлийн “Хөгөмэй” тоглолт “Улаанбаатар” театрт болсон юм.
Н.МИШЭЭЛ