Өсвөрийн шатарчдын буюу 14, 16, 18 насныхны ДАШТ Румын улсын Мамаиа хотод боллоо. Манай шатарчдаас 16 насныхны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга болов. Эл амжилтаараа тэрбээр олон улсын мастер цолны болзол хангажээ. Д.Мөнхзул 11 өрөг тоглон, нэг ч хожигдолгүй хошуучилсаар 8.5 оноо авсан юм. 2014 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дурбан хотод зохион байгуулсан өсвөрийн шатарчдын ДАШТ-д тэрбээр оролцож, найм хүртэлх насныхны ангилалд тэргүүн байр эзэлж байв. Өнгөрсөн сард болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Д.Мөнхзул Монгол Улсын шигшээ багийн нөөц тоглогчоор оролцсон билээ.