Энхтайваны гүүрнээс 120 мянгатын уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хаасан. Хотын хамгийн их ачаалалтай замуудын нэгийг ийн хаасан учраас амралтын өдрүүд таарсан ч түгжрэл маш их байв. Хотын дарга Х.Нямбаатарын “алдарт” зам засварын ажлын балаг нь үүгээр дууссангүй. Бараг л хот даяар түгжрэл үүсгэн байж зассан замынх нь тэгш байдал алдагдаж, долгион үүсээд, энхэл донхол болчихжээ. Нийслэлийн бондын буюу дараа нь татвар төлөгчид буцаан төлөх мөнгийг зам засах нэрээр ингэж үрэн таран хийж буй хэрэг. Тэгэхдээ бүр зүгээр байсан замыг долгионтой болгочихлоо, арай ч дээ.
Гэтэл гүйцэтгэгч “Трүйроад” компанийнхан юу ч болоогүй мэт, хээвнэг “Зам хучих явцад тэгш байдал алдагдаж, долгион үүссэн. Цаг агаар дулаарвал дахин хучих боломжтой” гэв. Дахиад л уг замыг хааж, иргэд түгжирч, бухимдана гэсэн үг. Тус компанийнхан бас “Цаг агаар хүйтэрч, хасах градуст шилжвэл замыг дахин хучих боломжгүй. Ирэх жил л засах боломжтой” гэж нийслэлчүүдийг тавласан байх юм.
Бас нийслэлийн Засаг даргын шинэхэн орлогч Т.Даваадалай, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар газар дээр нь очиж шалгах нэрээр сүржигнэсэн ч байна. Гэвч тэд очлоо гээд зам засагдахгүй нь ойлгомжтой. Б.Одбаяр бас л гүйцэтгэгч компанийн төлөөллийн адил “Шөнийн цагаар авто зам засах үед цас орсноос тэгш байдал алдагдсан” гэж цаг агаарт бурууг тохохыг оролджээ. Т.Даваадалай “Хасах хэмд авто зам хучих боломжгүй тул төслүүдийг түр зогсооё. Дулааны улиралд үргэлжлүүлье” гэжээ.
Анхнаасаа ажлаа тооцоотой судалгаатай эхлүүлж, ядаж цаг агаарын мэдээгээ ч урьдчилаад харчхаагүй хүмүүс татвар төлөгч та, бидний мөнгөөр ингэж л “тоглоод” байна.
М.ОЧ