-Цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын зориулалтаар Толгойт голын хамгаалалтын бүсэд 0.13 га газар олгожээ-
Агаар, орчны бохирдол, доройтол туйлдаа хүрсэн өнөөгийн Улаанбаатарт ус, мод шиг үнэ цэнтэй зүйл үгүй. Гол, горхио хамгаалах, нэг ч болтугай мод, бут тарьж, ургуулах нь байгаль хамгаалалд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт, орчны бохирдлын эсрэг хэрэгжүүлж байгаа үр дүнтэй ажил юм. Тиймээс байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагынхнаас эхлээд шат шатны газар, агентлагийнхан нийслэлчүүдийг гол, горхи, булаг шандаа хайрлан хамгаалж, голдирол, татамд нь халдахгүй, байгалийнхаа аясаар урсах, сэргэх боломжийг нь хаахгүй байхыг уриалах болсон. Ялангуяа агаар, орчны бохирдлын голомтот бүсэд аж төрдөг гэр хорооллын иргэдэд хашаандаа мод, сөөг тарьж, ойр орчмоо ногооруулан, булаг шанд, гол, горхины эх, урсцыг хамгаалах замаар амьдрах орчноо сайжруулахыг “зөвлөх” нь олонтоо. Гэтэл ингэж уриа лоозон дэвшүүлж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчилдаг хүмүүс хэлсэн ярьсныхаа эсрэг шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан тохиолдол цөөнгүй. Яг энэ алдааг давтах эрсдэлд ойр, гэр хорооллын зарим бүсийн айл өрхүүдэд төвөг чирэгдэл учруулаад буй гэх нэгэн жишээг энд дурдъя.
Зөрчил, маргааны эх үүсвэр ингэж тавигдав
Нийслэлийн ЗДТГ-ынхан Улаанбаатар хотын хөрс, ус, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын зарим хэсгийн айлуудын бохирыг цуглуулж, цэвэрлэх зориулалттай байгууламж барихаар 2022 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, нэгэн төсөлд зориулж өөрсдийнхөө нэр дээр газар авчээ. Гэтэл өнөөх газар нь үер, усны эрсдэлтэй бүсэд таарч. Ингээд нийслэлийн Засаг дарга (тухайн үед Х.Нямбаатар ажлаа хүлээж аваад удаагүй байв) 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн А/217 дугаар захирамжаараа Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг, Монлаагийн-8 гудамжид, 27б тоотын баруун талд 0.13 га буюу 1300 ам метр газрыг ийм зориулалтаар олгожээ. Газрынх нь байршлыг өөрчилсөн гэсэн үг. Үүнээс сар гаруйн дараа нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлага буюу Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ц.Тулга эл захирамжийг үндэслэн, цэвэрлэх байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байна. Энэ баримт бичгийн “Барилга, байгууламжийн нэр, зориулалт, хүчин чадал” гэсэн хэсэгт “Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА). Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн барилга” гэжээ. Ийм зориулалттай барилга, байгууламжийг эдгээр газраас бариулахаар төлөвлөсөн гэж ойлгож болно.
Тухайн бүсэд оршин суудаг иргэд энэ талаар бүрэн гүйцэд мэдээлэлгүй, ажиг сураггүй байж байтал энэ оны зургаадугаар сараас эхлээд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэдэн хүн төмөр хашаа татаад эхэлж. Гэрийнх нь ойролцоо гэнэт л газар шорооны ажил өрнөж эхэлсэнд гайхаж балмагдсан хүмүүс чухам юу болоод буйг энэ үеэс судалж эхэлснээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай, “Улаанбаатар хотын гэр хорооллын зарим хэсгийн ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх төсөл”-ийн хүрээнд нийслэлээс цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын зориулалттай барилга барихаар болсныг мэдэв. Тухайн бүсэд оршин суудаг иргэд, төслийн гүйцэтгэгч, хэрэгжүүлэгчдийн дунд энэ цаг үеэс зөрчил, үл ойлголцол эхэлсэн байна.
Эсэргүүцэж, заргалдах шалтгаан
Сонгинохайрхан дүүргийн 40 төдийгүй 41 дүгээр хорооныхон энэ ажлыг эсэргүүцэж буй. Гэхдээ тэд уг төслийг үгүйсгээгүй, харин тохиромжгүй бүсэд, хууль зөрчин газар олгосон шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Тэндхийн оршин суугчдын хэлж буйгаар бол цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын зориулалтаар нийслэлийн ЗДТГ-т 15 жилийн хугацаатай олгосон тус газар нь Толгойт голын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа гэнэ. Түүнчлэн дээрх хоёр хорооны иргэдийн өдөр тутам зорчдог холбоос замд, нийслэлийн ерөнхий боловсролын 124, 168 дугаар сургуулиас хэдхэн алхмын зайтай аж. Хэрэв энд цэвэрлэх байгууламж баривал Толгойт голын экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж тэр хэрээр хумигдана хэмээн оршин суугчид үзэж байна. Түүнчлэн сурагчид сургуульдаа саадгүй очих боломжгүйд хүрнэ, иргэд ч зорчих аргагүй болно хэмээсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн 40, 41 дүгээр хорооны иргэд өнгөрсөн зургаадугаар сараас хойш энэ асуудлаар хөлөө хүрэх газартаа явж заргалджээ. Нийт 400 гаруй иргэн байр суурь, гарын үсгээ нэгтгэсэн аж. Тэд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төв, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, ИТХ, Газар зохион байгуулалтын алба, Туул голын сав газрын захиргаа гээд холбогдох бүх байгууллагад хандаж, санал гомдол, хүсэлтээ албан бичгээр илгээсэн байна. Тэдний хамгийн гол зорилго нь тооцоо судалгаагүй, хууль бус шийдвэрийг цуцлуулж, хүрээлэн буй орчноо хамгаалах гэнэ. Харамсалтай нь, Туул голын сав газрын захиргааг эс тооцвол нэр дурдсан байгууллагуудын аль нь ч өнөөдрийг болтол тэдэнд албан ёсны, дорвитой хариу өгөөгүй аж. Нэг байгууллага, албан тушаалтанд хандахад өөр газар, мэргэжилтэн рүү чиглүүлж, албан бичиг илгээх аядаад, асуудлыг өөрсдөөсөө бултуулсаар иржээ.
Хууль бус шийдвэр гаргасныг нь бататгав
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг, Монлаагийн-8 гудамжид цэвэрлэх байгууламж барих зориулалтаар газар олгохдоо хууль зөрчсөн гэдгийг зөвхөн тэндхийн оршин суугчид ч биш, холбогдох байгууллагынхан нь хүртэл хянаж тогтоожээ. Тодруулбал, Туул голын сав газрын захиргааныхан иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр тухайн бүсэд ажиллаад, ингэж дүгнэсэн аж. Тус газраас нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Газрын албанд энэ оны наймдугаар сарын 20-нд илгээсэн, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж ажиллах тухай хүсэлтэд “Толгойт голын онцгой хамгаалалтын бүсэд гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонгийн өтгөнийг соруулж, дахин боловсруулах бохирын үйлдвэр барихаар 2024 оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс хашаа, хамгаалалт босгож байхад хорооны оршин суугчид зогсоолоо” гэсэн гомдол, мэдээллийн дагуу газар дээр нь очиж шалгахад булгийн эхэнд буюу Толгойт голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд хашаа барьж, тухайн хорооны иргэд эсэргүүцэл илэрхийлж, түр зогсоосон байдалтай байна” гэж дурджээ. Энэ нь манай улсын Усны тухай хууль, Усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд мөрдөх дэглэмийг зөрчсөн гэдгийг тус албан бичигт тодотгож, мөн Толгойт гол орчмын суурьшлын бүсийн өнөөгийн нөхцөл байдлыг дурдаад, “Иймд дээр дурдсан хууль, холбогдох дүрэм журмын зохицуулалтыг үндэслэл болгон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж, газар ашиглах эрхийг цуцлуулах, өөр байршилд олгох зэргээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсье” гэжээ. Нийслэлийнхэн голын хамгаалалтын бүсэд хууль, журам зөрчин газар олгосны хөдөлшгүй баримт нь энэ юм. Даанч үүнийг хүлээж авсан байгууллагын албан тушаалтнууд шийдвэрлэсэн зүйлгүй, дүлий дүмбэ царайлсаар өдий хүрэв.
Сонгуулийн өмнөх дүр эсгэсэн “халамж”
Нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнууд парламентын болон орон нутгийн сонгуулийн өмнө 40, 41 дүгээр хорооны оршин суугчдын тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэхэд анхаарч буй мэт дүр эсгээд, бусад үед нь үл ойшоожээ. Хотын дарга Х.Нямбаатар хүртэл УИХ-ын сонгуулийн өмнөхөн тухайн бүсэд ажиллахдаа “Энд тойргуудыг холбосон зам тавина. 168 дугаар сургууль орчмыг эко бүс болгоно” гэж сайн сайхан зүйл ярьсан ч үүнээс нь хэдхэн хоногийн дараа буюу санал хураалт болсноос хойш төслийн хүмүүс ажлаа эхлүүлэхээр талбайд очсон гэнэ. Сүүлд орон нутгийн сонгуулийн өмнө тус хорооны Засаг дарга эл асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, хариу авснаа оршин суугчдад “сайрхан” харуулжээ. Түүнд нь “Иргэдээс гаргасан санал, гомдлыг судлан үзээд эзэмшүүлсэн газрын байршлыг шилжүүлэхээр нийслэлийн 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт, өөрчлөлтийн 3.1 дэх “Барилга, байгууламжийн газрыг чөлөөлөх” бүлгийн 3.1.5-д тусган, нийслэлийн ИТХ-ын есдүгээр сарын 24-ний өдрийн ээлжит XXIII хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулаад байна” гэжээ. Гэвч үүнийг иргэдэд албан ёсоор танилцуулж, мэдээлээгүй бөгөөд фэйсбүүк дэх бүлгэмд байршуулаад л орхисон гэнэ. Тиймээс оршин суугчид үүнийг сонгуульд зориулсан “жүжиг” гэж хардаж байгаагаа хэлсэн юм.
Тус хорооны оршин суугч “Холбогдох байгууллагуудад хандах тоолонд “Зөвшөөрлийг нь цуцалъя”, “Байршлыг нь өөрчилье” гэж бие бие рүүгээ тушаал, чиглэл өгөөд л сарниулчихдаг. Төрийн байгууллагынхан иргэдээ ер сонсдоггүй, тоодоггүй, хүн гэж үздэггүй юм байна. Бид тус тусын ажил, амьдралтай ч хүрээлэн буй орчноо хамгаалахын төлөө өнгөрсөн хугацаанд багагүй цаг гарган хөөцөлдлөө. Албан ёсны хариу авч чадаагүй. Төслийн гүйцэтгэгчидтэй хэд хэдэн удаа нүүр тулж, бараг зодолдохдоо хүрсэн. Эцэс сүүлдээ “Ер нь энэ бүгд биднээс болсон биш, муудалцаад яах вэ” гээд ойлголцсон. Шийдвэр гаргасан хүмүүс л буруутай. Одоогоор төмөр хашаа босгоод орхичихсон, харзнасан байдалтай байгаа. Төслийн гүйцэтгэгчид нь “Яаж байна, сураг чимээ байна уу”, “Газрыг нь өөрчилсөн үү” гээд биднээс асууж, чих тавьдаг” гэв.
Шав тавих нь л чухал
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд цэвэрлэх байгууламж бариулахаар олгосон газарт өнгөрсөн сарын 23-нд нэгэн онцгой үйл явдал болжээ. Тэр нь цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол юм. Энэ үйл ажиллагааг оршин суугчид эсэргүүцэх нь тодорхой байсан тул зохион байгуулагчид нь “Өчнөөн жил хойшилсон төсөл учраас шавыг нь яаж ийгээд тавихгүй бол болохгүй. Газар нь асуудалтай гээд хойшлуулчихвал Солонгосын тал төслөө зогсоочихож мэднэ, дургүйцнэ. Нээлтээ хийгээд, шаваа тавьчхаад, дараа нь байршлыг нь өөрчлөөд, зөвшөөрлийг нь цуцалъя. Та нар үнэхээр сайн судалсан юм байна. Яалт ч үгүй, шаардлага хангахгүй газар сонгочхож” хэмээн гуйх, тайлбарлахын завсарт учирласаар санаснаа хэрэгжүүлжээ. Уг арга хэмжээнд нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ШУА, БНСУ-ын Байгаль орчны яамны болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцсон аж.
“Улаанбаатар хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх” нэртэй болж өөрчлөгдсөн уг төслийн хүрээнд байгуулах цэвэрлэх байгууламжийн ажилд нийслэлийнхнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ШУА зэрэг байгаль орчны болон судалгаа шинжилгээний төв байгууллагынхан хамааралтай байгаа нь оршин суугчдыг гайхшируулжээ. Тэдний нэг нь “Энэ их бохирдолтой хотод орчны доройтлыг бууруулах, тэр тусмаа гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлэх нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ аль бүсэд, юу хийх вэ гэдгээ сайтар судлан, тооцоолж, төлөвлөх ёстой. Бид энэ төслийг биш, үүний хүрээнд гаргасан хууль бус шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Энд цэвэрлэх байгууламж барих ямар ч орчин нөхцөл байхгүй, боломжгүй. Усны тухай болон өөр олон хууль тогтоомжтой ч зөрчилдөж байгаа” гэсэн юм.
Төрийн байгууллагынхны ухвар мөчид, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэр иргэдэд хэрхэн төвөг чирэгдэл учруулдгийг энэ жишээ харуулж байна. Мөн нийслэл хотын өнөөгийн удирдлагууд, газрын харилцааны асуудал хариуцсан байгууллагынхан хуулийг хэрхэн гууль болгодгийг нотлох баримтуудыг иргэд дэлгэв. Орчны бохирдлыг бууруулах, нүхэн жорлонгийн тоог цөөлөх, хэрэглээнээс халах шаардлага нийслэлчүүдийн өмнө тулгараад буй ч оршин суугчдын эрх, голын хамгаалалтын бүсэд халдаж, хууль, журам зөрчин байж хэрэгжүүлтлээ хөл, толгойгоо алдчихаагүйг хотын удирдлагууд эрхбиш гадарладаг байлтай. Хууль зөрчин олгосон газрын байршлыг өөрчлөхөөр холбогдох төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсан гэх тайлбарыг Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргад хүргүүлсэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхнаас өчигдөр энэ талаар тодруулахад “Та хүсэлтээ албан бичгээр өгнө үү” гэсэн юм. Өнгөрсөн хугацаанд иргэдээс илгээсэн албан бичигт албан ёсны, шууд хариу өгөөгүй тэд сэтгүүлчийнхэд хэрхэх бол.