Москвагийн олон улсын хөгжмийн ордон болон Европын “Opera globe artist” менежментийн агентлагийнхан хамтран “Grand stage awards” буюу мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдааныг ОХУ-д саяхан зохион байгууллаа. Олон улсын нэр хүндтэй энэхүү уралдаанд манай улсаас ДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа оролцон тэргүүн байр эзэлж, Ж.Россинийн нэрэмжит тусгай шагналын эзэн болсон. Түүнчлэн тэрбээр алдарт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын “Орфей” VI уралдааны 26-35 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн чадварлаг, залуу уран бүтээлч юм.
-“Grand stage awards” мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдаан ОХУ-ын Москва хотод боллоо. Энэ уралдаанд та улсаа төлөөлөн оролцож, тэргүүн байр эзэлсэн шүү дээ. Мөн Ж.Россинийн нэрэмжит тусгай шагналын эзэн болсон. Шагнал авах үеийн мэдрэмж ямар байв?
-Маш сайхан байсан. Дуулж дуусаад дүнгээ сонсох мэдрэмж хамгийн айдастай, сандрал дүүрэн хэрнээ аз жаргалтай мөч байлаа.
-Уралдаанд хэдэн улсын уран бүтээлч оролцсон бэ?
-Эл уралдааныг гурван үе шаттайгаар зохион байгуулсан. Эхний шалгаруулалтад АНУ, БНХАУ, БНСУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армени, Гүрж, ХБНГУ, Австри, Грек, Израил болон Словени зэрэг дуурийн урлагийн чансаа өндөр 15 орны мэргэжлийн 179 дуучин өрсөлдсөн юм. Шүүгчдийн бүрэлдэхүүн үүнээс 50 оролцогчийг хоёрдугаар шатанд шалгаруулсан. Сүүлийн шатанд Монгол, ОХУ, Армени, ХБНГУ-ын шилдэг 20 дуучин тунасан.
-Эл уралдаанд та ямар бүтээлүүдээр оролцов?
-Ж.Россини, Г.Доницетти, Ж.Массне, Г.Ф.Хендэл зэрэг хөгжмийн зохиолчийн бүтээлүүдээс дууллаа.
-Та олон улсын цөөнгүй уралдаанд оролцож амжилт гаргасан уран бүтээлч шүү дээ. Ер нь ямар ч уралдаанд амжилттай оролцоход бэлтгэл сургуулилалт чухал байх. Бэлтгэлээ хэрхэн хийдэг талаараа сонирхуулахгүй юу?
-СУИС-ийн хүндэт профессор, Дуулаачийн тэнхимийн эрхлэгч Т.Энхтуул багшийнхаа дэмжлэгтэйгээр өглөө болгон бэлтгэл хийдэг юм. Заримдаа багшдаа загнуулж зэмлүүлээд л давтдаг. Ер нь бэлтгэл сургуулилалт хамгийн чухал нь. Өдөр бүр бэлтгэл хийдэг минь хэдийн дадал болчихсон.
-Урлагийн хүн болоход тань хэн нэгэн нөлөөлсөн үү. Яагаад урлагийн хүний амьдралыг сонгох болсон бэ?
-Хамгийн анх Орхон аймгийн Соёлын ордны “Авьяас билэг” сургалтын төвийн багш Л.Энхсайханаар шалгуулж байлаа. Багш маань тухайн үед “Чи том биетэй, бас баритон хоолойтой юм байна. Дуурийн дуучин болох хэрэгтэй” гэсэн. Тэгээд л СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсүүлэхээр намайг бэлдэж эхэлсэн дээ. Үүний ачаар л Гавьяат багш Ц.Ерөө болон Д.Эрдэнэчимэг нарын ангид элсэн орсон.
-Хамгийн анх ямар дүр бүтээж байв?
-Ж.Пуччинийн “Богема” дуурийн Бенуа гэх байрны эзэн хөгшний дүрийг анх бүтээж байлаа. Тухайн үед дэлхийн болон үндэсний сонгодог хэд хэдэн дуурийн туслах дүрд дуулсан байдаг.
-Дуурийн дуучин уран бүтээлүүдээ бусдад хүргэхэд юу хамгийн чухал вэ?
-Уран бүтээлч хүн тухайн дуурийг зохиогч нь анх хэрхэн бичсэн байна, түүгээр нь л дуулж олны хүртээл болгох хэрэгтэй гэж боддог. Тухайлбал, ноот, тэмдгийг нь ч орхигдуулах ёсгүй. Түүнчлэн маркетинг, менежмент сайн байх хэрэгтэй. Дэлхийн сор болсон олон уран бүтээл бий. Тэдгээрийг орчин үедээ тааруулан дуулбал олон нийтэд илүүтэй хүрнэ гэж боддог юм.
-Урлагийн хүн ямар байх ёстой гэж боддог вэ. Тэр дундаа дуурийн дуучин хүн хэр түвшний мэдлэг, мэдрэмжтэй байх хэрэгтэй бол. Өөртөө тавьдаг ямар нэг шаардлага бий юү?
-Дуурийн дуучин эрхэмсэг байх хэрэгтэй. Соёлтой, биеэ зөв авч явдаг байхыг илүүтэй эрмэлздэг.
-ДБЭТ-т дуучнаар ажиллана гэдэг хэр баргийн уран бүтээлчийн давах босго биш гэдэг. Театртайгаа амьдралаа хэрхэн холбож байв?
-2017 онд гуравдугаар курсийн оюутан байхдаа ДБЭТ-т найрал дуучнаар ажиллаж эхэлсэн. Дуурийн театрт ажиллана гэдэг их том хувь тохиол гэж манай ах, эгч, багш нар минь хэлдэг. Би ч бас тэгж бэлгэшээдэг юм.
-Мэргэжлийн урлагийн байгууллагынхны цалин хангамж муу гэдэг. Залуу хүний хүсэл тэмүүллээр театрынхаа хөгжлийн төлөө авьяас, чадвараа зориулан ажиллахад бэрхшээлтэй санагддаг зүйл бий юү?
-Ер нь мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлч, театрынхан гэдэг нь тухайн улсын иргэдийг соён гэгээрүүлдэг хүмүүс шүү дээ. Дэлхийн сор болсон бүтээлүүдийг дуулж, жүжиглэдэг. Тэр ч утгаараа ойлгох хүн ховор юм шиг санагддаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд балет, дуурь сонирхох үзэгчийн тоо нэмэгдсээр байгаа. Танхим дүүрэн үзэгчтэй байдаг болсон. Өнгөрсөн жилүүдэд манай театрынхан болон мэргэжлийн урлагийн байгууллагын ажилтнууд тэмцэж байж цалингаа тодорхой хэмжээнд нэмүүлсэн. Уг нь цалин хангамж нэмэгдвэл уран бүтээлийн чанар чансаа ч дагаад сайжирч, залуучуудад дэм болно шүү дээ. Миний хувьд бүх зүйлээ төлөвлөж, түүнийхээ дагуу ажилладаг. Тиймээс саад бэрхшээл тулгарч, шантрах үе тохиолдсон ч даваад л гардаг юм. Ажилдаа хайртай учраас жаргаж хийдэг. Дуурь бол ерөөсөө л амьдрах урлаг гэж хэлнэ. Та, бид одоо ярилцаад сууж байгаатай л адилхан шүү дээ. Харилцан яриа, хайр дурлал, өс хонзон зэрэг хүний амьдралын бүхий л мэдрэмж тэнд оршдог.
-Х.Бямбарагчаа дуурийн дуучин болоогүй бол та ямар мэргэжилтэй хүн байх бол?
-Гадаад харилцааны чиглэлээр ажиллах байсан байх.
-Дараагийн уран бүтээл, цаашдын төлөвлөгөө юу байна вэ?
-Ирэх он гартал ажиллах хэд хэдэн дүр бий. Түүнчлэн хувийн уран бүтээлүүддээ төвлөрч ажиллана. Мөн 2026-2017 онд зохион байгуулах олон улсын уралдаануудад оролцож, өөрийгөө сорих зорилго тавьсан.
У.ЦЭЦЭГСҮРЭН