Жил бүрийн аравдугаар сарын 25-ныг Хулан хамгаалах өдөр болгох шийдвэрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас энэ жил гаргасан. Үүний хүрээнд тус яам Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн судлаач, экологичид хамтран эл өдрийг өнгөрсөн баасан гарагт анх удаа тэмдэглэж, олон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгууллаа.
Дэлхий дээрх нийт хулангийн популяцын 80 орчим хувь нь Монгол оронд тархан нутагладаг. Тус амьтан нь өргөн уудам зайд нүүдэллэж амьдардаг онцлогтой. Гэвч мал болон зэрлэг амьтны бэлчээрийн давхцал, байгальд ээлгүй зам, дэд бүтцийн төлөвлөлт зэргээс үүдэн хулангийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн тасрах, тааваараа идээшлэх аргагүй болох эрсдэл сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Өдгөө манай орны 262 мянган ам км газарт 90 мянга орчим хулан идээшлэн амьдарч буй нь тус амьтны тархац нутаг ихээхэн хумигдсаныг илтгэж байгаа гэнэ. Хулангийн сүрэг түүхэн тархац нутгийнхаа 20 орчим хувьд буюу хязгаарлагдмал орон зайд амьдарч буй аж. Тиймээс Хулан хамгаалах өдрийг “Хил хязгааргүй нүүдлийн төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Байгаль, зэрлэг амьтдын нийгэмлэгийнхэн “Монгол орны говь, цөлийн шүхэр зүйл болсон хулан нь бүс нутгийн экологийн бүрэн бүтэн байдал, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй. Харин түүний ач холбогдол, амьдрах орчинд нь тулгарч буй бэрхшээл, өнөөгийн нөхцөл байдлыг нь олон нийтэд сурталчлан таниулахад энэ өдөр чухал нөлөөтэй” гэв.
Ж.СУВДМАА