Монгол Улс хорт хавдрын нийт нас баралтаараа дэлхийд өчнөөн жил “тэргүүлж” буй. Эл үзүүлэлт ерөөс манай хавдрын тусламж, үйлчилгээний өнөөгийн төрх юм. Үнэндээ эмчилгээний арга, техникийн хоцрогдол, тоног төхөөрөмжийн элэгдэл, эм, тарианы чанаргүй, байр савны хүрэлцээгүй байдал зэрэг нь биднийг ийнхүү муугаар цоллуулахад хүргэсэн билээ. Энэ бүхний төлөөсөнд хавдартай өвчтөнүүд л амь, эрүүл мэндээ зольж байгаа нь хамгийн харамсалтай. Гэвч эрх баригчид үүнд огтхон ч эмзэглэдэггүй, тэднийг хүн ч гэж тоодоггүй нь дэндүү харгис гэмээр.
Яагаад ингэж хэлэв гэхээр улсдаа ганцхан байдаг хавдрын эмнэлэг нь хар зах шиг болчхоод байхад өргөтгөж, шинэчлээд өгье гэх сэтгэл өчүүхэн ч алга даа, манай улс төрчдөд. “Хавдрын шинэ эмнэлэг барина” гэж өвдөж туйлдсан түмэн олноор сүүлийн таван жил л тоглолоо. Ичих ч үгүй, энэ удаагийн сонгуулиар ч уг “жүжиг”-ээ шинэчлэн дэглэсэн. Одоо болих юм биш үү, сайд, дарга нараа. Иргэдэд ийм шоу биш, хавдрын жинхэнэ эмнэлэг л бодитоороо хэрэгтэй байна.
“Хавдрын шинэ эмнэлгийн төсөв жил ирэх тусам өсөж байна” гэж 2024 оны улсын төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлж байв. Одоо болтол зураг төсөл нь ч тодорхой болоогүй, цаасан дээрх эмнэлгийн төсөв 2020 оноос хойш нэмэгдсээр ирсэн нь үнэхээр хачирхалтай. Тодруулбал, 2023 оны хавар 90 сая ам.доллароор “босгочихно” гэж байсан эмнэлгийн барилгын өртөг намар нь улсын төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд 178 сая ам.доллар болоод нэмэгдчихсэн нь үлгэр гэлтэй.
Түүгээр ч зогсохгүй 2020 онд буюу анх л хавдрын шинэ эмнэлэгтэй болно хэмээн зураг төслийн сонгон шалгаруулалт зарлахад тендерт нь ялсан компанийнхан 990 гаруй сая төгрөг аваад “алга болчихсон” гэж байгаа. “Хот төлөвлөлтийн хүрээлэн” гэх сүржин нэртэй эл компанийнхан өнгөрсөн хугацаанд Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн барилгын зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулах нэрийдлээр тэрбум орчим төгрөг “идчихээд” ажлаа одоо болтол дуусгаагүй аж. Өнгөрсөн намар бүр эмнэлгийн ТЭЗҮ боловсруулах, зураг төсөл гаргах зардлаа нийтэд нь 3.3 тэрбум төгрөг болгон нэмж, “нэхэмжилсэн” байдаг. Анх өгсөн зургийн даалгавраас барилгын талбайн хэмжээ зөрсөн учраас зураг төсөл дахин боловсруулах мөнгө ийнхүү нэхсэн гэдэг. Уг нь барилгын зураг төслийн тендерийг анх зарлахдаа л зураг төслийн ажлын даалгаврыг зөв өгсөн, өөрчлөөгүй гэж тухайн үеийн салбарын сайд нь мэдэгдээд ч тусыг эс олж. Дээрх компанийнхан ажлаа 3.3 тэрбумаар үнэлж, үлдсэн төсвийг нь шилжүүлэхгүй бол зургийг чинь дуусгаж өгөхгүй гээд “гэдийчихсэн” гэдэг.
Дээрх дампуу байдлаас болж 2024 оны төсөвт хавдрын шинэ барилгын төсвийг олигтой ч суулгаж чадаагүй. 2025 оныход ч дорвитой өөрчлөлт орохгүй нь бололтой. Өнөөх л инээдтэй шалтгаанаар, зураг төсөл байхгүй. Тодруулбал, 2024 оны улсын төсөвт эрүүл мэндийн байгууллагуудын байр савыг өргөтгөх, шинээр барихад 140 тэрбум төгрөг тусгасан байдаг. Гэвч хавдрын шинэ эмнэлгийн барилгын төсвийг үүнд багтаагаагүй. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Хавдрын шинэ эмнэлгийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах тендерт шалгарсан компани тэрбум орчим төгрөг авсан ч зураггүй болохоор барилга барих өртгийг төсөвт суулгах боломжгүй гэсэн. Тиймээс барилгын зураг төсөл боловсруулах зардлын нэмэгдсэн тооцооллыг УИХ-ын дарга, МАН-ын бүлэг судалж, ярилцаад арайхийн 10 тэрбум төгрөг тусгуулахаар болсон” гэж мэдэгдсэн юм.
Хоёр давхар, 240 ортой хүүхдийн цэцэрлэг барьчих хэмжээний мөнгөөр ганцхан эмнэлгийн зураг төсөл боловсруулна гэдэг байж боломгүй. Хугацаа, хариуцлага алдсан “Хот төлөвлөлтийн хүрээлэн”-д арга хэмжээ авах нь байтугай өнгөрсөн хугацаанд эрх баригчид ийнхүү толгойг нь “илж”, аманд нь багтсаар ирсэн нь гайхмаар. Эднийхийг дарга даамлуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байхыг ч үгүйсгэхгүй гэж хардах нь ч аргагүй юм байна.
Өнгөрсөн жил 7244 хүн хорт хавдартай гэж оношлогдсон. 30 мянган хүн өдгөө эмчийн хяналтад, энэ өвчнөөр шаналж буй. Хавдраар оношлогдсон хүмүүсийн 50 хувь нь ч таваас дээш жил наслахгүй байна. Жил бүр 4000, 5000-аараа хорвоогоос буцсаар, нэмж оношлогдсоор яг л чөтгөрийн тойрогт орчихсон гэлтэй. Нөхцөл байдал иймдээ тулчхаад удаж байхад салбарын сайд, төр засгийн түшээд, эрхэм гишүүд цаасан дээр шинэ эмнэлэг “барьж, тоглоод”, түүнийхээ төсвийг хэд дахин үржүүлж, нэхэмжилсэн шигээ суух ч гэж дээ.
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Хавдрын эмнэлгийн орны тоо 600 болж гэмээнэ өнөөгийн хэрэгцээг арайхийн хангана. Туяа эмчилгээний аппарат гэхэд л хамгийн цөөндөө 5-6 байх шаардлагатай. Шинэ байр барихгүй л бол манайх ор, аппарат суурилуулах зай талбай битгий хэл, хүмүүсээ ч шингээж хүчрэхээ больсон. Нэг үеэ бодвол эрт илрүүлгээр хорт хавдрыг “барьж авдаг” болсон ч эмчлэх, хэвтүүлэх эмнэлэг нь хүрэлцээгүйгээс иргэд амиа алдахад хүрч байна” хэмээн учирлан гуйж байсан шүү дээ.
Эмнэлгийн барилгын зураг төслийг боловсруулах, эхний ээлжийн дэд бүтцийг шийд гэж 10 тэрбум төгрөг энэ онд төсөвлөсөн ухаантай. Газар шийдэгдсэн учир дэд бүтцийн ажлыг нь эхлүүлнэ гэж байсан ч ийнхүү он шувтарч байна. Хэд хоногийн өмнөх мэдээллээр барилгын зураг төслийг ч дуусгаагүй хэвээр аж. Хотын дарга Х.Нямбаатар орон нутгийн сонгуулийн өмнөхөн мөн энэ талаар мэдээлсэн. Тэрбээр “Хавдрын шинэ эмнэлэг барих 10 га газрыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан нарын хамтарсан төрийн бус байгууллагынханд өгсөн. Тодруулбал, одоогийн Авто худалдааны төвийн урдах 10 га газрыг төрийн бус байгууллагынх нь нэр лүү шилжүүлсэн гэсэн үг. Сонгинохайрхан уулын бэл, Туул голын эрэг дагуу хавдрын шинэ эмнэлэг барих газрыг аль эрт шийдсэн шүү дээ” гэж попорсон. Ямар амралт, сувилал байгуулах гэж буй биш дээ. Дэлхийд тэргүүлдэг өвчлөлийг бууруулах тухай асуудалд ийн хайнга ханддаг улс төрч олон. Гэсэн ч өнөөх газарт нь бас л хөрсний усны ундарга таарсан гээд байршлыг нь өөрчлөх болсон талаар чих дэлсэв. Өмнө нь бас тус эмнэлгийг Баянзүрх дүүргийн XI хороо буюу “Sky resort”-ын цаана барина гэж байсан ч газраа хувийн хэвшлийнхэнд алдсан хэмээдэг.
Х.Нямбаатар мөн “Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан нар тус эмнэлгийг гадаадын зээл тусламжаар бариулах ажлыг хөөцөлдөж байгаа. Би шугам сүлжээг нь шийдээд өгчихнө” гэж “томорсон” шүү дээ. Эрх баригчдын энэ мэт ичгэвтэр мэдэгдэл, үйлдэл үүгээр дууссангүй.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан зураг төсөл, ТЭЗҮ нь ч бэлэн болоогүй хавдрын шинэ эмнэлгийн талаар гадаадынханд сурталчилж, гуйлга гуйж яваа аж. Тодруулбал, тэрбээр Кувейтийн сангийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахар тэргүүтэй албаны хүмүүсийг энэ сарын 8-нд хүлээн авч уулзсан билээ. Энэ үеэрээ тус сангийнханд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийг буцалтгүй тусламжаар барьж өгсөнд, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлсэн юм. Түүнчлэн салбарын сайд энэхүү уулзалтын хүрээнд Кувейтийн сантай хоёр төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Үүний нэг нь Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг байв. Тэрбээр “Эмнэлэг барих газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгож, зураг төсөл, судалгааны ажил нь хийгдсэн. Гэвч санхүүгийн байдлаас шалтгаалан өнөөг хүртэл барьж чадахгүй байна” гэж улайм цайм хэлсэн. Энэ тухайгаа ч яамныхаа албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна лээ.
Т.Мөнхсайхан “2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл 108 хувиар, нас баралтын тоо хоёр дахин нэмэгдэх судалгааны урьдчилсан дүн гарсан. Тиймээс хавдрын салбар эмнэлэг байгуулах нэн шаардлагатай. Үүнд шаардлагатай санхүүжилтийг Кувейтийн сангийн дэмжлэгээр шийдүүлэх хүсэлтэй байна” гэжээ. Нөгөө нэг төсөл нь ХӨСҮТ-ийн салбар эмнэлгийг байгуулах тухай бөгөөд хоёуланд нь шаардлагатай санхүүжилтийг шийдүүлмээр байна гэж ичих ч үгүй “ширлэсэн” байгаа юм. Нэртэйгээр нь, нийслэлд нэн шаардлагатай хүүхдийн, төрөхийн, хавдрын, халдвартын гээд бүх эмнэлгийг бариад өгөөч гэж тэднээс гуйхгүй дээ.
Бодит нөхцөл байдал нэг иймэрхүү. Ирэх онд хавдрын эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ гэх ч хэчнээн төгрөг зарцуулах нь ч үнэндээ тодорхойгүй, газар нь ч баттай шийдэгдсэн зүйлгүй л байна.