АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн Зүү төөнө заслын тэнхимийн багш, зүү эмчилгээ судлалын ахлах зэргийн эмч, анагаах ухааны доктор У.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр “Стрессийн шалтгаант эмгэгийн үед шар тос хэрэглэх боломж болон зүү эмчилгээний үр дүн” бүтээлээрээ саяхан докторын зэрэг хамгаалаад буй юм.
-Анагаах ухааны докторын зэргээ амжилттай хамгаалсанд баяр хүргэе. Энэхүү сэдвийг хэзээнээс сонирхон судлах болов?
-Баярлалаа. Зүү төөнө заслын чиглэлээр БНХАУ-ын Гуанжоугийн Хятадын анагаах ухааны их сургуульд магистрын зэрэг хамгаалж, 10 гаруй жил мэргэжлээрээ ажиллахдаа энэхүү сэдвийг судалсан. 2020 онд АШУҮИС-ийн докторантурын ангид элссэнээр судалгааны ажлаа бичиж эхэлсэн дээ. Монголын уламжлалт анагаах ухаанд өнө удаан хэрэглэж ирсэн идээ ундааны зүйл болох шар тосны үнэт чанар, ач тусыг тодруулах судалгаа хийе гэж Зүү төөнө заслын тэнхимийн эрхлэгч В.Энхтуяа багштайгаа ярилцаад, 2021 онд ЮНЕСКО-гоос зарласан Торгоны замын залуу судлаачдын судалгааны тэтгэлгийн шалгаруулалтад дээр дурдсан санаагаа төсөл болгож илгээсэн. Уг төслөөрөө Торгоны замын залуу судлаачдын судалгааны тэтгэлгийн шилдэг 12 судлаачийн нэгээр шалгарсан юм. Олон улсын 800 орчим судлаач материалаа ирүүлснээс шилдэг 12-ыг шалгаруулсан нь энэ л дээ. Хөтөлбөрийн хүрээнд Торгоны зам дагуух нүүдэлчин соёлтой улс орнуудын нийтлэг соёлын өв, цагаан идээний зүйл шар тосны хэрэглээ” сэдэвт төсөлт ажлыг таван орны судлаач нартай хамтарч гүйцэтгэсэн. Судалгааныхаа үр дүнг энэ онд ЮНЕСКО-гийн цахим номын санд “Silk roads papers, 1st edition” нэртэйгээр байршууллаа. Хүн бүр үүнтэй танилцах боломжтой.
-Хэчнээн улсаас дээж цуглуулсан бэ. Улс орон бүрд шар тосны хэрэглээ, боловсруулалт ялгаатай байдаг уу?
-Торгоны зам дагуух Монгол, Украин, Казахстан, Киргиз, Турк, Энэтхэг, Пакистан зэрэг улсаас дээж цуглуулсан. Манай багийн судалгааны онцлог гэвэл Торгоны зам дагуух олон орноос дээж цуглуулаад, ялгааг тодруулсан нь гэж хэлж болно. Бид уламжлалт аргаар гаргаж авсан шар тосны дээжүүдийг тухайн орны малчдаас цуглуулахыг зорьсон юм. Шар тос боловсруулах арга нь ерөнхийдөө төстэй боловч тухайн улс орны онцлогоос хамаараад бага зэргийн ялгаа байсан.
-Та өмнө нь шар тос боловсруулах техникийг ч судалж байсан юм билээ. Зөвхөн хэрэглээ талаас нь бус, боловсруулалтын шатанд ч анхаарах болсон шалтгаан нь юу вэ?
-Цуглуулсан дээжүүдийг янз бүрийн аргаар боловсруулсан байсан. Монголчуудын хувьд дулаан-механик үйлчлэл буюу бидний хэлдгээр сүү хөөрүүлж, өрөм тогтоох аргаар шар тос гаргаж авсан байгаа юм. Гэтэл ингэний сүү болон гүүний саамнаас дулаан-механикийн биш, исэлдэлтийн аргаар тос гаргаж авдаг. Эдгээр нь өөр технологитой учраас үйл явцыг эхнээс нь судлаад, нарийн тайлбарлах шаардлагатай болсон.
-Эхний таамгаа үр дүнгээрээ баталж чадсан уу?
-Шар тос нь сүүний боловсруулалтын дүнд бүтсэн хамгийн эцсийн шатны бүтээгдэхүүн. Иймээс тослогийн агууламж маш өндөр. Монголын уламжлалт анагаах ухаанд шинэ шар тос нь биеийг хүчжүүлэх, ширүүн чадлаараа өнгө, хүч, илчийг үүсгэх, суулгахыг зогсоох, хий, шар, хошногоны гүвдрүү, уушгины архаг өвчин, ам мурийх, цэрийг арилгах үйлдэлтэй. Харин нэг жилээс дээш хугацаанд хадгалсан хуучин шар тос нь амт шингээлт нь гошуун, хүнд тослог чадалтай учир солиорох, умартах, мэдээ алдах, манарахыг, хуучин шархыг анагаах болон нас уртасгадаг гэж үздэг. Ийм нөлөө үзүүлээд буйн шалтгаан тосны хүчлийн бүрэлдэхүүндээ байна уу гэсэн таамаглал анх дэвшүүлсэн. Судалгааны үр дүн ч маш сонирхолтой гарлаа. Шар тосны үнэт чанарын судалгаа өмнө нь хийж байсан Технологийн дээд сургуулийн доктор, профессор Ч.Нарангэрэлтэй уулзаж, зөвлөгөө авсан.
-Гадаадын эрдэмтэдтэй хамтарснаар судалгааны хүрээ ч илүү өргөжсөн байх?
-Торгоны зам дагуух нүүдэлчин соёлтой улс орнуудын малчдаас авсан шар тосны дээжийг багажит шинжилгээний аргаар буюу лабораторийн орчинд шинжилж, химийн найрлага, түүнд агуулагдах эрдэс, аминдэмийг тодорхойлсон. Цаашлаад Монгол, Пакистан, Киргиз, Энэтхэг улсын нийт 800 гаруй иргэнээс шар тосны хэрэглээнийх нь талаар асуумж авч, үр дүнг нь харьцуулан судалсан. Уг асуумжаар шар тосны хэрэглээ амьдралын чанарт хэрхэн нөлөөлж буйг ч тодруулан судлахыг зорьсон юм. Мөн тухайн оронд уламжлалт эмчилгээний аргуудад шар тосыг манайх шиг хий, солиорох, умартах зэрэг өвчний үед хэрэглэдэг, эсэхийг тодруулж, олон улсын судлаач нартай хамтран сэтгэцийн эрүүл мэндийн сүүлийн 30 жилийн үзүүлэлттэй харьцуулсан.
-Шар тосыг хоол унд болон бариа засалд ч өргөнөөр ашигладаг шүү дээ. Аль аргаар нь ашиглавал өгөөжтэй байдаг юм бол?
-Шар тосонд ханасан, ханаагүй тосны хүчил агуулагддаг. Тохируулж хэрэглэвэл биеийн эрүүл мэндэд тустай боловч хэтрүүлбэл өвчин үүсгэнэ. Тиймээс өдөрт 5-10 граммаар хүнсэндээ хэрэглэхэд хангалттай. Дөрвөн орны 800 гаруй хүнээс шар тосны хэрэглээний талаарх 22 асуулттай асуумж авахад сонирхолтой үр дүн гарсан. Тухайлбал, энэтхэгчүүд шар тосыг өдөр тутамдаа хэрэглэдэг. Ингэхдээ хоолоо шарж хуурахад түгээмэл ашигладаг. Харин Монголчууд цайнд, эмчилгээнд түлхүү хэрэглэдэг гэж хариулсан шүү.
-Зүү эмчилгээг шар тостой хослуулан хийхэд ямар үр дүн гарна гэж үзэв?
-Стрессийн шалтгаант, стрессийн суурьтай эмгэгүүд даамжирвал, архагшуулаад байвал тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа бүхий өвчин үүсгэдэг. Тодорхой бус байрлалтай, тодорхойгүй шинжтэй, бие махбодын өвөрмөц бус, олон зовуурь шаналгаа илэрдэг. Эмнэл зүйн үзлэг шинжилгээгээр өөрчлөлт ажиглагдахгүй хэрнээ сэтгэл түгшүүр, гутрал, нойрны эмгэг хавсран илэрдэг онцлогтой. Энэ эмгэгт сэтгэл гутралын үеийн эм, танин мэдэхүйн төрөх үйлийн эмчилгээг сэтгэл засалч эмч нар хийдэг. Уг эмгэг илэрсэн хүмүүс ихэвчлэн уламжлалт анагаах ухааны эмчид ханддаг. Тиймээс стрессийн үед шар тос хэрэглэх боломжийг судалж, ийм шалтгаант эмгэгийн үед зүү эмчилгээ хийж, зовуурь шаналгааг багасгах бололцоог эрэлхийлэн судаллаа.
-Шар тосны хэрэглээгээр энэтхэгчүүд тэргүүлж буй тухай та дурдлаа шүү дээ. Энэхүү бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэдэг хүний эрүүл мэндэд ямар эерэг үр дүн гардаг вэ?
-1999-2019 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд Монгол, Киргиз, Энэтхэг, Пакистан зэрэг шар тосны өндөр хэрэглээтэй орны хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн үзүүлэлтийг бусад улсынхтай харьцуулахад сайн гарсан нь сонирхолтой. Ийм завгүй нийгэмд хүн бүр л шахам стресстэй байна шүү дээ. Гэхдээ шар тосонд агуулагдаж буй бодисууд ашигтай боловч их хэмжээгээр хэрэглэвэл биед сөргөөр нөлөөлж, зүрх, судасны өвчин үүсгэх эрсдэлтэй.
-Удаан хугацаанд хадгалах тусам л шар тосны ашиг тус нэмэгддэг байх нь ээ?
-Баянхонгор аймгийн Чулуут сумын малчин гэр бүлээс дөрвөн жил хадгалсан шар тосны дээж авсан. Харин орчин үед хүмүүс ингэж удаан хугацаагаар хадгалахаа больсон байна. Тухайн айл шар тосоо үйсэн саванд хийгээд, гэрийнхээ нэг буланд сэрүүн газарт хадгалсан гэж бидэнд өгсөн л дөө. Шинжлээд үзэхэд гүүний болон ингэний сүүний гаралтай тосонд агуулагддаг урт гинжит тосны хүчил дөрвөн жил хадгалсан үхрийн шар тосноос илэрсэн. Ялангуяа бодисын солилцоог дэмжих, урт наслуулах, дархлаа дэмжих, элэг хамгаалах, алцхаймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй тоснууд илэрсэн нь олзуурхууштай.
-Энэ чиглэлийн судалгааг Монголд урьд нь хийж байгаагүй гэхэд хилсдэхгүй байх. Харин олон улсад энэ талаарх судалгааг хэр түгээмэл хийдэг бол?
-Өмнө нь Д.Самбуудорж, Ч.Нарангэрэл нарын судлаач монгол үхэр, сарлагийн шар тосыг харьцуулан судалж байсан юм билээ. Арга зүйгээ сайн боловсруулж, үр дүн гаргахын тулд сэдэвтэйгээ холбоотой бусад судалгааг уншиж харах хэрэгтэй болдог. Бидэн шиг гадаадын эрдэмтэдтэй хамтран, олон төрлийн тосны дээжүүдийг харьцуулан, химийн найрлагыг тодруулсан судалгаа мэдээлэл байгаагүй.
-Судалгааны үр дүнгээ анагаах ухаанд ашиглах хэмжээнд хүртэл хөгжүүлэх бодол бий юү?
-Үүнээс улбаалаад 10 гаруй судалгаа хийх боломжтой, анхаарал татахуйц үр дүн гарсан л даа. Шар тос ууснаар хүний биед ямар үйлчилгээ үзүүлэх, зүү төөнүүр хийхдээ хэрэглэхэд яаж нөлөөлөх гэх мэтээр нарийвчлан судална.
-Шар тосны судалгааныхаа үр дүнг дотоодод болон олон улсын хэмжээний хуралд хуваалцаж байсан уу?
-“Торгоны зам дагуух нүүдэлчин соёлтой улс орнуудын нийтлэг соёлын өв, цагаан идээний зүйл шар тосны хэрэглээ” төсөлт судалгааны ажын үр дүнг 2022 онд ЮНЕСКО-гийн “Scientific exchanges along the silk roads” нэртэй олон улсын симпозиумд хэлэлцүүлж байсан. Үүний дараахан Францын нийслэл Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд зохион байгуулсан “Silk roads programme”-ын 35 жилийн ойд зориулсан хуралд шилдэг 12 судлаач үр дүнгээ танилцуулсан нь олон хүнд хүрсэн.
-Олон улсын хэмжээний хурал, хэлэлцүүлгийн үеэр судалгааныхаа үр дүнгээс хуваалцахад анагаах ухааны салбарынхан нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Ихэд сонирхож хүлээж авсан шүү. ХБНГУ-д хийлгэсэн шар тосны судалгааны эрдэм шинжилгээний өгүүллийг багтайгаа хамтраад “Journal of food composition and analysis” сэтгүүлд хэвлүүлсэн. Үүнд дээжүүдийн хоорондох ялгаа бүхий онцлогуудыг оруулсан юм. Үүнийг харсан судлаач нар “Монгол судлаач дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдөхүйц эрдэм шинжилгээний өгүүлэл гаргачихлаа” гээд сонирхоод дэмжиж байлаа.
-Та бүхэн судалгааныхаа үр дүнд үндэслэн өөр ямар ажлууд хийв?
-Стрессийн шалтгаант эмгэгээ эмчлүүлэхгүй удвал тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаатай болдог гэж өмнө хэлсэн шүү дээ. Гэтэл ийм өвчнөөр өвдсөн хүмүүс сэтгэцийн эмч нарт үзүүлэх ёстой гэж боддоггүй. Улам л ужгируулж, шаардлагагүй шинжилгээ, оношилгоо хийлгэж, сэтгэл зүйн хямралд өртөн, үр дүнгүй зардал гаргасаар байдаг. Харин бид стрессийн шалтгаант эмгэг үүссэн, эсэхийг маш богино хугацаанд илрүүлэх 90 асуулттай шинж тэмдгийн хяналтын хуудсыг Монголд орчуулан нутагшууллаа. Энэ нь зонхилон тохиолдох 10 төрлийн сэтгэцийн эмгэгийг асуумжийн аргаар илрүүлэх боломжтой. Одоогоор испани, хятад, франц, украин зэрэг хэлээр орчуулан ашиглаж буй. Үүнийг олон улсад сэтгэцийн эмгэгийг илрүүлэх, оношлох, судалгаа шинжилгээний үр дүнг судлаачид хянах зорилгоор түгээмэл ашигладаг юм. Бид уг асуумжийг олон улсын стандартын дагуу таван үе шаттайгаар орчуулан, сэтгэл засалч эмч, орчуулагч нар, судалгааны багийхантай хамтран боловсруулсан. Хүчин төгөлдөр байдлыг хянахын тулд түүврийн аргаар 1000 гаруй хүн, стрессийн шалтгаант эмгэгтэй 150 хүнээс дээрх судалгааг авч харьцуулсан. Ийм аргаар найдвартай, хүчин төгөлдөр байдлыг шалгаж байгаа юм л даа. Хүн амын дунд далд буюу стрессийн эмгэгүүд илэрсэн нь судалгааны үр дүнгээс анхаарах гол үзүүлэлт байлаа. Ийм стрессийн үед нойрны чанар муудах, толгой байнга өвдөх, шилэн хүзүү хөших, ходоод өвдөх, цээжээр эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Зүү төөнүүрийн их эмчийн ангийг сонгон суралцдаг оюутны тоо ажлын байрны эрэлт зөрүүтэй байдаг уу?
-Өмнө нь уламжлалт анагаахын их эмчээр ажиллаж байгаад, өнгөрсөн оноос энэхүү тэнхимд багшилж байна. АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль нь БНХАУ-ын Тианжиний хятад анагаах ухааны их сургуультай хамтран олон улсад зөвшөөрөгдөх хос дипломтой төгсгөдөг онцлогтой. Би дөрөвдүгээр курсээс дээших болон зүү эмчилгээ судлалын үндсэн мэргэшлийн резидентурт суралцаж байгаа эмч нарт хичээл заадаг. Анх цөөхөн оюутан энэхүү мэргэжлээр суралцаж төгсдөг байв. Харин энэ жил 50 оюутан элсүүлээд маш өрсөлдөөнтэй байсан гэсэн. Жил ирэх тусам сонирхон судлах хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Эрэлт хэрэгцээ нь Монголд төдийгүй олон улсад их байдаг мэргэжил юм.
А.ТЭМҮҮЛЭН