Төрийн албан хаагчийн анкетыг шинэчлэхдээ ажил горилогч сэтгэцийн эмгэгтэй, эсэхийг тодорхойлох хэсэг оруулжээ. Ингэснээр төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүн сэтгэцийн эрүүл мэндийн талаарх дүгнэлтээ анкетад хавсаргах ёстой болсон аж. Түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлэх иргэд сэтгэцийн эмгэгтэй, эсэхийг тодорхойлсон эмийн бичигтэй байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан жагсаалтад дурджээ. Ийнхүү цаг үеийн шаардлагаар бид нийгмийн харилцааны янз бүрийн шатанд сэтгэцийн эрүүл мэндээ тодорхойлуулах нь зүй ёсны хэрэг болчихлоо. Үүнээс өөрөөр манай улс иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд бүрэн дүүрэн “дүн тавьж” чадахгүй байна. Харин Эрүүл мэндийн яамныхан эрт илрүүлгийн үр дүнд тулгуурлан бидний сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлж байгаа тухай ярих болов.
Тэгвэл та эрт илрүүлэгт хамрагдахдаа сэтгэцийн эрүүл мэндийн асуумж бөглөж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсан уу. Эл асуултад олонх иргэн “Үгүй” гэж хариулах байх. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд эрт илрүүлэгт хамрагдсан 20 хүнээс “Сэтгэцийн эрүүл мэндийн асуумж бөглөсөн үү” гэж асуухад нэг нь л тийм хэмээн хариулж, эмчээс зөвлөгөө авсан тухайгаа хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, эрт илрүүлэгт хамрагдсан бүх иргэнээс асуумж аваагүй. “Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсээс сэтгэцийн эрүүл мэндийн асуумж авч, шаардлагатай хүмүүст нь мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгсөн. Энэ судалгааг одоо нэгтгэн дүгнэж байна. Удахгүй ном болгон хэвлүүлнэ. Үүний үр дүнд сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй холбоотой нэлээд чухал дүгнэлтүүд гарах юм” гэж тус яамныхан мэдээлсэн.
Уг үзлэгийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн билээ. Түүнээс хойш өдий хүртэлх хугацаанд нэг сая гаруй хүнийг хамруулж, энэ жилээс иргэн хоёр дахь удаагаа оношилгоо хийлгэх болсон юм. Гэвч эрт илрүүлгийг эхлүүлэх үеэр буюу 2022 онд үзлэгт хамрагдсан хүмүүс л сэтгэцийн эрүүл мэндийн асуумжид хариулсан талаар иргэд хэлж байв. Харин түүнээс хойш үзлэг хийлгэсэн хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг төдийлөн анхаараагүй. Товчхондоо, та, биднээс бүгдээс нь асуумж аваагүй хэрнээ сэтгэцийн эрүүл мэндийн улсын хэмжээний нэгтгэсэн дүн гээчийг удахгүй гаргах нь гэж хардаж байна.
Дэлхий дахинд найман хүн тутмын нэг нь сэтгэл зүйн ямар нэгэн эмгэгтэй гэсэн судалгааны дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2022 онд гаргасан байдаг. Олон улсын түвшинд хийсэн хамгийн сүүлийн судалгааны дүн нь энэ. Манай улсын хувьд эл үзүүлэлт хоёр дахин их буюу дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтай гэсэн дүн бий. Гэхдээ энэ нь одоогоос 11 жилийн өмнөх буюу 2013 онд улсын хэмжээнд хийсэн судалгааны дүн. Тухайн үед Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ), Эрүүл мэндийн шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн байдал, эрсдэлт хүчин зүйл, зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тандалт” хэмээх үндэсний хэмжээний судалгаа хийжээ. Монгол Улсын хүн амын дунд сэтгэл түгших эмгэг 18.4, нойргүйдэл 17.5 хувьтай байгааг үүгээр тогтоосон байдаг. Түүнчлэн таван хүн тутмын нэг нь сэтгэл түгших, 15 хүн тутмын нэг нь архинд донтох, 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй зэрэг дүгнэлтийг гаргажээ. 11 жилийн өмнөх үзүүлэлтүүд одоо уруудсан уу гэхээс сайжраагүй нь ойлгомжтой биз ээ.
Түүнээс хойш манай улс нийт иргэдийнхээ сэтгэцэд оношилгоо хийгээгүй өдий хүрсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийгэм, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд олон талаар “халдлага”-д өртөх болсон. Гэтэл холбогдох мэргэжлийн байгууллагуудын одоо хүртэл ашигладаг, баримталдаг эх үүсвэр нь “дээр үеийнхээрээ” байгаа гэсэн үг. Суурь үзүүлэлт нь буруу болохоор сэтгэцийн эрүүл мэндийн бодлого нь ч алдаатай буй хэрэг. Тэр хэрээр тусламж, үйлчилгээ нь ч орхигдсоор байна.
Улс орнууд сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгоогүй, судалгаа шинжилгээ төдийлөн хийхгүй, үүнд хөрөнгө оруулахгүй байгаагаас тусламж, үйлчилгээ нь доголдож буйг ДЭМБ-аас 2022 онд гаргасан судалгааны илтгэлдээ тодотгосон байдаг. Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээ хийж, түүндээ үндэслэн тусламж, үйлчилгээг сайжруулахыг онцолсон байна. Манай улсын тухайд зөвхөн суурь судалгаа бус, бусад нарийвчилсан шинжилгээг ч нэн даруй хийх шаардлагатайг энэ сарын 15-нд зохион байгуулсан “Сэтгэцийн эрүүл мэнд-2024” чуулганд оролцогчид хөндөж байлаа. Жишээ нь, ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэнд, ялангуяа эрүүл ажлын байр бий болгох чиглэлийн судалгааг нарийвчлан хийх ёстойг эмч нар хөндсөн.
Харамсалтай нь, судалгааг хэзээ, хэрхэн хийх талаарх шийдэлд оролцогчид хүрсэнгүй. Шийдлээ ер нь яриа ч үгүй. Уг чуулган нь байдаг л нэг хурал, өчнөөн хүн цуглуулж, төсвийн мөнгийг үрсэн, ямар ч үр дүнгүй арга хэмжээ болоод л өнгөрсөн хэрэг. Жил бүрийн аравдугаар сарын 10-нд Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр тохиодог. Үүнийг тохиолдуулан дээр дурдсанаар хурал, зөвлөгөөн зохион байгуулаад л өнгөрдөг нь уламжлал болжээ. Бусад үед нь энэ тухай ор тас мартдаг. Ерөөсөө манай улс олон нийтийн сэтгэцийн эрүүл мэндэд хурал, чуулган, зөвлөгөөн хийх төдийгөөр л “анхаарч” ирсний нотолгоо нь энэ.
Ямар ч чиг баримжаагүй атлаа иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарна хэмээн “цээжээ дэлдэх”-ийг хөлгүй далай руу шумбан орохтой адилтгаж болох юм. Холбогдох албаныхан, салбарын яамныхан, бодлого боловсруулж, шийдвэр гаргагчдын үйлдэл, санаачилгуудыг харахаар яг л ингэж санагдана. Жишээ нь, манай улс уг нь Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай. Өмнө дурдсан үндэсний хэмжээний судалгааг хийсэн жил буюу 2013 онд эл хуулийг шинэчлэн найруулж, хэрэгжүүлж эхэлжээ. Гэхдээ түүнээс хойш “салхи оруулаагүй” өдий хүрсэн байна. Төдийлөн хэрэгжүүлээгүй, үр дүн нь ч гараагүй эл хууль үеэ өнгөрөөж, нийгмийн хэрэгцээ, шаардлагыг ч хангахаа больжээ. Хүний хөгжил, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалан сэтгэцийн эмгэгийн тархалт нэмэгдсээр байгаа учир тус хууль ч, дээрх судалгааны үр дүн ч хуучрах нь гарцаагүй.
Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард УИХ-аас Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль баталсан. Ингэснээр нийгмийн, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, хөгжил өмнө байгаагүйгээр сайжирна гэж ЭМЯ-ныхан сүүлийн үед ярих болсон юм. Тус хуулийн хүрээнд ер нь юу хийх юм бэ гэтэл “Ерөнхий сайдаар ахлуулсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл байгуулж, ажиллуулна” гэсэн мэдээллийг ЭМЯ-ныхан өглөө. Зөвлөлийн орлогч даргаар нь Эрүүл мэндийн сайд ажиллах юм байх. Эл зөвлөлийн ажиллах журмыг өдгөө боловсруулж буй гэнэ.
Уг нь манайд ямар нэгэн бүтэц, байгууллага дутагдаагүй. Ерөнхий сайдын даргалсан зөвлөл бүр ч илүүдэх байх. Харин холбогдох мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах, хүний нөөцөө нэмэгдүүлэх хэрэгцээ л илүү бий. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гээд томоохон байгууллага хүртэл ажилладаг. Гэтэл тэр төвдөө ч олигтой төсөв хуваарилдаггүй хэрнээ бараг адил нэртэй зөвлөл байгуулснаар сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хөгжил шинэ шатанд гарчихна гэж итгэхэд бэрх. Судалгаа тооцоогүй учраас л дарга нар ийм маягаар юу ч хамаагүй хийгээд яваа юм биш үү гэж таамаглаж болох юм.
Дэлхий дахинд ч сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахын тулд “дарга анги”-д бус, доод шатандаа анхаарах ёстой гэж үздэг юм байна. Тодруулбал, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг анхан шатны нэгжүүдэд үзүүлдэг болох ёстой гэж ДЭМБ-аас улс орнуудад зөвлөдөг аж. Манай улсын хувьд өрх, сумын эмнэлгүүд иргэдэд энэ төрлийн тусламж үзүүлдэг болох шаардлагатай гэсэн үг. Гэтэл үндэсний хэмжээнд СЭМҮТ гэсэн ганцхан төв ажилладаг. Тус төвийнхөн нь байнгын ачаалалтай, хүнд хэлбэрийн өвчтөнүүддээ л анхаарахаас хэтэрдэггүй. Чадвартай эмч нар нь ч төвөөсөө дайжиж, хүний нөөцийн хомсдол нүүрлээд байгааг хэвтэж үйлчлүүлсэн иргэд ярьдаг. Аймаг, дүүргийн буюу II шатлалын эмнэлгүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн эмч ажилладаг ч бас л ачааллаа дийлдэггүй гэх. Зарим аймаг, дүүрэгт ажиллах сэтгэцийн эмч ч олддоггүй гэнэ. Ийм учраас иргэд голчлон хувийн хэвшлийн байгууллага, төвүүдэд хандан зөвлөгөө авч байна. Тэдний үйлчилгээний төлбөрийг төлж дийлэхгүй нь нийгмийн сүлжээгээр бусдаас зөвлөгөө, тусламж авахдаа тулчхаад буй шүү дээ.
Харин анхан шатны нэгжид сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хамгийн сайн нэвтрүүлж чадсан улсаар Японыг нэрлэж болох аж. Иргэд нь хүссэн эмнэлэгтээ хандан, даатгалаараа тусламж, үйлчилгээ авч, оношоо тодруулах боломжтой. Эмчилгээг ч даатгалаараа хийлгэдэг. Эм уух болбол хөнгөлөлттэй үнээр авдаг гэнэ. Яг ийм нөхцөл бүрдүүлэхийг л ДЭМБ зөвлөөд байхад манай улсад дарга нараас бүрдүүлсэн зөвлөл байгуулна гэж “гөжүүдлээд” буйг ойлгохгүй нь.
Ийм болохоор л монгол хүний сэтгэцийн эрүүл мэнд орхигдож, бид өөрсдөө хүртэл “Нийтээрээ сэтгэцээ шалгуулах цаг болжээ” гэж нийгмийн сүлжээнд байнга бичдэг болчихлоо. Харин салбарын яам болон холбогдох бусад байгууллагынхан үүнийг хараагүй, мэдээгүй мэт явсаар байх юм. Уг нь тэд олон талаар судалгаа хийж, гол асуудлуудаа тодорхойлж, шаардлагатай тусламж, үйлчилгээг оновчтой цэгт нь хүргэх үүрэгтэй биш гэж үү.
М.ОЧ