ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, биологийн шинжлэх ухааны доктор Я.Адъяагийн “Монгол орны ан агнуур, агнуур биогеоценозын өргөн холбогдолт хөхтөн амьтны экологи биологи онцлог” сэдвийн хүрээнд туурвисан Монгол ан авын товчоон, Монгол орны агнуурын хөхтөн, Монгол орны зэрлэг хөхтний үсний бүтцийн атлас цуврал бүтээлийн товч танилцуулга болов.
Я.Адъяа МОНГОЛ АН АВЫН ТОВЧООН
Монголчуудын ан авын үйл Төв азийн нүүдэлчдийн соёл иргэншилтэй нягт холбоо бүхий эртний уламжлалт аж ахуйн ууган салбарын нэг болой.
Монголчуудын эртний ан авын соёл, ан амьтны баялгийн ашиглалт, хамгааллын хууль цаазын уламжлал, нүүдлийн мал аж ахуйн хавсарга ан ав, агнуурын аж ахуйг хөгжүүлэх талаар улс орны хөгжлийн үе шат бүхэнд төр засгаас хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, нийгэм, ард олны амьдралд гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг зөвхөн агнуурын хөхтөн амьтдын холбогдолтой бичгийн мэргэдийн бүтээл туурвил, сурвалж бичиг, архивын сан хөмрөг, орчин цагийн мэдээ хэрэглэхүүнд тулгуурлан боловсруулав.
Уншигч олонд шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдлэг, ойлголт өгөхийг зорьсон энэхүү бүтээл 494 хуудсанд багтах 13 бүлгээс бүрдэх бөгөөд XYIII зууны сүүл үеэс (Сайшаал ерөөлтийн 2 дугаар он буюу 1798) 1940-өөд он хүртэлх монгол бичгээр хадгалагдсан ан агнуурын холбогдолт архивын 300 гаруй баримт сэлтийг кирилл үсэгт хөрвүүлэн бүрэн эхээр нь хавсаргасан онцлогтой.
Монголчуудын ав хоморго, ан агнуурын хөгжил, хууль цаазын уламжлалыг сонирхон судлах эрхэм та бүхэнд болон байгаль, ан амьтан хамгааллын салбарын ажилтан, албан хаагчид, оюутан судлаачид энэхүү бүтээлийг өргөнөөр ашиглах боломжтой. У
Я.Адъяа МОНГОЛ ОРНЫ АГНУУРЫН ХӨХТӨН
Монгол орны агнуурын 50 гаруй зүйл хөхтний тархац, байршил нутаг, тоо толгойн байдал, таних шинж, амьдралын онцлог зэрэг экологи, биологийн судалгааны товч тодорхойлол, зүйлийн түүхий эд бүтээгдэхүүнийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн ашигласан тоо хэмжээ, зарж борлуулсан үнэ ханшийн талаарх түүхэн баримт мэдээлэл, ан агнах арга, зэвсэг, үслэг ангийн арьсны сор үсний бүтцийн онцлог, арьсны чанарын хамгаалал, тусгай зориулалтын агнуурын хөгжил зэрэг асуудлыг хөндсөн болно. Энэхүү бүтээл үндсэн 7 бүлэг, амьтдын гэрэл зураг, тахирмаг, хүснэг, холбогдох бүтээлийн жагсаалтаас бүрдэнэ.
Их, дээд, дунд сургуулийн багш, оюутан сурагчид, эрдэм шинжилгээний ажилтан, байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид, ан амьтан сонирхогчдод зориулав.
Я.Адъяа МОНГОЛ ОРНЫ ЗЭРЛЭГ ХӨХТНИЙ ҮСНИЙ БҮТЦИЙН АТЛАС
Монгол орны 7 баг (гар буюу сарьсан далавчтанаас бусад), 17 овог, 44 төрөлд хамаарах 73 зүйл хөхтөн амьтдын сор үсний бичил бүтцийн онцлогийг гэрлийн болон электрон микроскопын аргаар судалсан ажлын үр дүнг энэхүү ганц сэдэвт бүтээлд тусгажээ.
Энэхүү бүтээл ан агнуур, амьдас нийцийн өргөн холбогдолтой зэрлэг хөхтөн амьтдын экологи, үсэн бүрхүүлийн бүтэц, үүрэг онцлогийг товч дурдсан онолын хэсэг, 70 гаруй зүйл хөхтний сор үсний морфологи хэмжээ, хөндлөн огтлол, хайрслаг давхаргын хээ, зүрхэн давхаргын өвөрмөц бүтцийг илтгэсэн бичиглэл, электрон микроскопын 520 гаруй гэрэл зураг (электронограмм) зэргийг багтаасан үндсэн 4 бүлгээс бүрдэнэ.
Монгол орны хөхтөн амьтдын үсний бүтцийн онцлогийг харуулсан анхны энэхүү атласыг амьтан судлаач оюутан, багш нар, эрдэм шинжилгээний ажилтан, шүүх эмнэлэг, хил гаалийн ажилтан нарт зориулав.