Энэ долоо хоногийн амралтын өдрүүд эхлэх гэж буйтай холбоотойгоор үзвэр үйлчилгээ, урлаг соёлын тоглолтуудын талаарх мэдээлэл хүргэе. Мэргэжлийн урлагийн байгууллагууд уран бүтээлийн шинэ улирлаа нээсэнтэй холбоотойгоор театрууд өдөр бүр тоглолттой байна. Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театрынхан “Учиртай гурван толгой” дуурь, Улсын драмын эрдмийн театрынхан “Тэнгэрийн хүү”, “Орфей”-нхон “Амьдрахуй” жүжгээ олон нийтэд хүргэж буй. Бусад театр, урлагийн байгууллагынхан ч цөөнгүй “бэлэг”-ийг олон нийтэд зориулан задлах нь.
УВСЫН ТЕАТРЫНХАН НИЙСЛЭЛД ЗОЧЛОВ
Увс аймгийн “Ойрад” театрынхан нийслэлд ирж, “Тэнгри сэнти” дуулалт бүжгэн жүжгээ толилуулж эхлэв. Тэд анхны тоглолтоо Улсын хүүхэд, залуучуудын театрын тайзнаа өчигдөр толилуулсан. Тус театрынхан өнөөдөр дахин тоглох аж. Галданбошигт хаан, Ану хатны тухай өгүүлэх “Тэнгри сэнти” дуулалт бүжгэн жүжгийн зохиолыг түүхч На.Сүхбаатар бичиж, хөгжмийг “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат зохиосон бөгөөд бүжиг дэглээчээр урлаг судлалын ухааны доктор М.Мөнгөнцэцэг ажиллажээ. Салбарын эрдэмтэд хамтран судалгаа хийсний үндсэн дээр бүтээсэн гэдгээрээ уг дуулалт бүжгэн жүжиг онцлогтой юм билээ.
ШИЛДЭГ ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН ТОГЛОЛТТОЙ
Монгол, Япон Улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулсны 50 жилийн ойд зориулж “Норовбанзад” сангийнхан төгөлдөр хуурчдын уралдаан зохион байгууллаа. Эл уралдааны шилдэг оролцогчдын гала концерт өнөөдөр 19.00 цагт Улсын филармонид болно. Уралдааныг зургаан насны ангиллаар мэргэжлийн болон сонирхогчийн төрлөөр зохион байгуулжээ. Тэдгээр төрөл, ангилал тус бүрд нэгдүгээр байрт шалгарсан 12 хүүхэд гала тоглолтод оролцох юм.
ХҮҮХДҮҮД ЖҮЖИГТ ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ
“Про” театрынхан хүүхдүүдэд зориулсан хоёр тоглолтоо энэ амралтын өдрүүдэд толилуулна. Эхнийх нь маргааш 15.00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох “Magic box” хүүхэлдэйн шоу тоглолт.
Гурваас дээш насныханд зориулсан уг шоунд дэлхийн шилдэг хүүхэлдэйн номерууд, гэрлийн болон илбэчний үзүүлбэр зэргийг багтаажээ. “Про” театрынхан дараагийн өдөр нь “Мартагдсан төрсөн өдөр” хүүхэлдэйн жүжгийг толилуулна. Английн хүүхдийн зохиолч Дональд Биссетийн ижил нэрт үлгэрээс сэдэвлэн бүтээсэн эл жүжгийг нэгээс дээш насныханд зориулжээ. Багачууд жүжигчидтэй хамгийн ойрхон зайнаас харилцан, хамтран тоглох боломжтойгоороо эл бүтээл онцлогтой.
ӨӨР НЭГЭН НОРА
Х.Ибсений “Хүүхэлдэйн байшин” бүтээлийг манай театруудын тайзнаа олон хувилбараар тавьсан нь бий. Энэ удаад “Bee” театрынхан драмын жүжиг хэлбэрээр тоглож эхэллээ. Норвегийн жүжгийн зохиолч Х.Ибсений зохиолын гол дүр Нора бүсгүйн нууц задрах үйл явцыг тус театрынхан 90 минутын турш толилуулна. Түүний нөхөр Хелмер хүнд өвчин тусаж, эмчлүүлэх шаардлагатай болов. Аргагүйн эрхэд Нора нас барсан эцгийнхээ гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, гэрээ байгуулснаар нөхрийнхөө эмчилгээний зардал болох их хэмжээний мөнгийг нууцаар зээлдэг билээ. Өөр нэгэн Нораг “Bee” театрынхан хэрхэн “амилуулсан”-ыг 16-гаас дээш насныхан үзэх боломжтой.
“УЛААНБААТАР”-ЫНХАН ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ҮЗЭГЧИДТЭЙ УУЛЗАХ НЬ
Нийслэлийн 385 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Уг ойтой холбоотойгоор “Улаанбаатар” театрынхан хөгжим, дуу, бүжиг хослуулсан “385 special” тоглолтоо маргааш хийх нь. Тус театрын шинэчилсэн бүрэлдэхүүн уг тоглолтод оролцох аж. Тухайлбал, “Хангарди” үндэсний хөгжмийн найрал, поп оркестр, театрын бүх дуучин, бүжигчин оролцсон, нийт 100 гаруй уран бүтээлчээс бүрдсэн томоохон хэмжээний энтертайнмент тоглолт болох гэнэ.