Улаанбаатарт олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тоог 730 мянгаар хязгаарлах санаачилгыг хотын дарга Х.Нямбаатар гаргаж, нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 8-наас Улаанбаатар хотод автомашины улсын дугаар шинээр олгохгүй гэж нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Түгжрэлийг бууруулахын тулд автомашины тоог улсын дугаараар нь дамжуулан хязгаарлах дээрх шийдвэр нь цөөнгүй асуудал дагуулахыг олон нийт анхааруулж байсан ч албаныхан тоогоогүй юм.
Харамсалтай нь, тооцоо судалгаагүй, тулган шаардсан, хүчилсэн шийдвэрийнх нь сөрөг үр дагавар эхнээсээ илэрч эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт нийслэлийн ЗДТГ-аас дугаар дахин олгохгүй талаарх мэдээлэл гаргаснаас хойш Авто тээврийн үндэсний төвийн цахим систем нь ачааллаа дийлэхээ больжээ. Өөрөөр хэлбэл, автомашины дугаар авах гэсэн хүмүүс хэт олноор хандсанаас болж систем гацаж, ажиллахаа больсон талаар иргэд шүүмжилж байлаа. Үүнтэй холбоотойгоор иргэд “Авто тээврийн үндэсний төвийнхөн дугаараа өөрсдөө авчихдаг байх. Ганц дугаар авах гэсэн ч систем нь ажилладаггүй. Арай гэж нэвтэртэл Улаанбаатарын бүх дугаар алга. Харин аймгуудынх хэвийн байна”, “Улаанбаатарын дугаар дууссан бололтой. Яагаад иргэдийг ингэж чирэгдүүлээд байгаа юм бэ” гэцгээж байв. Өчигдөр ч гэсэн цахим систем нь гацаж, иргэд хэзээ ажиллагаанд орохыг нь асууж лавласаар байлаа.
Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвийн салбаруудад биечлэн очиж дугаар авах гэсэн хүний тоо эрс нэмэгдсэн. Тус төвийн “Да хүрээ” зах дахь салбарт нь хөл гишгэх зайгүй болжээ. Үүнтэй холбоотойгоор иргэд “Хотын хогийн шийдвэрээс болж дугаараа шилжүүлэх болон шинээр авч байгаа иргэдийн дараалал хэрээс хэтэрлээ”, “Аль болох л хаах, торгох шийдвэрүүд гаргаж, ард олноо залхааж ханамж авдаг юм уу” гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлэв.
М.ОЧ