“Улсын болон хувийн сургуулиудын хооронд сургалтын чанарын гавьтай ялгаа байхгүй, төгсөгчдийнх нь мэдлэг, ур чадварын хувьд ч хол зөрүү үгүй. Гагцхүү нийгмийн сэтгэлгээнд, олон нийтийн дунд л үүнээс үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, ташаа ойлголт, талцал хуваагдлын гүн ангал бий болчхоод байна”. Сүүлийн үед ийм залруулга, ухуулгын шинжтэй мэдээллийг хүмүүс нийгэмд эрчимтэйгээр түгээх болж. Ингэхдээ 2022 онд Монголд хийсэн сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA), сүүлийн жилүүдийн элсэлтийн шалгалт, томоохон олимпиад, уралдааны үр дүнг эш татан харьцуулж, жиших байдлаар байр сууриа бататгах нь түгээмэл.
Гэвч ингэж үгүйсгээд ч бүдгэрэхийн аргагүй үнэн бол манай улсад төр, хувийн хэвшлийн сургуулиудын дунд сургалтын чанар, орчин нөхцөлөөс эхлээд ялгаатай байдлын маш том ангал үүсчихсэн. Тэглээ гээд хувийн сургуулийнхныг буруутгах, тэднийг сонгосон эцэг, эхчүүд, сурагчдыг ад шоо үзэх нь зохисгүй ч энэ асуудлыг нийгмийн хөгжил, зах зээлийн зарчимд нь “даатгаад”, зөнгөөр нь орхиж боломгүй. Яг ийм замналаар явсан улс орнууд алдаагаа засахын тулд их хэмжээний хөрөнгө, хүч гаргахаас аргагүйдэж, улсын болон хувийн сургуулийн сургалтын чанарын ялгааг багасгах, тэгш, хүртээмжтэй боловсрол олгоход анхаарч эхэллээ. Харин манайд нийгмээрээ талцаж хэрэлдсээр, тогтсон шийдэл, хандсан зүггүй л байна.
Давын өмнөх бэрхшээл
Хүүхэд амжилттай сурах, эсэх нь өөрөөс нь л шалтгаалдаг тул улсын болон хувийн сургуулийн алинд нь ч элсүүлсэн нэг их ялгаагүй гэсэн зөвтгөл, эерүүлэл эцэг, эхчүүдийн дунд түгээмэл. Гэвч амжилттай суралцахад орчин нөхцөл, хүрээлэл, тав тух хамгийн чухал нөлөөтэй. Тийм ч учраас дэлхий нийт хүртээмжтэй, чанартай боловсролын үндэс суурь нь сургалтын орчин гэж үздэг болсон. Гэтэл манай улсын сургуулиуд энэ анхдагч хэрэгцээгээ ч бүрэн хангаж чадаагүй, нөхцөл байдал нь туйлын хүнд буй. Сургуулийн дэд бүтэц буюу анги танхим, сургалтын үндсэн хэрэглэгдэхүүн, лаборатори, спортын талбай, номын сан, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, сурах бичгийн хангамж гээд “ахуйн” асуудал их. Тиймээс үүний цаадах сургалтын хөтөлбөр, чанар, үр дүнгийн талаар ярихад хүндрэлтэй болдог. Хувийн сургуулиудын орчин нөхцөл, сургалт олон улсын жишигтэй харьцуулахад тэгтлээ өндөрт гарчхаагүй ч төрийнхөөсөө хавь илүү учир арга буюу харьцуулагдаж, “дээш шидэгддэг”. Энэ нь эцэг, эхчүүд арай илүү тав тухтай орчинтой, чанартай сургалттай хэмээн итгэж хүүхдээ хувийн сургуульд элсүүлэх шалтгаан болдог юм.
2024-2025 оны хичээлийн жилд гэхэд улсын хэмжээнд 25 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байна. Нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад өдгөө 4200 гаруй багш дутагдалтай, үүнээс болоод зарим хичээлийг алдаг онож зааж буй. Улсын сургуулиудын бодит байдал ийм л байгаа. Сургалтын орчин нөхцөлийг нь сайжруулж, “ахуйн” асуудлуудыг нь шийдэхэд анхаарахаас өөр арга зам үгүй. Ингэж байж бид чанартай, хүртээмжтэй боловсролын талаар ярих, харьцуулах, үр дүн нэхэх нөхцөл бүрдэнэ. Тэгвэл боловсролын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, шинэхэн сайд П.Наранбаярт үүнд анхаарах, улсын сургуулиудыг өөд нь татах сонирхол бий юү. Сонирхол хэмээн тодотгосныг доор дэлгэрүүлье.
Хоосон амлалтын буухиа
Боловсролын асуудал хариуцсан үе үеийн сайд нар улсын сургуулиудын сургалтын чанар, орчин нөхцөлийг сайжруулах, нүсэр, үр өгөөж багатай хөтөлбөрийг шинэчилж, цомхон болгох талаар байнга ярьсаар ирсэн. Гэвч энэ чиглэлээр тууштай ажиллаж, үр дүн гаргасан, реформын шинжтэй өөрчлөлт хийсэн нь үгүй. Өнгөрсөн дөрвөн жилд БШУ-ы сайдаар ажилласан Л.Энх-Амгалан гэхэд “Төр, хувийн хэвшлийн сургуулийн ялгааг арилгах эхлэлийг тавина. Төр өөрөө боловсролын тэгш бус байдлыг санхүүжүүлдэг тогтолцоог хална. Үүний тулд улсын сургуулиудын орчин нөхцөлийг сайжруулж, санхүүжилтийг нь нэмнэ. Аймгийн төвүүдэд лаборатори сургууль байгуулж, 30 хувиар илүү нэмэгдэл олгох, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлж, сурагчид хичээлээ сонгож судалдаг тогтолцоо бүрдүүлнэ” хэмээн улиг болтол ярьсан ч энэ чиглэлээр дорвитой зүйл бараг л хийгээгүй. Тэрчлэн хувийнхан улсын сургуулиудын гүйцэтгэл өндөртэй багш, сайн сурагчдыг урвуулж авдаг байдлыг таслан зогсоож, сурган хүмүүжүүлэгчдийн үнэлэмж, цалин хангамжийг сайжруулна гэсэн амлалтдаа ч хүрээгүй. Мэдээж боловсролын салбарт тулгамдсан асуудлуудыг дөрвөн жилд ор мөргүй “арилгаж”, өргөс авсан мэт шийдэх боломжгүй ч хийе гэвэл ихийг амжуулж болохоор л талбиу хугацаа. Сайд нарын энэ аргацаах хандлага, төр засгийн назгай цалгар байдал олон арван жилийн турш буухиалан үргэлжилсээр улсын сургуулиудыг элгээр нь хэвтүүлж авлаа. Монгол Улс нэг сурагчид зарцуулдаг мөнгөний хэмжээгээр дэлхийн 67 орноос 66, сургуулийн дэд бүтэц буюу сургалтын орчин нөхцөлийн үзүүлэлтээр 123 орноос 111-т жагсаж байна.
Хамтарсан Засгийн газрын бүтцэд ХҮН намаас багтсан хоёр сайдын нэг болох П.Наранбаяр ч өмнөх удирдлагуудын адил “Боловсролын салбарын суурь асуудлуудыг шийдэхэд анхаарч ажиллана” гэж мэдэгдээд буй. Тэр үнэхээр боловсролын салбарын суурь асуудлуудыг шийдэж чадах уу.
Боловсролын цоорхойд цэцэглэсэн бизнес
Ийнхүү эргэлзэх болсон нь улсын сургуулиудын сургалтын чанар, орчин нөхцөлийг сайжруулах асуудал олон талын эрх ашгийг хөнддөгтэй холбоотой. Улсын сургуулиуд муу байх нь хэнд ашигтай вэ. Мэдээж хувийн сургуулиудад ашигтай. Борооны дараах мөөг шиг олширсон энэ олон сургуулийн дунд чанартай боловсрол олгох зорилго, алсын хараатай нь бий ч цэвэр бизнесийн үүднээс, ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг нь түүнээс олон. Цаашлаад хичээлийн хоцрогдол нөхөх зорилготой сургалтын төв, дамжаанууд энэ сул талыг ашиглан мөнгө олж байгаа. Улсын сургууль үүргээ гүйцэтгэж чадахгүй, сургалтын чанар нь муу байх тусам тэдний бизнест ашигтай гэсэн үг. Мөн ном, сурах бичгийн бизнес эрхлэгчид ч боловсролын тогтолцооны гажуудал, сул талыг ашиг хонжоо олох таатай хөрс болгож буй. Магадгүй ийм учраас л сайд, дарга нар улсын сургуулиудыг өөд нь татах гэж тэгтлээ хичээдэггүй, шамддаггүй байх. Ингэж хардах үндэслэл бий. Хаана хамгийн их эрх ашиг хөндөгдөнө, тэнд гажуудал, гацаа үүсдэг бичигдээгүй хууль бий шүү дээ. Тиймээс л Боловсролын сайдад энэ асуудлыг шийдэх сонирхол бий, эсэхэд эргэлзэхэд хүрсэн юм. Дам дамаа П.Наранбаяр бол манайдаа томоохонд тооцогддог хувийн сургуулийн удирдлагаар найман жил гаруйн хугацаанд ажилласан, монгол хүүхдүүдэд дэлхийн боловсрол эзэмшүүлэхэд хувийн хэвшлийнхэн чухал үүрэг гүйцэтгэж ирснийг хамгийн их ярьдаг нэгэн тул энэ асуудалд хэрхэн хандаж, бодлого, шийдлээ тодорхойлох нь эрхгүй сонирхол татаж байна.
Улсын сургуулиудыг муу байлгах, эсрэгээрээ хувийнхыг тодруулж, сайн сайхнаар дөвийлгөх бодлого нийгэмд хүч түрж, үүний үндсэн дээр олон төрлийн бизнес цэцэглэн хөгжиж буйг мэргэжлийн судлаач, боловсролын салбарын хүмүүс ч хөндөж эхэлсэн. Харин бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс үүнийг “олж хардаг” болов уу.
Айсуй эрсдэл
Улсын болон хувийн сургуулийн ялгаатай байдлыг бууруулахад анхаарахгүй бол хэтдээ ямар хүндрэл үүсэх вэ. “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг энэ талаар “Сүүлийн жилүүдэд чанартай, чанаргүй хувийн сургуулиуд руу дундаж ангийнхан улам хошуурч байна. Ингэснээр нийгмийн зэрэг зиндаа гаарч, улсын боловсролын систем бүхэлдээ доголдох эрсдэлтэй. Дундаж анги улсын боловсролын системээс “гарчихаар” төрийн өмчийн сургуулийн чанарт шаардлага тавьдаг хүнгүй болно, эрх баригчид ч үүнд анхаарахаа болино” хэмээн анхааруулжээ.
Улсын сургуулийг хувийнхтай жишиж өрсөлдүүлснээр чанар нь сайжирна, хөгжинө хэмээн итгэсэн, зөнд нь хаясан улс орнууд яг ийм асуудалтай нүүр тулж, арга буюу алдаагаа засахад анхаарч эхэлснийг судлаач дурдсан. Тухайлбал, Өмнөд Солонгос, Чили улс хувийн сургуулийн босгыг өндөрсгөх, ашгийн үйл ажиллагаа явуулах боломжийг нь хязгаарлах, улсынхыг дэмжих ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ хий хоосон лоозогнох, амлах төдий бус, сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин нөхцөл, боловсон хүчний хангамж, ур чадварыг сайжруулах, хөтөлбөрийн агуулга, чанарыг олон улсынхтай уялдуулах, интернэт, технологийн хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хийж эхэлсэн байна. Чили улсад энэ асуудал жагсаал цуглаан, тэмцэлд хүртлээ гаарчээ. Улсын сургуулиудад нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд л ямар ч сонголтгүйгээр суралцдаг болж, төр нь сургалтын чанар, орчин нөхцөлд ер анхаарахаа байж. Харин одоо тус улс энэ ялгаатай байдлыг арилгахын төлөө хамгийн үр дүнтэй, үлгэр жишээ ажиллаж буй орны нэг болжээ. Муу амлаж буй юм биш, хэрэв бид энэ янзаараа байвал Өмнөд Америкийн энэ улсын замналаар явсаар, мухардалд хүрч болзошгүй нь. Гэхдээ тэдэн шиг үр дүнтэй тэмцэж, дуугарч чадах болов уу.