Төрийн байгууллагуудын Хэвлэлийн албад данхайж, засаг захиргааны нэгж бүр шахам ийм хэлтэс, бүтэцтэй болж, иргэдийн мэдэх эрхэд ноцтойгоор халдах болсон талаар өмнө нь бид мэдээлж байв. Тэгвэл энэ удаад төрийн байгууллагуудын хэвлэлийн албанд ажиллаж буй мэргэжилтнүүдийн ёс зүй, хэм хэмжээ, үүрэг хариуцлага, зүг чигийг нь “зааж” өгөхгүй бол тэдний үйлдэл хэрээс хэтрэх нь. Уг албанд ажиллагсдыг олон нийттэй харилцах мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн ажилтан, хэвлэлийн төлөөлөгч гэх зэргээр нэрийднэ.
Хэвлэлийн төлөөлөгч нь төрийн байгууллагуудын өдөр тутмын мэдээ мэдээлэл, үйл ажиллагааг, тэр дундаа иргэдийн ахуй амьдралд нөлөөлөхүйц шийдвэр, тушаалуудыг олон нийтэд нээлттэй, чирэгдэлгүй хүргэх тэргүүний үүрэг, хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл, холбогдох хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын өдөр тутмын ажлуудыг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчээр дамжуулан олон нийтэд ил тод мэдээлэх чиг шугамтай юм, уг нь. Харамсалтай нь, төрийн албаны хэвлэл мэдээллийн ажилтнууд сүүлийн үед өөрсдийгөө даргын энтэйд тооцож, нам даган “намирч”, дарга нарын ашиг сонирхолд илт үйлчлэн, албан тушаалтнуудын арьсыг хамгаалдаг “бамбай” болж хувирчээ.
Нийтээрээ тийм биш ч нийтлэг төрх, ажлаа явуулж буй арга барил, харилцаа, хандлага нь хэвлэлийн төлөөлөгч нарыг ийнхүү “матарлах” болсон билээ. Тэдний ёс зүйгүй үйлдлүүд нь салбараасаа хэдийн хальж, олон нийтийн шоглоом болоод ч амжсан. Сүүлдээ бүр даварч, ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчидтэй “дээрээс” харилцаж, доод тушаалынхаа хүн мэтээр зандарч, аашлах болсон гэнэ. Тэр дундаа үг, үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүртэл саад хийж, гоочилж байна. Улмаар сэдэв, санааг нь “цагдах” гэж оролдоно. Харьяа байгууллагынх нь ажил, үйлчилгээг шүүмжилсний төлөө сэтгүүлчдийн нийтэлсэн мэдээ, сурвалжилгыг олон нийтийн сүлжээнээс устгуулах, засуулах гэж улайрах. Улмаар дээш “донгодож”, хэвлэл мэдээллийн байгууллагуудын цахим сүлжээг хязгаарлуулах, хяхан боогдуулах замаар сайд, дарга нартаа нэр олж, тэднийг цээжээрээ хамгаалж, “халамжилж” буйгаа цаг ямагт мэдрүүлэх нь өрөвдөлтэй.
Хэвлэлийн төлөөлөгч нарыг “матарлаж” буй хэд хэдэн жишээ ойрын үед цөөнгүй гарсан. Саяхан Боловсролын сайд П.Наранбаяр 45 хоногийн сургалтаар багш бэлтгэж, сул орон тоог нөхөх талаар хэвлэлийн хурал хийснийг уншигчид мартаагүй байх. Энэхүү хурлыг хэвлэлээр шууд дамжуулах явцад П.Наранбаярын шийдвэрийг эсэргүүцсэн “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар түүн рүү өндөг шидэж, танхайрсан. Тухайн үед хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар нь сайдыгаа намын даргаас хамгаалах гээд хөгөө чирэв. Олон нийтийн нүдэн дээр танхайрсан мөнөөх этгээдээс ч дутахааргүй авирлаж, шууд дамжуулалтын үеэр А.Отгонбаатартай зодолдчихсон. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчийн үлгэр ингээд дуусаагүй. Нийгмийн сүлжээнд уг балмад үйлдлийг шүүмжилсэн иргэдийн нэг хэсэг нь хэвлэлийн төлөөлөгч нараар тохуурхсан бол нөгөө хэсэг нь тэднийг “байранд нь тавих” ёстойг сануулав.
Өөр нэг жишээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Л.Бямбасүрэнг өнгөрсөн сарын дундуур АТГ-аас баривчилж, шуугиан дэгдээсэн. АТГ-ын мөрдөгчид түүнийг төрийн болон хувийн эмнэлгүүдээс их хэмжээний авлига авч, хариуд нь өвчтөнийх нь тооноос давсан санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байсныг илрүүлсэн гэж мэдээлсэн билээ. Нөхцөл байдал иймдээ тулчхаад байхад хүртэл ЭМДЕГ-ын Хэвлэлийн албаны дарга, цэргүүд нь түүнийг “энхийн тагтаа” мэтээр нийгмийн сүлжээнд сурталчилсан. Улмаар тэд Л.Бямбасүрэнгийн дээрх үйлдлийг шүүмжилсэн иргэд, олон нийт, бүр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай “үзэлцсэн” юм. Тодруулбал, хэвлэлийн албаны дарга нь энэ талаар “Нийгмийн сүлжээнд “явж” буй ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой мэдээллийн талаар тайлбар өгье. Л.Бямбасүрэн дарга шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ шалгуулж буй нь гэм буруутай гэсэн үг биш. Ажил хариуцаж байгаа, байгууллага удирдаж, зовлон, жаргал үүрч яваа хүний давдаг л даваа. Удахгүй үнэн мөн нь тодорхой болох учраас энэхүү мэдээллийг нэмж хачирлалгүй, өөрсдийн өнцгөөс дүгнэлгүй, хувь хүний нэр хүндэд халдахгүй байхыг та бүхнээсээ хүсье. Ер нь бол Л.Бямбасүрэн даргадаа итгэж байна. Хууль зөрчих, итгэл алдах хүн биш ээ” гэж илт долигоносон байв. Түүний энэхүү “тайлбар”-ыг хэвлэлийн төлөөлөгч нар нь нийгмийн сүлжээнд түгээхдээ “Уг мэдээлэлтэй холбоотой, сэтгүүлчдэдээ хандаж хэлэх үг байна аа. Л.Бямбасүрэн даргыг шалгагдаж байгааг нь нэмж хачирлаж, гэм буруутай мэтээр иргэдэд буруу ойлголт өгөхгүй байхыг хүсье. Зарим хэвлэл, тэр дундаа өргөн нэвтрүүлгийн сувгийн мэдээний хуудсанд хандалт авахаар арга ядсан, худал постер хийсэн харагдах юм. Нөгөө хэсэг нь мэдээнийхээ төгсгөлд ЭМДЕГ-ын дарга нар үндэслэлгүй баяжиж, иргэд хохирлоо ч гэж байх шиг. Ийм хачин юм нэмж, оруулаад гоё мэдээ болохгүй шүү дээ” гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ёжилцгоосон юм.
ЭМДЕГ-ын Хэвлэлийн албаныхан энэхүү мэдэгдлээ фэйсбүүкийн олон ч хуудсанд түгээсэн байв. Өөрсдийнхөө талд “ашигладаг”, байнга магтуулж бичүүлдэг цөөн хэдэн сэтгүүлчээрээ ч үүнийгээ “сэвүүлсэн” харагдав. Тэдний энэхүү “мэдэгдэл” нь мөрөөрөө ажлаа хийж яваа мэргэжлийн сэтгүүлчдийг гутаасан, үг, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нь илтэд халдсан бүдүүлэг үйлдэл байсныг энд онцлон тэмдэглэе. Түүгээр ч зогсохгүй мэргэжлийн нэр хүндэд халдсан, тодруулбал, сэтгүүлчдийг баримтаар бус, сургаар мэдээ, нэвтрүүлэг бэлддэг, судалгаа, нотолгоогүй хүн гөрддөг гэсэн мессежийг олон нийтэд өгөхийг оролдсон. Цаашлаад сэтгүүлчдийг мэдлэггүй, мэдрэмжгүй мэтээр харагдуулахыг завдсан нь ёс зүйгүй үйлдэл юм.
Төрийн байгууллагуудад ажиллаж буй хэвлэлийн төлөөлөгч нарын олонх нь сэтгүүлч мэргэжилтэй, эл салбарт “бойжсон” байдаг. Гэвч тэд төрийн албанд ажиллахаараа энэ мэтээр төрөл арилжиж, салбар луугаа нулимдаг нь хөөрхийлөлтэй. Дээр дурдсанчлан сэтгүүлчдийг хүссэнээрээ “баалж ноолох” гэж даврах, нохойд барьдаг мод шиг харилцах нь өөрсдийгөө ч, хэвлэлийн төлөөлөгч нараа ч улам л муухай харагдуулж буйгаа ухамсарлаасай билээ.
Сэтгүүлчдээс ялгаагүй, төр, ард түмний мэдээллийн холбогч гүүр нь болж ажиллах ёстой хэвлэлийн төлөөлөгч нарын өнөөгийн төрх нэг иймэрхүү л. Ерөөс хэвлэл мэдээллийн ажилтнууд үндсэн үүргээ баримтлахгүй, дарга даамлаа хамгаалдаг, тэдний төлөө үйлчилдэг, шүүмжлэлт өнгө аястай мэдээ, мэдээлэлтэй тэмцэж, “баллуурдах” л үүрэгтэй гээд ойлгочихсон бололтой юм. Үгүй л дээ, төрийн албанд ажиллаж буй хэн бүхэн зохих дүрэм журмаа баримтлах, үүрэг чиглэлээ ухамсарлах, алдаа зөрчил гаргасан бол зохих хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Наад зах нь аливаа үг, үйлдэлдээ эзэн болохоос эхлээд цаашлаад Төрийн албаны, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй.
Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 7.1-т “Төрийн албан хаагч нь ардчилсан ёс, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх, ард түмэнд үйлчлэх үндсэн зарчмыг баримтлах ёстой”, мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6.1-т “Хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай байх...” үүрэгтэй. Тус хуульд бас “Ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх” зэрэг онцлох заалт байдгийг хэвлэлийн төлөөлөгч нарт дахин онцгойлон сануулъя.