Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид “Парис-2024” зуны олимп, паралимпийн наадмаас медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч багш нарт өчигдөр хүндэтгэл үзүүллээ. Олимпын 33 дахь удаагийн их наадмын жүдо бөхийн төрөлд Гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, паралимпийн наадмын таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алт, Сүхбаатарын одонт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, хөнгөн атлетикийн төрөлд Гавьяат тамирчин Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн. БТСУХ-ны дарга О.Баттулга энэ үеэр “Төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимп, паралимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдынхаа амжилтаар бахархаж байна. Цаашид бэлтгэл сургуулилалтаа улам чамбайруулж, “Лос-Анжелес-2028” олимп, паралимпын наадамд Төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе” хэмээсэн юм. Олимпын наадамд оролцсон тамирчин бүрд Олон улсын олимпын хорооноос энгэрийн тэмдэг гардуулдаг уламжлалтай.
“Парис-2024” олимпын наадамд манай улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин, паралимпийнхад спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдсөн билээ. Тэгвэл Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд уламжлал ёсоор мөн хүлээн авч уулзан энгэрийн тэмдэг гардууллаа. Олимпын медальтан болон олимпод оролцогчдод энгэрийн тэмдэг гардуулах уламжлал 1980-аад оны сүүлээс эхтэй. Тухайн үед ОУОХ-г удирдаж байсан Хуан Антонио Самаранч олимпын медальтан, олимпод оролцогчдоо алдаршуулах зорилгоор энгэрийн тэмдэг дурсгахыг санаачилжээ. Тэр үед гаргасан тэмдэг нь “Стохголм-1912”-оос “Сөүл-1988” хүртэлх зуны олимп, “Шамоне-1924”-өөс “Калгари-1988” хүртэлх өвлийн олимпын бүх медальтан, оролцогчдыг хамарч байв.