Утаа униар, уур бухимдлын эх үндэс болсон өвлийн улирал юу юугүй хаяанд тулж ирлээ. Энэ сарын сүүлчээс эхлэн агаарын температур аажмаар доошилж, Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас анхааруулаад байна. Малчид, тариаланчид, орон нутгийн иргэд дор бүрдээ өвөлжилтийн бэлтгэлээ базааж, өнгөрсөн жилийнх шиг “гал алдахгүй”-г хичээсээр буй. Харин нийслэлчүүд агаарын бохирдол, авто замын түгжрэл, цахилгааны хязгаарлалт, ханиад, томуу зэрэг жилийн жилд толгойны өвчин болдог асуудлаа бодон сүрдэж, “Өвлийг яаж давна даа” хэмээн бүгд л ойр зуураа бэргэх. Хот, нийтийн аж ахуй, цахилгаан, дулаан хангамж, хөдөө аж ахуй, онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагынхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ базаагаад борви бохисхийх чөлөөгүй ажиллаж буйгаа ойрын өдрүүдэд ээлж дараалан мэдээлсээр. Харин агаарын бохирдлын асуудал хариуцсан байгууллагууд энэ үед олноос онцгойрох гэсэн шиг аниргүй, бараа сураггүй л байна.
Энэ оноос шинэ нэр, бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр цаашид ямар бодлого баримталж ажиллах, богино, дунд хугацаанд чухам юу хийхээр төлөвлөж буйг сонирхоод ам руугаа алгадуулав. Тус яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын агаар, орчны бохирдлын асуудал эрхэлсэн мэргэжилтэнд ийм асуулт тавихад “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгаад, эрхлэх асуудал, чиг үүргийг нь нийслэл рүү шилжүүлчихсэн. Агаар, орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нэгдсэн хөтөлбөр гэж бий. Бид үүнийг баримталж ажилладаг” гээд илүү зүйл ярихаас татгалзав. Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрынхан угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэр, сууцын дулаалгыг сайжруулахад ихэд санаа тавьж буйгаа хэлэв. Цахим сүлжээ ашиглан иргэдэд мэдээ, мэдээлэл түгээхэд онцгой анхаарч байгаа гэх.
Саяхан энэ хоёр байгууллага хамтран төв талбайд “Ногоон технологи-2024” үзэсгэлэн зохион байгуулж, нийслэлчүүд, тэр дундаа гэр хорооллын иргэдэд агаарын бохирдлыг бууруулахад нэмэртэй хамгийн сүүлийн үеийн, шилдэг гэсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгосон аж. Тэд үүнийгээ энэ намрын, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлтэй холбоотой хамгийн том ажил гэж тодотгосон юм. Харин ойрын хугацаанд, энэ онд багтаад, өвлийг угтаад гойд зүйл хийхгүй нь, яг л өнгөрсөн жилийнх шиг. Тэгэхээр нийслэлчүүд бид төр засгаас, илүү тодруулбал, хотын удирдлагуудаас, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан байгууллагынхнаас их зүйл хүлээх хэрэггүй юм байна. Нэгэнт тэд утааны асуудлыг ийнхүү үл ойшоож, нийслэлчүүдийг золионд гаргаж буйнх иргэд өөрсдөө л дор бүрнээ хариуцлагатай байж, агаар бохирдуулагч бодисын нөлөөллөөс эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай тулгарлаа. Утааны голомтот бүс Улаанбаатарт амьдарч буй хүн бүрд 2024-2025 оны өвөл зүүх амны хаалтаа хангалттай хэмжээгээр нөөцөлж, базаахыг зөвлөе. Боломжтой бол илүү найдвартайд тооцогддог хорт хийн баг худалдан авч, агаарын бохирдол эрс ихэсдэг оргил үеүдээр гадуур зорчихдоо зүүсэн ч болно. Хүн бүр, айл болгон боломж нөхцөлдөө тааруулаад хорт утаатай, хийтэй тэмцэх “хөтөлбөр”-ийг гэртээ хэрэгжүүлж хэвшье. Өглөө, оройн ид утааны үеэр цонхоо нээхээ больё. Чадал чинээ нь байвал гэртээ, ажлынхаа оффист агаар цэвэршүүлэгч суурилуулъя. Долоо хоногтоо ядаж нэг удаа цэвэр агаарт тогтмол гаръя. Өөрсдийнхөө, үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө хийж чадах зүйл нь одоохондоо энэ л байна.
Та бүхэн анзаарсан бол нийслэлийн утаа сүүлийн жилүүдэд улам өтгөрч, агаар бохирдуулагч бодисын хэмжээ, үлэмж нэмэгдсэн. Үүнийг дотоодын төдийгүй олон улсын агаарын чанарын хяналтын, цахим систем дэх үзүүлэлт баталдаг. Дэлхийн хүн ам, хотуудын бохирдол, нийгэм, хүрээлэн буй орчны асуудалд дүн шинжилгээ хийдэг “World population review” сайт гэхэд Улаанбаатарыг энэ онд хамгийн бохир агаартай нийслэл хэмээн олон улсад зарлаж, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ын нягтралын хэмжээгээр хол илүү тэргүүлж байгааг мэдээлсэн. Гадаад орчны агаарын бохирдлын нөлөөгөөр Монгол Улсад жил бүр дунджаар 2839, дотоод орчныхоос болж 4300 гаруй хүн нас барж, үүнээс хэдэн арав дахин иргэн амьсгалын замын ужиг өвчин, бусад эмгэгээр өвчилж байгаа тухай Европын холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн “Агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгаа”-ныхаа үр дүнг олон нийтэд саяхан танилцуулсан. НҮБ-ын Хүүхдийн сангийнхан Монголд хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөх боломж улам бүр хомсдож буйг анхааруулаад, өвлийн улиралд ургийн эндэгдэл зуныхаас 3.5 дахин өндөр байгааг зарласан юм. Нийслэлчүүдийг он удаан жилийн турш хордуулж байгаа, цаашид ч угаартуулсаар байх энэ их утаа униар хэтдээ иргэдийн удмын санд хүртэл нөлөөлж, уушгины хорт хавдрын тоог үлэмж нэмнэ гэдгийг ч мэргэжлийн эмч нар анхааруулаад буй.
Үндсэндээ агаар, орчны бохирдол тартагтаа тулчхаад байна. Олон улсын байгууллагынхан л энэ үед илүү чанга, хүчтэй дуугарч буй бол манай төр бүлх залгисан аятай таг чиг. Засгийн газар нь хариуцлагаас бултах гэсэндээ юү, олны хэл ам, шүүмжлэлээс халгаасан уу, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороогоо татан буулгачхаад, чимээ алдрав. Өнгөрсөн жилүүдэд утаагаар “мөнгө хийж”, сонгуулийн “хөзөр” болгон ашигласан, зорилгоо гүйцэлдүүлсэн улс “Одоо ханалаа, боллоо” гэсэн шиг ажиг сураггүй. Эцэс сүүлдээ энэ асуудлыг хариуцсан байгууллагынхан нь хүртэл “Бидний чиг үүрэг өөр, манайх зөвхөн ийм ажил хийдэг” гэхчлэн “тойрч зугтдаг” болов. 2024 оны парламентын болон орон нутгийн сонгуулиар агаарын бохирдлын асуудал горилогчдын амлалт, мөрийн хөтөлбөрөөс төдийлөн гоцгойрч харагдаагүйг гярхай уншигчид, сонгогчид анзаарсан байх. Яагаад гэхээр, 2020 оны сонгуулиар агаарын бохирдол, сайжруулсан түлш ярьж, “гарч ирсэн” хүмүүс өнгөрсөн дөрвөн жилд юу ч хийгээгүй, үр дүн гаргаагүй, нөхцөл байдлыг улам дордуулсан учраас тэгж зүрхлээгүй болов уу. Олон хүний амийг авч одсон, утаагүй, сайжруулсан гэх түлшээ солино, солихгүй гэж эргэж буцсаар, “хэрэлдсээр” бүрэн эрхийнхээ хугацааг барсан шүү дээ, тэд. Үүний “үр дүнд” нийслэлчүүд илүү бохир, хортой агаараар урт хугацаанд амьсгалах болсон билээ. Энэ өвөл ч ялгаагүй.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд урт, богино, дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж, эх үүсвэр бүрд чиглэсэн арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхийг олон улсын байгууллагуудаас зөвлөдөг юм билээ. Эх үүсвэр гэдэгт нь утаа ялгаруулагч буюу гэр хорооллын айлууд, цахилгаан станц, тээврийн хэрэгсэл зэрэг багтдаг. Аль нэгэнд нь анхаараад, бусдыг нь орхигдуулбал тодорхой хугацааны дараа өөр нэг том асуудалтай нүүр тулах эрсдэлтэй гэдэг. Иймд агаарын бохирдлын эх үүсвэр болж буй хүчин зүйлстэй том, жижиг гэлтгүй “тулж ажиллах нь” үр дүнтэй гэж үздэг юм. Яг өнөөдрийн байдлаар бол манай улсад утаа “үйлдвэрлэдэг” яндангийн тоог цөөлөх, гэр хорооллыг орон сууцжуулах тухай л хамгийн их ярьж байна. Гэвч бодитой, үр дүнтэй хийсэн зүйл ховор. Агаарын бохирдлын уг үндэс, цаад шалтгаан болсон ядуурал, нийгмийн дэд бүтцийн үзүүлэлт жилээс жилд улам муудсаар. Харин улс төрчид, Засгийн эрх баригчид “Утааг бууруулах нь урт хугацааны ажил. Өнөө маргаашдаа шийдэх боломжгүй. Урт хугацаандаа орон сууцжуулах бодлого баримталж байгаа” хэмээн хариуцлагаас бултаж, энэ асуудлыг алсруулдаг жишиг тогтоосон. Орон нутгийн сонгуулийн үр дүнд хуучин албан тушаалдаа үлдэж чадсан хотын дарга Х.Нямбаатар гэхэд дөнгөж уржигдархан “Бидэнд итгэл үзүүлсэн нийслэлчүүдийнхээ төлөө хичээн ажиллаж, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулна” хэмээн ам тангараг өгөх нь холгүй ярина лээ. Иргэд энэ хугацаанд хангалттай хүлцлээ, итгэж найдлаа, үр дүнд нь хохирлоо. Яг одоо нийслэлчүүдэд хий хоосон амлалт бус, бодитой алхам, шийдэл л хэрэгтэй. Эсвэл та бүхэн “Бид бууж өглөө, утаатай тэмцэж чадахгүй нь” гээд зарлачихвал ямар вэ. Ингэвэл иргэд ядаж л хоосон найдвар, горьдлого тавихгүй, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах ая тал бодно шүү дээ. Гэр бүл төлөвлөлт, амьдрах, ажиллах орчин нөхцөл, ирээдүйн карьер зэрэгтээ ч илүү нухацтай, алсын хараатай хандаж эхэлнэ. Төрийн байгууллагынхан элдэв янзын “утаагүй” төхөөрөмж, технологи сурталчлахын оронд агаарын чанартай холбоотой үнэн зөв, бодит мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх шаардлагатай байна. “Гэрээ дулаал”, “Зуухаа ингэж галла” гэж өрх айлын дотоод асуудалд санаа тавихаас илүү амны хаалт тогтмол зүүхийг иргэддээ уриалбал яасан юм бэ. Дэлхийн хамгийн хүйтэн, бохир агаартай хотод аж төрж буй бидэнд зуухаа хэрхэн галлахаас илүү өдөр тутамдаа хэр хэмжээний бохир агаараар амьсгалж байгаагаа мэдэх нь чухал юм.
Зарим цэцэрлэг багачуудад агаарын бохирдлын талаар “хичээл” заагаад эхэлж. Хан-Уул дүүрэг дэх нэгэн улсын цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш ангийнхаа “сурагчдад” өвлийн улиралд амны хаалт зүүснээр ямар ач тустай, эрсдэлээс хэрхэн сэргийлж болох талаар ойлголт, мэдлэг өгчээ. Таван настай охин “Багш, маск (амны хаалт)-аа сайн зүүгээрэй, өвөл ханиад хүрэхгүй, өвдөхгүй, вирусээс хамгаална гэсэн” хэмээн ярьж байна. Харин багш нь “Манайх шиг утаа ихтэй хотод амны хаалтыг тогтмол, зөв хэрэглэх дадлыг хүүхдүүдэд багаас нь зайлшгүй хэвшүүлэх хэрэгтэй. Агаарын бохирдол ихэсдэг арваннэг, арванхоёрдугаар сараас эхлээд хүүхдүүд ээлжлэн өвдөж, ирц нь эрс багасдаг. Хоёр жил дараалан бэлтгэл бүлэг хариуцаж буй багшийн хувьд таван настнуудыг аль болох цэцэрлэгийг нь таслуулахгүй, сургалтад бүрэн хамруулж, зохих ур чадваруудыг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлээрэй гэж эцэг, эхчүүддээ онцгойлон захидаг юм. Тиймээс шавь нартаа агаарын бохирдлын талаар ойлголт өгч, өөрийгөө болон найзуудыгаа эрсдэлээс хамгаалахыг зөвлөсөн” хэмээж сууна. Улаанбаатар хотод амьдарч, амьсгалж буй хүн бүрийн хувьд агаарын бохирдол айдас түгшүүрийн “мангас” болжээ.