Түрээсийн дугуй, скүүтерийн үйлчилгээг уржигдраас түр зогсоож эхэлжээ. Өвлийн улирал ойртож, цас орон халтиргаа гулгаа ихэссэн тул ийнхүү шийдсэн байна. Тухайлбал, “Jet sharing Mongolia” компани үйлчилгээгээ уржигдраас ирэх хавар хүртэл зогсоолоо. Мөн энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч “Ecobike”-ийнхэн “Цаг агаарын байдлыг харгалзан үзээд үйлчилгээгээ зогсооно” гэсэн юм. Харин “Tapa” түрээсийн дугуйн үйлчилгээ эрхлэгчид одоогоор тодорхой шийдвэр гаргаагүй байна. Халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Тээврийн цагдаагийн албанаас түрээсийн дугуй, скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдэд шаардлага хүргүүлэхээр бэлтгэж буй гэнэ. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэн иргэдийг гэмтэж бэртэхээс сэргийлэх үүднээс халтиргаа гулгааны үед үйлчилгээгээ зогсоох тухай шаардлага хүргүүлэх аж.
Ташрамд дурдахад, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр энэ сарын 20-нд л гэхэд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаас 86 хүн тусламж, үйлчилгээ авсан гэнэ. Тэд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, үе мөчний хугарлын улмаас эмнэлэгт хүргэгджээ. Мөн тархины эдийн гэмтэл, гавал яс, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмөгний хугарал зэрэг хүнд гэмтэлтэй хүмүүс ч хандсаныг тус төвөөс мэдээллээ.
А.ҮҮЛ