Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн үйл ажиллагаанд “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж Төрийн албаны тухай хуулийн 65.8-д заасан байдаг. Гэвч яамдын удирдлагууд хүртэл ТАЗ-ийн дээгүүр “алхаж”, шууд томилгоо хийсээр байна. Аргаа барсан тус зөвлөлийнхөн “Засгийн газар байгуулагдах бүрдээ шинэ бүтэц баталдаг. Үүнтэй холбоотойгоор төрийн албанд хөдөлгөөн орж байна. Сайд нар тогтсон байдлыг өөрчлөөд бужигнуулдаг. Асуудлын гол нь энд л байна” гэж ярихдаа тулжээ. Төрийн албаны төв байгууллагынхан нь “дампуурчхаад” буйгаа ийн илэрхийлэх болов.
“Орон нутагт Засаг дарга нар төрийн албан хаагчид болон иргэдийг маш их дарамталдаг нь түгээмэл юм билээ. Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд байнга халддаг. Үүнд онцгой анхаармаар байна. Улс төрийн албан тушаалтан болох Засаг дарга нар олон ургалч үзэл, шүүмжлэлийг тэвчдэггүй. Шүүмжилсэн төрийн албан хаагчдыг халах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн иргэдийг хяхах нь түгээмэл. Бас нийтийн албаны албан тушаалууд ялсан намын сонгуулийн менежерүүдийн орогнох байр болсоор ирсэн. Намын дэргэдэх байгууллагуудын залуус бас үүн дээр нэмэгдэнэ. Тэдний дийлэнх нь зүгээр нэг орогнохгүй, хувийн сэдэл, хоноцын сэтгэлээр ханддаг нь нууц биш. Төрийн өмчит компаниудын удирдлага бол бараг бүхэлдээ улс төрчдийн халаасыг дүүргэх давхар үүрэгтэй нь нэгэнт нотлогдсон” гэж УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ярьсан нь өнөөгийн бодит байдал, үнэн төрх. ТАЗ-ийнхөн өөрсдөө ч түүний хэлснийг хүлээн зөвшөөрсөн байна билээ.
Төрийн албанд ийм булхай хэдийн үүрлэчихсэн талаар мэддэггүй хүн ховор. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан бэрхшээл нь зөвхөн өнөөдөр л бий болсон, өдрийн од шиг ховор тохиолдол ч биш. Хэзээнээс л байсан асуудлууд. Яг л яриад яриад өөрчлөгддөггүй ядуурал, утаа, түгжрэл шиг. Харамсалтай нь, хэн ч төрийн албаны ялзралыг устгахыг хүсдэггүй. Хамгийн гол нь үүнд хяналт тавих, зөв чиг шугамд нь оруулах ёстой ТАЗ-ийнхөн ч өдий хүртэл гараа хумхин суусан. 1995 онд байгуулсан, тун удахгүй 30 жилтэйгээ золгох тус зөвлөлийнхөн уг нь хоноцын сэтгэлээр бус, чадлынхаа хэрээр ажиллаж, алдаагаа засаж, сайжруулж ирсэн бол төрийн албаныхны бүтээмж, ажлын чанар нь мэдэгдэхүйц дээшлэх байсан биз ээ.
Гэтэл өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал эсрэгээрээ эргэж, төрийн албан хаагчдын тоо хүн амын бараг долоон хувьд шүргэж, жилээс жилд өссөн ч бүтээмж сайжирсангүй. Жишээ нь, 2021 онд төрийн албан хаагчийн тоо 208 864-т хүрч. Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнгийн мэдээлснээр албан хаагчийн тоо энэ онд 229 621 болж, гурван жилийн дотор 20 мянга гаруйгаар өргөжжээ. Энэ бол манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 20 орчим хувь нь. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхэлдэг таван хүн тутмын нэг нь төрд ажилладаг гэсэн үг. Цаашлаад нийт хүн амын бараг долоон хувийг төрийн албан хаагч эзэлж байна. Төрийн байгууллагын тоо ч нэмэгдсээр буй. Тухайлбал, улсын хэмжээнд 2022 оны эцсийн байдлаар төрийн 4232 байгууллага ажиллаж байж. Тэгвэл энэ онд байгууллагын тоо 4239-д хүрч, долоогоор нэмэгджээ. Энэ бол төр данхайж байгааг илтгэх үзүүлэлт юм.
ТАЗ-ийнхний ажлын цар хүрээг товчхоноор тодорхойлбол, албан хаагчийг хуулийн дагуу томилсон уу гэдгийг шалгах, зөрчилтэй байвал холбогдох албан тушаалтанд хандсан зөвлөмж гаргах юм. Бас төрийн албаны шалгалт авах, тэгээд жилд нэг удаа тайлан гаргаж, УИХ-д танилцуулах төдий л байна. ТАЗ-ийнхний мэдээлснээр 2019-2024 онд 1202 байгууллагын давхардсан тоогоор 20 596 төрийн захиргааны албан хаагчийг хамруулсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Шалгалтаар улсын хэмжээнд зөрчилтэй 2000 томилгоо илрүүлж, түүнийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн гэнэ.
Харамсалтай нь, эдгээрийн цаана төрийн албаны чадамжийг сайжруулах, хүний нөөцийг зөв, оновчтой хуваарилах, төрийн албан хаагчийг яг хэрэгтэй цэгт, зөв газарт нь ажиллуулах бодлого бүрэн орхигджээ. Цаашлаад хаана ямар мэргэжилтэн хэрэгтэй, тэднийг хэрхэн бэлдэж, сургах вэ, бас ямар албан хаагчийн орон тоог хасаж, ажил, үүргийг нь цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг арга хэмжээ ч хаягдсан. Уг нь Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудитыг зөвлөлөөс баталсан төлөвлөгөө, зааврын дагуу хийж, хүний нөөцийн удирдлагын чиг үүргийг сайжруулах зөвлөмж гаргах...” гэж тусгасан байдаг юм билээ. Бас Төрийн албаны тухай хуулийн 66.1.8-д “төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах...” гэж ТАЗ-ийн үүргийг тодорхойлсон нь бий.
Гэсэн ч улс төрийн нам, эрх баригчдын нөлөөгөөр ТАЗ-ийнхний хөл тушаатай, гар “гавтай” байсаар ирэв. Нөгөө талаар эрх баригчид ч тэдэнд дарга мэт авирладаг нь хэвийн үзэгдэл болжээ. Учир нь тус зөвлөлийн төсвийг эрх баригчид хуваарилдаг. Удирдлагыг нь ч УИХ томилдог. ТАЗ үйл ажиллагаагаа парламентад тайлагнадаг. Хуулийн дагуу ТАЗ таван гишүүнтэй, ажлын албатай байна. Нийт орон тоо нь 61. Таван гишүүнээс нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар тус бүр нэгийг “өмчилдөг”. Нөгөө хоёр гишүүн нь ч төрийн албаны төлөөлөл байдаг. Ийм учраас тэд эрх баригчид, томилдог дарга нарынхаа өөдөөс чанга дуугарч, энэ үйлдлийг нь сөрж ажиллаж чаддаггүй бололтой. Шинэ Засгийн газар байгуулснаас хойш ямар хууль бус томилгоонууд хийгээд байгааг лавлахад тэд илт болгоомжилж, “Яамдад шалгалт хийж байгаа” гэх жишээтэй. Уг нь тулгамдсан асуудлаа ил тод болгосноороо шийдүүлж, чадамжаа дээшлүүлэх бус уу.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон шинэхэн парламентын гишүүдийн төлөөлөл, уламжлал ёсоор өнгөрсөн сард ТАЗ-өөр зочилсон. Дарга нарын аманд багтдаг ч түүнээсээ ахиулдаггүй “Төрийн албыг төгөлдөржүүлнэ” гэсэн агуулгатай “алдарт” үгээ ч тэрбээр энэ үеэр хэлж амжив. Д.Амарбаясгалан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичигт төрийн албаны шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн асуудлыг тусгаж чадсан. Төрийн албанд процессын дахин инженерчлэл хийх шаардлагатай. Ингэснээр орчин цаг, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан олон нийтийн хүлээлтэд хүрч чадахуйц бүтэцтэй төрийн албыг бий болгох боломжтой” гэж “попорчээ”. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Алсын хараа-2050” нэртэй, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого гэх тодотголтой “мөрөөдлийн жагсаалт”-д нь “Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг, тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан, иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэх...” гэсэн бодит амьдралаас хол тасархай зорилт тусгасан байдаг.
Гэвч Д.Амарбаясгалангийн “айлчлал”-аас нэг л асуулт хариултгүй хэвээр үлдэв. Олон жил ужгирсан асуудлуудаа хэрхэн өөрчлөх, засаж, сайжруулах тухай ярьсангүй, улс төрийн уриа лоозонгоо давтчихаад явсан. Эзэнгүй мэт төрийн алба, дуртай дарга нь томилгоо хийдэг замбараагүй байдал манай улсад хэр удаан үргэлжлэх вэ. Хэдхэн хүнд даахааргүй ачаа үүрүүлчхээд, дарга нарын “тавиул”-ууд дураараа дургидаг газар гэж төрийн албыг хэзээнээс нь л тодорхойлж ирсэн. Энэ албыг цомхон, чадварлаг болгоно, цахим хэлбэрт шилжүүлнэ гэх зэргээр дарга нар байнга амлаж ирсэн ч бодит байдалд Ж.Баярмаа гишүүний ярьж байгаатай ижил байна. Хүнд хүрдэггүй, хөрсөндөө буудаггүй, тэглээ, ингэлээ, тэгнэ, ингэнэ гэсэн дарга нарын “номлол”, хоосон яриа, уриа лоозон нөхцөл байдлыг өөрчлөхгүй, харин ч ужгируулсаар байна.
Эл нөхцөл байдлыг хэрхэн өөрчилж, шинэчлэхээ ТАЗ-ийнхөн өөрсдөө ч мэдэхгүй байна. Ямартай ч тооцоо, судалгаанд суурилж өөрчлөлт хийх ёстой гэж дарга Л.Цэдэвсүрэн нь ярьжээ. Тэрбээр “Төрийн албаны бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, шинэтгэлийн алхам бүрийг судалгаанд суурилж хийх ёстой. Алсыг харсан, далайцтай бодлого боловсруулж, түүнийг ончтой, эрсдэл багатайгаар хэрэгжүүлэх, шийдвэр гаргалтад судалгаа ус, агаар шиг чухал” гэжээ. Харин үүний шийдлийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хянан шалгах дөрөв дэх засаглал бий болгох нь зүйтэй. Шалгаж, шалгаруулдаг Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газрыг улс төрийн намаас хараат бус, бие даасан байлгахын тулд Үндсэн хуулийн институц болгохоос эхлээд л багагүй өөрчлөлт хийх хэрэгтэй. Яг энэ хэвээрээ байвал дорвитой үр дүн гарахгүй” гэснийг санууштай. Юутай ч 2019 онд төрийн албанд реформ хийхүйц хууль баталсан хэмээн сүржин мэдээлж байсан Төрийн албаны тухай хуулийг шинэ дарга нь таашаахгүйгээс болоод өөрчлөлт оруулж мэдэх нь.
М.ОЧ