Вьетнамын Үндэсний хурал (нэг танхимт парламент)-аар генерал Лыонг Кыонгийг энэ сарын 21-нд Ерөнхийлөгчөөр сонгов. Энэ хүн эрх баригч Коммунист нам (КН)-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн байсан юм. Түүний нэрийг энэ сарын 21-нд ийн дэвшүүлжээ. Ердөө өнгөрсөн тавдугаар сард Төрийн тэргүүн болсон То Лам КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон тул орны хүнийг нь гаргаж ирэх шаардлагатай болжээ. Ийнхүү Вьетнамын 14 дэх Ерөнхийлөгч сонгогдов. Ташрамд өгүүлэхэд тус улс сүүлийн үед Ерөнхийлөгчөө олон сольж буй. Зургаан жилд зургаа дахиа сонгож буй нь энэ. Уг албыг хамгийн удаан хашсан нь Хо Ши Мин. Тэрбээр Ерөнхийлөгчөөр 24 жил ажилласан байдаг.
Одоо шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх таван жил байгаа, хоёр удаа дараалан сонгогдож болно.
67 настай Кыонг 1975 оноос зэвсэгт хүчинд алба хаасан байна. Генерал болтлоо армид ажиллаж, тэндхийн нөлөө бүхий хүн болов. Үзэл суртлын ажил ч хариуцаж явж. 2019 оноос КН-ын дээд байгууллага болох Улс төрийн товчооны гишүүн болжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн албыг хүлээж аваад олон улсын тавцанд улс төрийн бодлогыг үргэлжлүүлнэ гэж амлав. Вьетнамын барааны гадаад гол зах зээл нь АНУ юм. Тэгэхдээ Вьетнам, Америкийн хэлхээ холбоо худалдаанаас цааш гүнзгийрдэггүй. Тэдний хооронд найрамдал, нөхөрлөлийн харилцаа байхгүй аж. Шинжээчдийн үзэж буйгаар Ханой, Вашингтон хоёр ойртохыг Бээжин таашаадаггүй. Хятад бол Энэтхэг, Өмнөд Солонгос, Оросын зэрэгцээ Вьетнамын стратегийн гол түншийнх нь нэг. “Хятадтай маш сайн, найдвартай худалдаа, эдийн засгийн харилцаатай, намууд нь хоорондоо бат бэх түнш байхыг Вьетнам хүсдэг. Оросын хувьд манайд зэвсэг нийлүүлдэг тул сайн харилцаагаа хадгалах эрмэлзэлтэй” гэж улс төрийн шинжээч Нгуен Кхак Жианг хэлсэн байдаг. Шинэ Ерөнхийлөгч олон талт гадаад бодлого явуулах, батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлж, сайн сургасан, орчин үеийн армитай болгоно хэмээн тангараг өргөх ёслол дээрээ хэлсэн байна лээ.
Вьетнамын улс төрийн тогтолцоонд Ерөнхийлөгчийг КН-ын ерөнхий нарийн бичгийн даргын дараа орох хоёрдугаар хүн гэж үздэг. Түүнийг Ардын хурал нь төлөөлөгчдийнхөө дотроос сонгоно. Бүрэн эрх нь парламентын засаглалтай орнуудтай ижил. Үндэсний батлан хамгаалах зөвлөлөө удирдаж, дайны цагийн байдал тогтоож, өршөөл үзүүлэх тухай шийдвэр гаргаж, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Дээд шүүхийн дарга, ерөнхий прокурор нарыг томилох саналыг Үндэсний их хуралд оруулж, дипломат төлөөлөгчдийг томилж, гадаад, орнуудын дипломат төлөөлөгчдийг хүлээн авч, Вьетнамын харьяаллаас гаргах, улсынхаа иргэн болгох шийдвэр гаргаж, олон улсын тавцанд улсаа төлөөлнө. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг. Вьетнамд нэг намын тогтолцоотой, КН-ын Төв хороо нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.
Лыонг Кыонг 1957 онд Вьетнамын умард нутагт Футхо мужид төржээ. 1975 онд армид алба хааж, албан тушаал, цол зэргийн шатаар өгссөөр 2019 онд генерал болсон аж. 1978 оноос КН-д элсэж, 2011 онд Төв хорооны гишүүн болсон байна. Хо Ши Миний нэрэмжит Үндэсний академи төгссөн. 2011-2016 онд ардын армийн Улс төрийн ерөнхий газрын орлогч даргаар ажиллаж байгаад 2016 онд уг байгууллагыг удирдсан байна. Энэ албыг хашиж байхдаа 2019 онд Орост айлчилж, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовтой цэрэг-техникийн салбарт түншлэлийн харилцааг бэхжүүлэх хэлэлцээр хийсэн. 2021 онд Үндэсний хурлын бүрэлдэхүүнд оржээ.
Лыонг Кыонг 1979 онд болсон Вьетнам-Хятадын хилийн дайнд оролцож байв. Тэрбээр Вьетнамын ардын армийн 15 дахь генерал цолтон юм. 2016-2024 онд Цэргийн төв комиссын байнгын хорооны болон түүний шалган байцаах комиссын дарга, Авлигатай тэмцэх төв хорооны гишүүнээр ажиллаж байж.
БРИКС-т нэгдэх боломжийг Вьетнам улс судалж байна. Саяхан Оросын Казань хотод болсон гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Ерөнхий сайд Фам Минь Тинь оролцсон. Вьетнамын шинэ Ерөнхийлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэж, хоёр улсын хооронд бүхий л салбарт үр ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь хоёр улсын ард түмний эрх ашигт нийцэж, Ази-Номхон далайн бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг хангахад нөлөөлнө гэж Владимир Путин үзэж байгаа аж. Оросын Ерөнхийлөгч өнгөрсөн наймдугаар сард Вьетнамын Төрийн түрүүчийн тэргүүнтэй утсаар ярьж, хамтын ажиллагаагаа ахиулахаар тохирсон байжээ. Вьетнамын парламент (Ардын хурал)-ын дарга Чан Тхань Маныг Путин есдүгээр сард Кремльд хүлээн авч уулзсан аж.
Вьетнамд намын үүрэг, нэр хүнд өндөр. 1930 оноос КН нь Вьетнамын төдийгүй Зүүн өмнөд Азийн бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлын баталгаа болж ирсэн гэж үздэг байна. Үүнийг Ази тив тус бүс нутгийн эдийн засаг, улс төрийн өсөлтийн тэргүүлэгч болсон ХХI зууны эхлэлтэй холбон үзэх хэрэгтэй аж. Ийнхүү дэлхийн хувь заяаны төлөө хүлээх улс төрийн тус байгууллагын хариуцлага бодитой болсон байна.
Олон улсын улс төрийн харилцаанд Ханойн баримталж буй тэнцвэртэй байр суурь олон оронд үлгэр жишээ болдог. Вьетнам нь ACEAH, НҮБ зэрэг олон улсын байгууллагын идэвхтэй гишүүн юм. Тодорхой асуудлыг шийдвэрлэхэд тус улс анхаарлаа гойд чиглүүлдгийн жишээ нь Туркэд газар айхтар хүчтэй хөдөлсний үр дагаврыг даван туулахад аврах хүчнээ оролцуулсан явдал гэж үздэг. 2023 онд Хятадын дарга Си Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Вьетнамд айлчилсан нь өнөөдөр энэ улс орчин цагийн ертөнцөд ямар байр суурьтай байгааг харуулсан үйл явдал болсон гэж хэлж болно. Хятадын удирдагчийн айлчлал хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон төдийгүй Ханой, Бээжин хоёрын харилцааг гүнзгийрүүлж, дипломат бодлогын загвар болсон гэж үнэлдэг юм. Тэгвэл Вьетнам-Америкийн харилцааны талаар ярихдаа хоёр улсын түншлэл улам бүр бэхжиж байгаа хийгээд Европын аливаа асуудлыг шийдэхэд Вьетнамын байр суурь чухал болохыг тэмдэглэх болжээ. Агаарын бохирдол, улс төрийн төдийгүй дэд бүтэц, тээврийн асуудлаар Ази болон дэлхий дахины өмнө тулгараад буй нэг ч асуудлыг бүс нутгийн үйл явдлын төвд байгаа орны нь хувьд Вьетнамын оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүй болсон байна.
Одоогийн байдлаар Хятад, Орос, Япон, Өмнөд Солонгос, АНУ гэсэн зургаан улстай стратегийн түншлэл тогтоогоод байна. Вьетнамын Коммунист намын үйл ажиллагааны нэг чухал чиглэл нь авлига болоод байна. Авлигын нэлээд хэдэн томоохон хэргийг мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлжээ. Авлигатай холбоотой хэргийг нуухгүй, тууштай илрүүлж, хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч байгаа нь олон орны хүрч чадаагүй байгаа түвшинд Вьетнамын имижийг хүргээд байна. Вьетнамын цагаан будааны экспорт 4.4 тэрбум долларт хүрсэн нь 2009 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2020 оноос бас урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн аж. Вьетнамын эдийн засгийн загварыг дасгал, сургуулилалтын талбай биш, орчин цагийн хүчтэй, найдвартай төрийн тогтолцоо гэж үзвээс зохилтой хэмээн гадаадын хэвлэлд бичиж байна.