Монголын бүх ард түмний спартакиад XV наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдэд шилдгүүд үлдэж, медалийн төлөө өрсөлдөн, аваргаа тодруулсаар байна. Ойрын өдрүүдэд тэмцээн, уралдаан ширүүхэн өрнөж, үзэгчид тамирчдаа дэмжин дуртай спортоороо амьсгалж буй. Тус тэмцээнд аймаг, дүүргээ төлөөлсөн баг, тамирчид хэрхэн амжилт гаргасныг тоймлон хүргэе. Бүх ард түмний наадам энэ сарын 19-нд өндөрлөх юм.
ТАЕКВОНДО
Монголын бүх ард түмний спартакиад XV наадмын таеквондогийн шигшээ тэмцээнд 20 багийн 160 (эрэгтэй 91, эмэгтэй 69) тамирчин өрсөлдөв. Олон улсын зэрэгтэй зургаа, улсын зэрэгтэй 14 шүүгч дэнсэлсэн тус тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Чингэлтэй дүүргийн А.Азбаяр тодорсон. Тэрбээр “Рио-2016” олимпын наадмын оролцогч П.Тэмүүжинг аваргын төлөөх тоглолтод ялсан нь онцлох тулаан байв. А.Азбаяр өдгөө 17 настай, Үндэсний шигшээ багт бэлтгэл хийдэг. Вьетнам улсын Хо Ши Мин хотод өнгөрсөн сард болсон залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль зүүсэн нэгэн. Эмэгтэйчүүдээс Баянзүрх дүүргийн М.Сувд-Эрдэнэ шилдгээр шалгарлаа. Тэрбээр өмнөх наадамд (XIV) 49 кг-ын жинд тэргүүлсэн бол энэ удаа 46 кг-д алтан медаль гардаж, хошой аварга болжээ. Багийн дүнгээр Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийнхэн (зургаан алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль) тэргүүлж, Чингэлтэй (таван алт, нэг мөнгөн медаль), Налайх дүүргийнхэн (нэг алтан медаль) удаалав.
ЧӨЛӨӨТ БӨХ
Баянгол дүүргийн Спорт хорооны зааланд болсон чөлөөт бөхийн тэмцээнд 19 аймаг, долоон дүүргийн 198 тамирчин олимпын жингийн ангилалд хүч сорьсон. Хамгийн онцлох үйл явдал нь эрэгтэйчүүдийн 97 кг-д ОУХМ О.Үйтүмэн тус наадамд гурав дахь удаагаа тэргүүлсэн нь байв. Харин бусад жинд түрүүлсэн бөхчүүд анх удаа спартакиадын аварга болов. Багийн дүнгээр Орхон аймаг (гурван алт, нэг хүрэл) I, Баянзүрх дүүргийнхэн (хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл) II, Дархан-Уул аймгийнхан (нэг алт, хоёр мөнгө) III байрт жагслаа.
ДААМ
100 буудалт даамын шигшээ тэмцээн “Монгени” цогцолбор сургуульд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөв. Энэ удаа 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан эрэгтэй 27, эмэгтэй 26 тамирчин швейцар системээр долоон өрөг тогложээ. Тэмцээнд ОУИМ тав, Дэлхийн даамын холбооны мастер найм, Дэлхийн даамын холбооны дэд мастер хоёр, спортын мастер 18, дэд мастер цолтой 14 тамирчин оролцсон. Энэ удаагийн наадамд гадаад, дотоодын тэмцээнд өрсөлддөг өндөр чансаатай шилдгүүд тоглолтыг тэргүүлж байсан. Тэднээс Булган аймгийн тамирчин, ОУИМ Б.Мөнхжин аваргаар тодорч, Ц.Сүхбат (Хан-Уул), Р.Манлай (Баян-гол дүүрэг) нар онооны хол зөрүүгүй шил дарсан юм. Эмэгтэйчүүдээс Сүхбаатар дүүргийг төлөөлж оролцсон ОУИМ М.Нямжаргал тэргүүлж, шилдэг гэдгээ баталлаа. Залуу даамчдаас Б.Мөнхжин (Хан-Уул дүүрэг) аман хүзүүдэж, Г.Энхтуяа (Өвөрхангай аймаг) III байр эзэлсэн юм. Багийн тэмцээнд Хан-Уул дүүргийнхэн “цахиур хагалж”, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн даамчид удаах байрын шагналтан боллоо.
ШАТАР
Бүх ард түмний наадмын шатрын шигшээ тэмцээний наймдугаар тойрогт ширүүхэн “тулаан” өрнөсөн. Тэр дундаа эмэгтэйчүүдийн ангилалд. Эхний зургаан ширээний тоглолт бүгд хожилтой байсан нь тэмцээний уур амьсгалыг улам сонирхолтой болгов. Их мастеруудаас Б.Мөнгөнтуул тэмцээнийг хошуучилж явсан Ү.Үүрийнтуяаг, Дэлхийн шатрын холбооны мастер Э.Хулан олон улсын мастер Д.Янжиндуламыг яллаа. Хашир туршлагатай аваргуудаас олон улсын мастер Б.Анхчимэг цол нэгт О.Өлзийхишигжаргалыг хожиж, олныг алмайруулсан. Эрэгтэйчүүдийн тоглолт ч мөн л сонирхолтой үргэлжилж байна. Их мастер Г.Мөнхгал Дорнод аймгийн Д.Дүүрэнжаргалыг хөлөг дээр буулган авч, 6.5 оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Тэмцээнийг өнгөлж яваа спортын мастер Х.Итгэлт их мастер Ц.Батчулуун нар тэнцэж “эвийн гэрээ байгуулсан” юм.
ДУГУЙ
Эрэгтэйчүүдийн засмал замын дугуйн тэмцээний бөөн гараат 150 км-ийн уралдаан өнгөрсөн мягмар гарагт болсон. Хурд сорьсон тамирчдын тэсвэр хатуужил, ур чадвар, мэдрэмжийг тэр өдрийн хүчтэй салхи багагүй шалгаад авав. Олны ширүүн өрсөлдөөнөөс Хөвсгөл аймгийн тамирчин, 2021 оны улсын аварга, ОУХМ Э.Болор-Эрдэнэ цойлж, энэ удаа ч шилдэг болохоо харуулсан. Эмэгтэйчүүдийн бөөн гараат 50 км-ийн уралдаан мөн л сонирхолтой болж, өнгөрсөн хавар Тажикистаны Душанбе хотод зохион байгуулсан Азийн аваргаас хүрэл медальтай ирсэн Ц.Солонго туршлага зааж түрүүллээ. Багийн төрөлд Баянзүрх дүүргээс оролцсон “Алдар” спорт хорооны дугуйчид аваргын цомоо энэ удаа ч алдсангүй.
БУУДЛАГА
10 метрийн хийн урт бууны шигшээ тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 20, эмэгтэйчүүдийнхэд 23 тамирчин онч сорив. Эрэгтэйчүүдээс Хэнтий аймгийн Б.Эрхэмбаяр алтан медаль хүртэж, ОУХМ цолны болзол хангалаа. Мастеруудын дэлхийн аварга, Увс аймгийн Ц.Мөнх-Эрдэнэ мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Баянзүрх дүүргийн тамирчин Н.Баяраа хүрэл медаль зүүсэн юм. Эмэгтэйчүүдээс Хан-Уул дүүргээс дэлхийн цомын хүрэл, универсиад наадмын аварга, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Г.Нандинзаяа аваргаар шалгарч, мэргэн гэдгээ харуулав. Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, Булган аймгийн Т.Золжаргал, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Баянзүрх дүүргийн О.Янжинлхам нар удаалж, шилдгүүдийн эгнээнд бичигдэж байгаагаа амжилтаараа илэрхийлсэн. Н.Баяраа нь “Лондон-2012”, Г.Нандинзаяа “Рио-2016” зуны олимпод эх орноо төлөөлөн оролцож байв.
Олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээнд долоон багийн 14 тамирчин өрсөлдсөн. Тэднээс Баянзүрх дүүргийн Э.Даваахүү, Г.Хэрлэнцэцэг нар тэргүүн байрт шалгарч, гэр бүлээрээ энэ спортоор олон жил тууштай хичээллэсэн туршлагаа “гайхуулав”. Увс аймгийн Ө.Төгөлдөр, Х.Уртнасан нар мөнгө, Багануур дүүргийн Э.Хишигдэлгэр, Г.Алтангэрэл нар хүрэл медалийн эзэн болсон байна. Токиогийн олимпод цэц сорьсон Э.Даваахүү Монголын бүх ард түмний спортын XV наадмаас гурав дахь медалиа гардаад буй. Түүнтэй алтан медалийн тавцанд хамт зогссон гэргий Г.Хэрлэнцэцэг нь Армийн тоглолтын аварга юм.