Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ий иж бүрэн медальт, Азийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдогоос зодог тайлж, холимог тулааны талбарт хөл тавьсан. Гурван сар бэлтгэл базаасан тэрбээр АНУ-ын Арканзас мужийн Жонсборо хотод өчигдөр PFC (Peak fighting championship) холбооны 52 кг-ын жинд сонирхогчийн аваргын бүсний төлөөх анхны тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь Техас мужаас гаралтай тамирчин Амбер Террелл байсан бөгөөд М.Уранцэцэг II үед (01.27 секундэд) боолтоор цэвэр ялав. Өрсөлдөгчөө буулгаж авсныхаа дараа тэрбээр “Би түүнтэй барилдаж, цохиж унагаана гэж бодсон. Эхний үед ялна гэж тооцоолсон ч дараагийнхад нь дуусгасандаа баяртай байна. Надад бодсон зүйл их бий. Үүнээс цааш том амжилтууд байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Өдгөө 25 настай Амбер Террелл 15 настайдаа спортын гараагаа боксоор эхлүүлж, жиү жицүгээр үргэлжлүүлэн хичээллэжээ. Долоон тулаан хийснээс дөрөв ялж, гурав ялагдсан тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сарын 17-нд тулалдаж ялсан юм.