Гоц халдварт тарваган тахал өвчний сэжигтэй хоёр тохиолдол Ховд аймагт илэрснийг бид урьд нь мэдээлсэн. Тухайн хоёр иргэн тарваган тахлаар өвчилсөн нь өчигдөр нотлогдов. Эрүүл мэндийн яамнаас энэ талаар “Хоёр иргэн тарваган тахлаар өвчилснийг молекул биологийн шинжилгээгээр тогтоолоо” хэмээн мэдээлсэн юм. Тус яамны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өвчилсөн хоёр хүн Ховд аймагт байна.27 настай залуу аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлж буй. Биеийн байдал нь хүнд байгаа. Түүний дүү 16 настай хүү Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй юм” хэмээлээ. Өвчилсөн хоёр иргэний нэгдүгээр хавьтлын 146, хоёрдугаар хавьтлын 504 хүнийг албаныхан олж тогтоосон аж. Тэднээс одоогоор ойрын хавьтлын 146 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан гэнэ. Түүнчлэн Жаргалант, Цэцэг сумд хөл хорио тогтоосон. Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн Зооноз өвчин судлалын төвийн мэргэжлийн багууд өдгөө халдварын голомтод ажиллаж байна.
Бэлтгэсэн: М.Оч