Өчигдөр буюу Пүрэв гарагт Их Британийн Оксфордын их сургуулийн судлаачид коронавирусийн эсрэг боловсруулсан вакциныг сайн дурынхан дээр туршиж эхэлжээ. Энэ тухай BBC агентлаг мэдээлэв. ChAdOx1 nCoV-19 нэртэй вакциныг гурван сарын хугацаанд бүтээжээ. Судалгаанд эхний ээлжид 800 гаруй сайн дурынхан оролцох бөгөөд одоогоор зөвхөн эхний хоёр хүнд л вакциныг хийсэн байна. Судлаачдын багийг Женнерийн хүрээлэнгийн вакцины мэргэжилтэн, профессор Сара Гилберт удирдсан аж. “Мэдээжийн хэрэг, бид вакциныг олон хүн дээр туршиж үзэж, мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Бэлдмэл үнэхээр үр дүнтэй бөгөөд коронавирусын өвчнөөс урьдчилан сэргийлж чадаж байна гэдгийг харуулсныхаа дараа л нийтэд ашиглах боломжтой болно” гэж тэрбээр ярьжээ. Туршилтад орж буй сайн дурынхны нэг хэсэгт нь шинэ вакциныг тарих бол нөгөө хэсгийнхэнд менингитийн эсрэг вакциныг хийх юм байна. Өчигдөр биологч Элика Гранато ба хавдрын эмч Эдвард О’Нил нар вакцинд хамрагджээ. Эдгээр хоёр сайн дурын ажилтан дээрх хоёр вакцины алийг нь хийлгэснээ өөрсдөө ч мэдээгүй гэнэ. Гурав дахь өдөр туршилтад зургаан хүн орох аж. Тав дахь өдөр ямар нэрэг сөрөг нөлөө илрэхгүй бол илүү олон тооны хүнд вакциныг тарих юм байна. Өмнө нь Женнер хүрээлэнгийн захирал Адриан Хилл хэлэхдээ клиник туршилт дуусаагүй байсан ч есдүгээр сар гэхэд сая вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Шинэ вакцин үр дүнтэй болох магадлалыг эрдэмтэд 80 орчим хувьтай хэмээн дүгнэж байна. Их Британийн засгийн газар коронавирусын халдварын эсрэг вакциныг бий болгоход 250 сая фунт (310 сая доллар) зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд нийт 27 судалгааны төслийг санхүүжүүлээд байгаа аж. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр одоогоор дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын эсрэг 70 вакциныг боловсруулж байна Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар вакциныг туршиж, үр нөлөөг нь баталж, үйлдвэрлэж эхэлэхэд нэг жил орчим болох аж.