Дэлхий даяар тархсан Covid-19 цар тахлын эрсдэлийн үед Монголбанкны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн тоноглогдсон авто машин гардууллаа. Түргэн тусламжийн авто машин гардуулах үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар албаны хүмүүсийн хамт оролцлоо.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Энэ хүнд цаг үед фронтын галын шугамд ард түнийхээ эрүүл энхийн төлөө цаг нар наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарынхан түүнчлэн онцгой байдлын ажилтан албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сэтгэлийн дэм өгөхөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг Монгол ардын маань сайхан үг байдаг. Ийм хүнд нөхцөлд бүхий л оролцогчдын бие биеэ дэмжсэн, нөхсөн, харилцан тусалсан хамтын ажиллагаа нь хор уршиг үр дагаврыг илүү зөөллөж багасгана гэдэгт итгэлтэй байна. Монголбанканд татан буугдсан банкны өр авлага барагдуулах ажиллагааны хүрээнд эмнэлгийн тэрэг хураагдан багагүй хугацаанд хадгалагдаж байсныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монголбанкны хамт олноос ХӨСҮТ-д шилжүүлэхээр шийдээд байна” гэлээ.
Монголбанкнаас ийнхүү онцгой байдлын үед эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нь Монгол улсын Засгийн Газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах талаар төрийн байгууллагын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх мөн Гамшгаас хамгаалах тухай болон бусад хууль, үүнтэй холбоотой үндэсний хөтөлбөр зэрэгт тусгасан холбогдох заалтуудад үндэслэгдэж байгаа гэж Монголбанкнаас мэдээллээ.