АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарлаа. Гол холбоотон нь болох Израилийн бодлогыг шүүмжилсэн тогтоолыг тус зөвлөл саяхан гаргасан нь ийм алхам хийх шалтаг болжээ. НҮБ-ын бүтцийн үйл ажиллагаанд АНУ-аас оруулдаг хувь нэмрээ Д.Трамп багасгах бодлого баримталж байгаа гэсэн тайлбарыг мэдэгдлээрээ дамжуулан өгсөн байна.
Урьд нь америкчууд хэд хэдэн агентлаг, төслийн санхүүжилтээ эрс багасгаж, ЮНЕСКО-гоос гарсан нь тус байгууллагын Израилийн талаарх байр суурь багагүй нөлөөлсөн хэмээн ажиглагчид тайлбарлаж байна.
Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли нар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарах шийдвэрээ зарлажээ. Урьд нь Д.Трамп тус зөвлөлийг удаа дараа тухайлбал, Израилийн асуудлаар гишүүдийнх нь олонхын байр суурийн төлөө шүүмжилж байсан юм.
Харин Никки Хейли өнгөрсөн онд “Washington post” сонинд гаргасан нийтлэлдээ Израилийг шүүмжлэхээс татгалзахыг НҮБ-ын тус зөвлөлд уриалсан байна. “Хүний эрхийн зөвлөл хүний эрхийг дээд зэргээр хамгаалдаг Израилийг шүүмжилсэн 70 гаруй тогтоол баталсан. Харин хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг Иран улсыг буруушаасан долоохон тогтоол гаргажээ. Энд илэрхий ноцтой асуудал байна” гэж тэрбээр бичсэн байв.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 18-нд Хүний эрхийн зөвлөл Палестины булаан эзлэгдсэн нутаг дэвсгэр, түүний дотор Зүүн Йерусалимд хүний болон олон улсын хүмүүнлэгийн эрх зөрчсөн хэргийг мөрдөн шалгахаар олон улсын бие даасан комисс яаралтай илгээх шийдвэр гаргасан нь тус байгууллагаас АНУ гарах шалтаг болсон гэнэ.
Тодруулбал, гуравдугаар сарын 30-наас хойш Газын зурваст Израилийн цэргийнхэнтэй мөргөлдсөний улмаас палестинчууд хэдэн арваараа амь үрэгдсэн хэрэг болсон билээ. АНУ-ын ЭСЯ-ыг Тель-Авиваас Йерусалим руу шилжүүлэхтэй холбоотойгоор уг мөргөлдөөн эхэлсэн.
“Хүний эрхийг хамгаалах байгууллага хэрнээ үнэн мөнийг тодруулалгүй, өөрийгөө хамгаалах эрхийг хязгаарласан шийдвэр гаргаж, Израилийг ялгаварлан гадуурхлаа” хэмээн тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тэр үед мэдэгдсэн юм. Түүний зөвлөх асан, Израилийн улстөрч Бенни Брискин АНУ-ын шийдвэрийг тайлбарлахдаа “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл өнөө болтол оршин тогтнож буй нь хачирхалтай.
Дэлхий дээр дайн, терроризм, өлсгөлөн, болоогүй, Сирид хэдэн зуун мянган хүн амь үрэгдээгүй, Туркт сэтгүүлчдийг мөрдөн шалгаагүй юм шиг зөвхөн Палестин, Израилийн мөргөлдөөний талаар хамгийн олон тогтоол гаргасаар байна” гэжээ.
Үүний сацуу Д.Трампын цагаачлалын бодлого маргаан дагуулсан нь АНУ-ын шийдвэрт нөлөөлсөн байх. Хүүхдийг хууль бусаар хил давуулбал хуульд заасны дагуу хүүхдийг тусгаарлана гэж АНУ-ын Хууль зүйн сайд Жефф Сешенс өнгөрсөн сард мэдэгдсэнээс хойш тус улсад хил зөрчин нэвтрэхийг оролдсон 2000 орчим хүүхдийг эцэг, эхээс нь салгажээ.
Үүнийг олон улс, тэдгээрийн дотор Мексикийн Гадаад хэргийн сайд Луис Видегарай Касо эсэргүүцэж, харгис, хүнлэг бус арга болохыг тэмдэглэсэн. Эцэг, эхийг нь айлгахын тулд хүүхдийг хүчээр гэр бүлээс нь салгадаг бодлогоо нэн даруй зогсоохыг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Зейд Раад аль-Хусейн уриалсан билээ.
Мөн “Хүний эрхийн зөвлөл БНАСАУ, Сири, Мьянмар, Өмнөд Судан зэрэг улсын асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин Д.Трамп ганц Израилийн эрх ашгийг л хамгаалж байна” гэж олон улсын хүний эрхийн төлөө тэмцдэг “Human rights watch” байгууллагын гүйцэтгэх захирал Кеннетт Рот мэдэгджээ.
Нөгөөтэйгүүр, энэ оны нэгдүгээр сарын 16-нд Төрийн департамент НҮБ-ын Ойрхи Дорнодын агентлагийн Палестины дүрвэгсэд, тус байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зориулдаг зардлаа танахаа зарласан. Өнгөрсөн онд Вашингтон тус агентлагт 350 гаруй сая доллар шилжүүлсэн нь төсвийнх нь тал орчим хувийг бүрдүүлсэн юм.
Харин энэ онд 60 саяыг л шилжүүлжээ. Ингэснээр Газын зурвас болон тус бүс нутгийн бусад хэсэгт яаралтай үзүүлдэг тусламжаа багасгаж буй гэнэ. Энэ зорилгод бусад улсын дэмжлэг авах зорилготой хандивлагчдын бага хурал энэ сарын 25-нд Нью-Йорк хотод болно.
Мөн өнгөрсөн гуравдугаар сард Н.Хейли “НҮБ-ын энхийг сахиулах хөтөлбөрийн санхүүжилтийн 28.5 хувийг АНУ бүрдүүлдэг байснаа 25 болгож бууруулна” гэж мэдэгдсэн билээ.
Хүний эрхийн зөвлөл нь Швейцарийн Женев хотод байрладаг, НҮБ-ын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, хүний эрхийг хамгаалдаг Засгийн газар хоорондын байгууллага юм. Тус зөвлөл 2006 онд НҮБ-ын Хүний эрхийн комиссын халааг авсан. Тэр үед эл комисс хүний эрх зөрчигч орнуудыг бүрэлдэхүүндээ багтаасан зэрэг шүүмжлэлийн улмаас нэр хүндээ алдаад байсан юм.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд НҮБ-ын гишүүн бөгөөд Ерөнхий ассамблейгаас сонгогдсон 47 улс багтдаг. Дэлхий даяар хүний эрхийг бүх нийтээр хүндэтгэн, хамгаалахад тусламж дэмжлэг үзүүлэх, хүнийг эрх зөрчсөнтэй холбоотой нөхцөл байдлыг хэлэлцэх, тэрчлэн зохих зөвлөмжүүдийг бэлтгэх зорилготой. Ерөнхийлөгч бага Жорж Бушийн үед 2006 онд АНУ Хүний эрхийн зөвлөлд элсэхээс татгалзсан.
Энэ шинэ байгууллагыг эрс шүүмжлэгчдийн нэг нь тухайн үед НҮБ дэх АНУ-ын байнгын төлөөлөгч байсан, өдгөө Д.Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жон Болтон байв. Зөвлөлд АНУ 2009 онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед нэгдсэн билээ.