Турк улс Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх ажиллагаанд автсан энэ үед дэлхийн олон нийт дүрвэгсдийн хямралд автжээ. АНУ, Европын бүх хэвлэлийн эхний нүүр цагаач, дүрвэгчдэд зориулагдсан байна. Зарим улсад уг хямралын улмаас эрх баригч дэглэм нь унаж буй. Энэ асуудлын улмаас Европын холбоо задрахын ирмэгт туллаа. Дүрвэгсдийн талаар баримталдаг бодлогоо эш үндэс болгон аргаа барахдаа бие биетэйгээ барьцах болов хэмээн Туркийн “Milliyet” сонинд бичжээ.
АНУ, ЕВРОП САНДРАЛД ОРЖЭЭ
Германд сонгуулиас хойш бараг таван сарын дараа байгуулсан эвсэл задарч болзошгүй байна. Засгийн газар байгуулсан түншүүд болох Канцлер Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо (ХАХ) нам Христийн социал холбоо (ХСХ)-тойгоо түнжин хагарчээ. Европын холбооны бусад улсад бүртгэгдсэн дүрвэгсдийг Герман хилээр нэвтрүүлэхгүй байхыг ХСХ-ны дарга бөгөөд Дотоод хэргийн сайд Хорст Зеехофер шаардаж байна.
Харин А.Меркель “Ингэх боломжгүй. Европын холбоотой хамтран шийдье” гэжээ. Ингэснээр эвсэл тарахдаа тулж, дүрвэгсдийн хямралыг хэлэлцэх асуудлыг энэ сарын 28-29-нд болох Европын холбооны дээд хэмжээний уулзалт хүртэл хойшлууллаа. Хэрэв тус уулзалтаар нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй бол “шуурга” дэгдэх нь тодорхой.
Европын холбооны бусад улсын талаар тодруулбал Итали, Испани, Франц мөн хагаралдсан. Өнгөрсөн долоо хоногт 630 цагаач бүхий хөлөг онгоцыг хүлээж авалгүй, Газар дундын тэнгист эргэлдүүлсэн Итали болон Мальта улс Европын холбоог сандаргав. Тус хоёр улс хийгээд цагаачдыг хүлээж авсан Испани, тус улсыг дэмжсэн Франц хооронд тэмцэл өрнөсөөр байна.
АНУ ч цагаачдын хямралд автаж, Д.Трампын бодлого бүтэлгүйтлээ. Цагаачдын хүүхдүүдийг эцэг, эхээс нь салгаж, тусгай төвүүдэд илгээдэг баримт тус улсыг ганц хором амар заяа үзүүлсэнгүй. Олон мянган хүний жагсаалд тэргүүн хатагтай нэгдэж, “АНУ-ыг зүрх сэтгэл удирдах ёстой” хэмээн мэдэгджээ. Үүний ачаар Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагаачдын төвүүдтэй танилцаж, тэдний амьдарч буй нөхцөлийг сурвалжилсан байна. Нэг үгээр хэлбэл, дүрвэгсдэд анх удаа тоон талаас бус, хүнийх нь хувиар ханджээ.
ҮЗЭН ЯДАЛТ УУ, АЙДАС УУ
“Харийнхныг” үзэн ядах үзэл түүхэнд хэзээ ч ингэж газар авч байсан удаагүй. Урьд нь олон янзын соёл, шашин, арьстай хүмүүс ингэж бие биетэйгээ ойр байгаагүйгээр үүнийг тайлбарлаж болох юм. Хүн төрөлхтөнд тулгарсан шилжилт хөдөлгөөний давалгаа бидэнд “Хамтдаа амьдарцгаая” хэмээн хэлж буй. Гэвч хүмүүс өөр байр суурь илэрхийлж байна. Бие биенээ үзэн ядах үзэл аажмаар газар авах болжээ.
Үзэн ядалт мэт харагдаж байгаа зүйл нь үнэн хэрэгтээ айдас. Даяаршил, шинэчлэл нь цагаач, дүрвэгсдийн давалгааг маш түргэн үүсгэлээ. Шилжин ирэгсэд эзэмшдэг зүйлсийг нь авна хэмээн дүрвэгсдийг хүлээн авагч орнуудын уугуул иргэд айж байна. Испанийн зохиолч Мигель де Сервантес “Нийгмийн тэгш бус байдлын бүх хэлбэр хөрөнгөтэй болон хөрөнгөгүйчүүдийн хагарлаар илэрдэг” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Харамсалтай нь, засаглал хэлбэрийн хувиар ардчилал болон эдийн засгийн тогтолцооны хувиар капитализм шинэ нөхцөл байдлын шийдлийг олж чадсангүй. Түгшүүр, исламын шашныг үзэн ядах үзэлд нь дөрөөлөн хүмүүсийн айдас дээр тоглож буй улс төрийн намууд байр сууриа түргэн бэхжүүллээ. Тэдний боловсруулж буй бодлого үзэн ядах үзлийг улам хүчтэй болгож байна.
Гэхдээ энэ бүхэн ардчилал мөхөхийг ч, даяаршил төгсөхийг ч илтгэхгүй. Үнэндээ өдгөө хүн төрөлхтөн эдгээр тогтолцоог засаж залруулах боломж олгосон туршилтыг туулж байна. Хүн төрөлхтөн “харийнхныг” хүлээн зөвшөөрөх тэр цагт ардчилал ч, капитализм ч сайн тал руугаа хувирч өөрчлөгдөж мэдэх юм.