АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд уулзсанаар дэлхий нийтийн энх тайван байдалд шинэ дэвшил гарсан хэмээн олон улсын шинжээчид дүгнэсэн. Тэгвэл дэлхий нийт Доналд Трамп Владимир Путинтэй уулзах эсэхэд онцгой анхаарч байна. Учир нь уг уулзалт болвол дэлхийн улс төрийн өнөөгийн хөндий уур амьсгал зөөлрөхөд чухал нөлөөтэй юм. Тиймээс ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчдийн боломжит уулзалтын талаар Барууны хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэдний таамаглаж байгаагаар ирэх долдугаар сард товлогдож магадгүй байна. АНУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ч гэсэн ийм таамагтай байгаа талаар The Times мэдээллээ. Британийн Засгийн газрын эх сурвалжийн ярьсанаар долдугаар сарын 11-нд болох НАТО-гийн саммитаас өмнө эсвэл Трампын Их Британид хийх албан айлчлалын дараагаар тус уулзалтыг зохион байгуулах сонирхол Америкийн талд байгаа гэнэ. Харин Трамп Их Британид айлчилсаныхаа дараа Путинтай уулзах нь Британийн талд ашигтай байгаа аж. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Трамп, Путины уулзалт НАТО-гийн саммитын өмнө болвол хоёр орны одоогийн харилцааг зөөлрүүлчих “эрсдэлтэй” байх гэнэ. Уулзалт болох газрыг урьдчилсан байдлаар Австрийн нийслэл Вена хэмээн тогтжээ. Венаг сонгосон шалтгаан нь АНУ, ОХУ-ын элссэн Европын аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааны байгууллага тус хотод байрладаг. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “АНУ-тай ямар нэгэн тодорхой ойлголцолд хүрээгүй” хэмээн мэдэгдэв.