Босогчдын гэгддэг байсан “Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин” хэмээх байгууллагатай хийсэн энхийн гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгдэв. Сонгуулийн дүнг зарласны дараа тэрбээр дэмжигчдийнхээ өмнө үг хэлжээ.
“Тогтоосон энх тайван байдлыг бид үнэлж байгаа ч жинхэнэ хохирогчид анхаарлын төвд байхаар өөрчлөлт оруулах хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлснийг “Caracol” телевиз уламжилсан байна.
Колумбын Засгийн газар босогчдын дээрх байгууллагатай 2016 оны арваннэгдүгээр сард энхийн гэрээ байгуулсан. Ингэснээр 50 гаруй жил үргэлжилж, 250 мянга давсан хүний амь авсан мөргөлдөөнийг эцэс болгосон билээ. Босогчдын дийлэнх олонх нь зэвсгээ хураалгаж, “Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин” нь улс төрийн хөдөлгөөн болсон юм.
Тус улсын Сонгуулийн комиссын цахим хуудсанд мэдээлснээр барууны “Ардчилсан төв” намаас нэр дэвшсэн, сенатч асан Иван Дукег сонгогчдын 53.9 хувь нь дэмжсэн бол түүний өрсөлдөгч, зүүний эвслийг төлөөлөгч, Богота хотын дарга асан Густаво Петро 41.8 хувийн санал авчээ. Хэнийг нь ч дэмжихгүй гэсэн санал 4.2 хувьтай байв. Сонгогчдын ирц 53 хувьтай байсан гэнэ.