АНУ ирэх сарын 6-наас Хятадаас оруулах 34 тэрбум долларын бараанд 25 хувийн татвар ногдуулах болсныг тус хоёр улсын худалдааны хэлэлцээнд Америкийг төлөөлөн оролцогч Роберт Лайтхайзерийн ажлын албанаас мэдэгджээ. “Гааль, хилийн алба Хятадын 818 нэрийн бараанаас татвар авна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
“Мөн тус улсын 16 тэрбум орчим долларын үнэ бүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн, хий, нүүрс, зэсийн бүтээгдэхүүн зэрэг 284 нэрийн бараанд татвар ногдуулах хугацаагаа дараа нь зарлана” гэж уг баримт бичигт дурджээ. Гэхдээ Америкийн зарим компани нэмэлт татвар ногдуулсан, Хятадын тодорхой нэрийн барааг импортлох сонирхлоо илэрхийлж магадгүй. Тиймээс аль нэг барааг нэмэлт татвараас чөлөөлөх тухай хүсэлтээ тэдгээр компани мэдэгдэх боломж нээгдэх бололтой.
Хятад улс оюуны өмч, технологи хулгайлж, мөн худалдааны шударга бус зарчим баримталж байгаатай холбогдуулан тус улсаас импортолдог 50 тэрбум долларын бараанаас 25 хувийн татвар нэмж авна гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп урьд нь мэдэгдсэн билээ.
Энэ алхам нь агаар, сансрын үйлдвэр, мэдээлэл, харилцааны технологи, робот техник, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, автомашины үйлдвэр, хөдөө аж ахуйн болон далайн гаралтай бүтээгдэхүүнд чиглэхээс бус, америкчууд ихэвчлэн худалдаж авдаг гар утас, эсвэл зурагт орохгүй аж.
ХАРИУ АЛХАМ
Олон бараанд нь гаалийн татвар ногдуулахаар Вашингтон шийдвэрлэсний хариуд мөн адил нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтаа Хятад улс гаргалаа. Гаалийн тарифын улсын комиссоос санал болгосон жагсаалтыг Төрийн зөвлөл нь хэдийнэ баталсан байна. “БНХАУ-ын Гадаад худалдааны тухай хууль, Экспортын болон импортын татварын тухай журам, олон улсын худалдааны үндсэн зарчмуудын дагуу зохих шийдвэр гаргалаа” хэмээн мэдээлэлд дурджээ.
Тус улсаас гаалийн нэмэлт татварыг мөн 50 тэрбум долларын 659 нэрийн бараанд ногдуулна. Үүнээс 34 тэрбум долларын хөдөө аж ахуй болон далайн гаралтай бүтээгдэхүүн, автомашин зэрэг 545 нэрийн бараанаас ирэх сарын 6-наас нэмэлт татвараа авах гэнэ. Эдгээрээс гадна химийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн зэрэг үлдсэн 114 нэрийн бараанд нэмэлт татвар авч эхлэх өдрийг хожим зарлах аж.
Үүний өмнө БНХАУ-ын Худалдааны яам АНУ-ын шийдвэрийн хариуд нэн даруй адилхан арга хэмжээ авахаа, тус хоёр улсын хооронд урьд нь байгуулсан худалдаа, эдийн засгийн тохиролцоонууд хүчингүй болсныг мэдэгдсэн билээ.
Харамсалтай нь, хариу арга хэмжээ авсан тохиолдолд АНУ татвараа дахин нэмнэ гэдгийг Д.Трамп анхааруулжээ. Татвар нэмснээр Америкийн оюуны өмч, технологийг Хятад улс цаашид хулгай хийхээс урьдчилан сэргийлэхийн сацуу ажлын байраа хамгаалахад тус болно гэдэгт АНУ-ын Ерөнхийлөгч итгэлтэй байна.
ШИНЖЭЭЧДИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Гэхдээ Америкийн шинэ тариф Хятадаас сэлбэг хэрэгслээ авдаг, эсвэл тус улсад бүтээгдэхүүнээ угсардаг компаниудад нь сөргөөр нөлөөлж болзошгүйг олон эдийн засагч сэрэмжлүүлжээ. Тэдний үзэж буйгаар татвараа нэмснээр АНУ-ын ДНБ-ий өсөлт 0.5 хувиар буурна.
Энэ нь бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, өөрөөр хэлбэл, инфляц өсөж, эдийн засгийн зарим салбар ажлын байраа алдахад хүргэх гэнэ. Тухайлбал, Америкийн автомашин үйлдвэрлэгчдийн холбоо татвар нэмсэн асуудлыг компаниудад цохилт болж, ажилгүйчүүдийн тоог нэмж, хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлөхөд хүргэнэ гэжээ.
АНУ-ЫН ДОТООДЫН БАЙР СУУРЬ
Хэдэн сарын өмнөөс Цагаан ордон хэлэлцэж эхэлсэн гаалийн татварыг нэмэх санаа уг тарифт хамаарах компаниуд, тэрчлэн Хятадын хариу арга хэмжээнд өртөх бизнес эрхлэгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ.
Харин энэ шийдвэрт улстөрчид харилцан адилгүй хандаж байна. Ардчилсан намын олонх нь Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа бол бүгд найрамдахчууд эсэргүүцэж буй. Учир нь тус намныхан чөлөөт худалдааг дэмждэг уламжлалтай.
“Хятад улс худалдааны асуудлаар үнэхээр манай дайсан. Оюуны өмч хулгайлж, манай компаниудыг зах зээлдээ өрсөлдүүлэх боломж олгохоос татгалзаж буй нь Америкийн ажлын олон сая байр хаагдахад хүргэж мэдэхээр байна” гэж Конгрессын дээд танхим дахь ардчилсан намынхны удирдагч, сенатч Чак Шумер хэлжээ.
Тэгвэл Цагаан ордон гаргасан шийдвэрээ хэрэглэгчдэд нөлөөлөхгүй хэмээн нотолж байна. Тэгээд ч татварыг нь нэмсэн барааны жагсаалтаас зурагтыг хассан хэмээн Д.Трампын засаг захиргаа тэмдэглэв.
“НОЦТОЙ УРШИГ”
Гаалийн татварыг нь нэмэгдүүлэх барааны жагсаалтыг цөөрүүлсэн Цагаан ордонд талархаж буйгаа Бүгд найрамдах намын гишүүн Кевин Брейди илэрхийлэхдээ “Энэ тариф Америкийн үйлдвэрлэл эрхлэгч, фермер, ажилчин болон хэрэглэгчид сөргөөр нөлөөлнө хэмээн түгшиж байна” гэлээ.
“Татвар нэмэх нь гадаад худалдааг зохицуулах талаар хийж буй буруу алхам” гэж тус улсын Худалдааны танхим үзэж байна. Мөн Д.Трампын засаг захиргааны худалдааны бодлого юуны түрүүнд Америкийн эдийн засагт хохирол учруулж, олон улсын худалдааны системд сөргөөр нөлөөлнө гэдгийг Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард анхааруулжээ. Худалдааны дайн хоёр талыг алдагдалд ороход хүргэж, улмаар ноцтой уршиг дагуулж мэдэх юм гэж тэрбээр хэлсэн байна.
ГАН, ХӨНГӨН ЦАГААНЫ ТАТВАР
Хятадаас гадна олон улсад АНУ худалдааны асуудлаар “толгойн өвчин” болжээ.
Энэтхэг улс л гэхэд АНУ-ын 30 нэрийн барааны хөнгөлөлттэй тарифыг цуцалжээ. Ган, хөнгөн цагаанаас авах татвараа АНУ нэмсэний хариуд Шинэ-Дели ийм алхам хийв. Хариу арга хэмжээ авсан тухайгаа Энэтхэгийн тал Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдсэнийг “Indian express” сонин уламжиллаа.
Тус хэвлэлд мэдээлснээр 800 шоо см-ээс дээш эзэлхүүн бүхий хөдөлгүүртэй мотоциклын импортын татварыг 50 хувиар, борын хүчил, зарим төмөр эдлэл зэрэг барааны татварыг харилцан адилгүй хэмжээгээр нэмсэн байна. Энэ арга хэмжээнээсээ Энэтхэг улс 239 сая долларын орлого олно хэмээн найдаж буй гэнэ. Харин АНУ татвараа нэмээд Энэтхэгээс 241 сая долларын орлоготой ажиллах аж.
Европын комисс ирэх сарын эхээр Америкийн импортын бараанд гаалийн шинэ татвар тогтоохоо мэдэгдсэнийг тус комисс цахим хуудсаараа дамжуулан зарлав. “Европын комиссаруудын зөвлөл ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд АНУ нэмж татвар ногдуулсны хариуд Европын холбооноос хийх алхмын хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдсэний дагуу гаалийн нэмэлт татвар авах америк барааны жагсаалтыг баталсан. Ирэх сараас нэмж татвар авч эхлэхээр бэлтгэж байна” хэмээн Европын комиссын мэдэгдэлд дурджээ.
Уг баримт бичигт онцлон тэмдэглэснээр Европын холбооны хариу арга хэмжээ Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамд нийцэж буй бөгөөд АНУ татвараа нэмсэнээс учрах 64 тэрбум еврогийн хохирлыг нөхөх боломж олгох юм. “Европын холбоо АНУ-ын 2.8 тэрбум еврогийн бараанд татвар ногдуулах эрхээ нэн даруй эдэлнэ. Үлдсэн 3.6 тэрбум еврогийн асуудлыг гурван жилийн дараа, эсвэл үүнээс эрт болбол Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд маргаанаа нааштайгаар шийдсэний эцэст зохицуулна” гэж мэдэгдэлд онцолжээ.
“Татвар нэмж байгаа нь АНУ-ын дангаар, хууль бусаар гаргасан шийдвэрийн хариуд авч буй арга хэмжээ юм. Европын холбооноос хийж буй алхам нь олон улсын худалдааны хэм хэмжээнд бүрэн нийцнэ. Гишүүн орнуудынхаа эрх ашгийг хамгаалахаас өөр сонголт АНУ үлдээгээгүйд бид хамарсаж байна” гэж Европын холбооны худалдаа хариуцсан комиссар Сесилия Мальмстрём хэлэв.
Америкийн засаг захиргаа ирэх сарын 1-нээс Европын холбоо, Канад, Мексикээс авдаг ган, хөнгөн цагааны татвараа 25 болон 10 хувиараа нэмэхээ зарласан билээ.