Солонгосын хойгийн асуудлаар Умард, Өмнөд Солонгостой сайн харилцаатай байхын тулд тус хоёр улс нэгдэх асуудал, хойгийн байдал, бүс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломж Монгол Улсад бий. Энэ ч үүднээс манай улсаас санаачилсан, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны олон талт харилцааны асуудлыг хэлэлцдэг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал болж байна.
Бүс нутгийнхаа аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа, итгэлцлийг бататгах, улмаар аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бүрдүүлэхээр манай Ерөнхийлөгч гаргасан уг санаачилгын хүрээнд анх эрдэмтэн, судлаачид чуулан санал солилцож байсан бол өнгөрсөн оноос шат ахиж, бүс нутгийн улсуудын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч байгууллагуудын албаны төлөөлөл, мэргэжилтнүүд оролцдог болсон юм.
Тус хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж буй бөгөөд Америк, Хятад, Энэтхэг, Өмнөд болон Умард Солонгос, Франц, Орос, Герман, Японы мэргэжилтэн, судлаачид, НҮБ, Олон улсын улаан загалмай нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэ удаагийн хуралдаанаар 2025 он хүртэлх ЗХА-ийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, хэтийн төлөв, сорилт хийгээд боломжийг тодорхойлох, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэж буйгаараа онцлог юм. Түүнчлэн ЗХА бүс нутгийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж, сөргөлдөгч талууд өндөр дээд хэмжээнд яриа хэлэлцээ өрнүүлж байгаа түүхэн нөхцөл нь хурлын ач холбогдлыг нэмэгдүүлж байна.
Үүний сацуу Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоно хэмээн найдаж буйгаа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео илэрхийлснийг NHK уламжиллаа. Тэрбээр Сингапураас БНСУ-д очсон бөгөөд тэнд Өмнөд Солонгос болон Японы Гадаад хэргийн сайд нартай уулзахдаа ийн мэдэгдэв.
Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд Пхеньяны цөмийн зэвсгийг устгах талаар тодорхой хугацаа, хуваарь заагаагүй. М.Помпео Сөүлд сэтгүүлчидтэй уулзахдаа “Пхеньяныг 2.5 жилийн дотор цөмийн зэвсэггүй болгоно хэмээн Цагаан ордон тооцолж байна” гэжээ. Д.Трампын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа 2021 оны нэгдүгээр сард дуусах юм. Түүнчлэн хэлэлцээ тасарвал АНУ Өмнөд Солонгостой цэргийн сургуулилалтаа сэргээнэ гэж тэрбээр хэлсэн байна.
М.Помпео БНСУ-д айлчлах хугацаандаа тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж Сингапурын дээд хэмжээний уулзалтын талаар ярилцжээ. Түүхэн уулзалтын үеэр Д.Трамп, Ким Жөн Ун нарын байгуулсан тодорхойгүй үүргийг тодорхой төлөвлөгөө болгох зорилгоор М.Помпео БНСУ-д айлчилсан аж.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй биечлэн уулзах хүсэлтээ Сингапурт байхдаа илэрхийлсэн нь одоо л тодорхой болж байна. “Sankei shimbun” сонинд мэдээлснээр цөмийн зэвсгээ бүрэн устгавал хориг арга хэмжээг цуцлах төдийгүй Умард Солонгос хүсвэл Японтой хэлэлцээ хийж, эдийн засгийн бүрэн хэмжээний тусламж авч болохыг Ким Жөн Унд АНУ-ын Ерөнхийлөгч тайлбарлажээ.
Ингэхдээ БНАСАУ-ын тусгай албад хулгайлж, хүчээр саатуулсан Японы иргэдийн асуудлыг шийдэхгүйгээр тус улсын Ерөнхий сайд тусламж үзүүлэх боломжгүй гэдгийг тодруулсан байна. Үүний хариуд Ким Жөн Ун Ш.Абэтэй уулзаж, хоёр улс хоорондын асуудлыг шийдэх хүсэлтээ илэрхийлжээ. Тэд ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзаж магадгүй тухай хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Ш.Абэ наймдугаар сард Пхеньянд айлчлах төлөвтэй аж.
Тэрчлэн хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд БНАСАУ, БНСУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгчид уулзсан тухай Өмнөд Солонгос БХЯ-наас мэдээллээ. 2007 оноос хойш анх удаа болсон хэлэлцээнд БНАСАУ-ын талаас дэслэгч генерал Ан Ик Сан, БНСУ-аас хошууч генерал Ким До Гюн тэргүүтэй тус бүр таван хүн оролцов. Тэд Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг цаашид намжаах арга замыг хэлэлцэж байна. Тодруулбал, Панмунжомын тунхаг бичгийн заалтуудын дагуу хил дамнуулан цэргийн холбоо харилцааг сэргээх, сайд нарын түвшний байнгын хэлэлцээ хийж, Батлан хамгаалахын сайд нарын хооронд шууд холбоо тогтоох боломжийг ярилцжээ. Мөн цэрэггүй бүсэд Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн булшийг шилжүүлэх асуудлыг хөндсөн байх гэж NHK мэдээллээ.