АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны уулзалт амжилттай болж, хоёр улсын тэргүүн баримт бичигт гарын үсэг зурлаа. Тэдний хэлсэнээр тус баримт бичиг нь тодорхой асуудлуудаар цогц шийдэлд хүрсэн агуулгатай аж. Тус арга хэмжээний үеэр АНУ-ын ерөнхийлөгч Трамп Ким Жөн Унд хандан нэг бус удаа талархал илэрхийлсэн бөгөөд “Уулзалт гайхалтай боллоо” хэмээн дүгнэв. Үүний зэрэгцээ “Бид хамтран ажиллахыг хүсч байна. Бидний харилцаа онцгой байх болно” хэмээн тэрбээр ярьсныг ABC телевиз шууд дамжуулав. Трамп, Ким Жөн Ун нар өглөө ганцаарчилсан уулзалт хийсний дараагаар хамтдаа өдрийн зоог барьсан. Үүний дараа цугтаа цэцэрлэгт хүрээлэнд зугаалж, энэ үеэр Трамп лимузин машинаа Ким Жөн Унд танилцуулсан.