Мандан бадрах үедээ Норьега сайхан хүүхэн, хар тамхи, мөнгөнд умбаж байжээ
“Панамын удирдагч мансууруулах бодис наймаалагчидтай ганзага нийлж, мөнгөнд умбасан амьдралтай байсан. Тансаг харшуудад чанга дуутай хөгжим эгшиглэж, архи дарс далай шиг бялхсан наргиан цэнгээн байсхийгээд л зохион байгуулж, эртний зэвсгийн баялаг цуглуулгатай байсан”. Дарангуйлагч Мануэль Норьегагийн амьдралыг хүмүүс ийн дүрсэлдэг байв. Тэр хүн нэг талаас Америкийн тагнуулын байгууллага болон мансууруулах бодис бэлтгэж, наймаалахын эсрэг тэмцэгч албатай хамтран ажиллаж, нөгөө талаас Америкийн нууцыг дайснуудад нь зарж, хоморголон илрүүлэх, баривчлах ажиллагаа явуулах гэж буйг мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтнүүдэд цагийг нь олж анхааруулж чаддаг, ийнхүү хоёр талд үйлчилж ирснийх нь нарийн учрыг олох гэж олон хүн одоо хэр нь тархиа гашилгадаг юм.
Ричард Костер, Гильерио Санчес Борбан нар “Харгис дарангуйлагчдын он жилүүд” номоо 1990 онд хэвлүүлж, Норьега Кубын Засгийн газрын нууцыг АНУ-д худалдаж, хожим нь тус улсын нууц ажилтнуудыг ашигласан Панамын иргэний олон мянган үнэмлэхийг Фидель Кастрод зарж, өчнөөн сая ам.долларын ашиг олж байжээ.
Мануэль Норьега 1934 оны хоёрдугаар сарын 11-нд Панамын нийслэлд төрсөн байна. Эцэг нь нягтлан бодогч, эх нь тогооч бөгөөд тэднийх ядуусын хороололд амь зуудаг байв. Уг хороолол Ерөнхийлөгчийн өргөөнөөс ердөө таван километр зайд байх. Бяцхан Мануэль чухам энэ үеэс л өлөн зэлмүүн амьдралаас холдож, элбэг дэлбэг амьдрахыг мөрөөддөг болжээ.
Эцэг, эхийг нь өөд болсны дараа хүүг багш мэргэжилтэй загалмайлсан эх нь хүмүүжүүлэх болов. Тэрбээр хүүг сургуулиа төгссөнийх нь дараа анагаах ухааны курсэд оруулахыг зорьжээ. Энд Норьега социалист үзэлтэй оюутнуудтай танилцаж бага ч гэлээ тэтгэмж авах болов. Дарангуйлагчийн намтрыг бичигчдийн нотолсноор Норьега үүнд талархахын оронд Панамын социалист нам юу хийхээр төлөвлөж буйг Америкийн ТТГ-ын ажилтнуудад дамжуулдаг байлаа. Түүнийг Перу улсад цэргийн сургуульд ороход чухамхүү америкчууд тусалсан гэж үздэг аж. Тэндээс буцаж ирээд албан тушаалын шатаар хурдан өгсөж эхэлсэн байна. Латин Америкт цэргийнхэн нэр, нөлөө ихтэй байжээ. Норьега үүнийг ашиглахаар шийдэв.
Тухайн үеийн дарангуйлагч Омар Торрихосын нүдэнд өртөж, 1960-аад оны эцсээс Норьега чухам “тэнгэрийн умдаг” атгах нь тэр. Тун удалгүй тэрхүү генералын ойрын туслах нь боллоо. 1968 оны цэргийн эргэлтэд ч оролцов. Торрихос улс орныхоо толгойд гармагц Норьегад хурандаа цол олгож, цэргийн тагнуул, сөрөг тагнуулын байгууллагыг удирдах үүрэг өглөө. Норьега ийнхүү улс төрийн өрсөлдөгчөө агнаж, хүмүүсийн яриагаар бол Америкийн тагнуулын байгууллагатай нягт хамтарч ажиллах болсон байна.
ТТГ-тай хамтарч ажилласнаар 10 сая гаруй ам.долларын ашиг олсон гэж түүний намтрыг бичигчид үздэг юм. Шинэ албан тушаал болон Вашингтонтой хамтран ажилласнаар түүний хөрөнгө, нөлөө ч ихсэв. Гэхдээ сэтгэл нь цадсангүй.
1981 онд нөгөө Торрихос онгоцны ослоор сэжиг бүхий байдалд амиа алдав. Үүнээс дөрвөн жилийн өмнө Панамын сувгийг Панам улсад шилжүүлж өгөхөөр америкчуудтай Норьега тохирч чадсан байна. Ивээгчээ алдсан ч эрх мэдэлд хүрэх түүний зам улам дардан боллоо. Өөртөө генерал цол олгож, Үндэсний батлан хамгаалах хүчний командлагч болж орхив. Өөрийн талынхныг парламентад оруулж, эрх мэдлээ улам бататгалаа. Олон улсын вальютын сангийн боловсруулсан эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг Америкийн эрх баригчид Норьегад итгүүлж дөнгөлөө. Гэвч Панамын хүн амын дэмжлэг хүлээгээгүйн улмаас уг өөрчлөлт тус улсыг үгүйрүүлж эхэлсэн тул Норьега үүнийг цагийг нь олж ойлгоод АНУ-аас нүүр буруулж, Төв Америкийн хөршүүдтэйгээ дөрөө нийлүүлэх болжээ.
Түүнийг хүний эрх зөрчсөн, бусдын амийг хөнөөсөн, хар тамхи наймаалсан хэрэгт буруутгасан
Тэр үед Норьега өөртөө “Хүчтэй хүн” гэх хоч нэр бодож олсон. Энэ нэр олон түмнийх нь дунд түгээгүй аж. Харин нүүр нь ов тов цоохор болсноос түүнийг “Хан боргоцой хоншоорт” гэх болжээ.
Мансууруулах бодис наймаалагчидтай тогтоосон түүний хэлхээ холбоо улам зузаарч байлаа. Панам улсыг мансууруулах бодисын наймаачид дамжлагын цэг гэж эртнээс үзэх болсон бөгөөд олон зуун банкны аль нэгэнд нь бохир мөнгийг хүлээж авсаар ирсэн аж. Эндхийн удирдагчид эл бизнес рүү ямар нэг байдлаар татагдаж ирсэн бол Норьега түүнд илүү идэвхтэй оролцохоор шийдлээ.
Банкнууд нь мөнгө угаасны төлөө колумбчуудаас мөнгө авах болж, Панамд дамжлагын цэг улам олширч, колумбчууд Панамын иргэний паспорт худалдаж аваад АНУ руу явах болов. Норьегагийн халаас руу мөнгө ёстой л цутгаж байлаа. Тэгтэл дарангуйлагчийг илчилсэн өгүүллүүд Америкийн хэвлэлд үзэгдэх болов. Үүний хариуд Норьега Засгийн газрын гишүүдээ буруутгаж түрүүчээс нь огцруулж эхэлжээ.
Өөрийгөө ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдэгт Норьега эргэлзэхгүй байв. Америкийн эрх баригчид эхний үед Панамд болж буй үйл явдлыг анзаарахгүй мэт дүр эсгэдэг байсан ч дарангуйлагчийнх нь ичгүүр сонжуургүй байдал тэднийг залхааж байв. 1989 оны нэгдүгээр сард эцэг Буш Ерөнхийлөгч болж, Норьегаг нэг тийш болгохоор Цагаан ордон шийдлээ.
Норьега хоёр нүүр гаргадгийг америкчууд сайн ойлгож байв. Панамын дарангуйлагч ч хяналтаас улам гарч байлаа. Эцэст нь Панамын сувгийг Панамд шилжүүлж өгөх хугацаа тулсан 1989 онд Вашингтоны тэвчээр барагдав. Норьега энэ асуудалд улам ч чигээрээ зүтгэж, хэлэлцээрийн нөхцөлийг эргэж харахыг санал болгосон америкчуудад ер буулт хийсэнгүй.
Чухам энэ үеэс Панамд сөрөг хүчин “соёолж” эхлэв. Норьега юу гэж зүгээр суух вэ, тусгай хүчин байгуулж, сөрөг хүчинтэй хайр найргүй тэмцлээ. Либерал үзэлт доктор Уго Спадарорыг баривчилсан нь сүүлчийн “дусал цус” байсан гэж хэлж болно. Түүнийг удаан хугацаанд тарчлааж байгаад цаазалжээ.
Дарангуйлагчийн хээл хахууль, сонгуулийн үр дүн будлиантуулсан, мансууруулах бодис наймаалсан, хүний амь егүүтгэсэн хэрэгт буруутгасан тогтоолыг АНУ-ын Сенат 1989 онд гаргаж, түүнийг авч хаяхыг панамчуудад уриалав. АНУ Панамд санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсоосноос эдийн засгийн хямрал нүүрлэсэн байна.
АНУ-д түүнийг эчнээ шүүж байхад Норьега харин өөрсдийнх нь эсрэг эрс мэдэгдэл хийж байв. Панамын Үндэсний ассамблей 1989 онд АНУ-д дайн зарлалаа. Панамын нийслэлд зэвсэггүй нэг америк цэргийг алж, өөр нэгийг шархдуулж, гурав дахийг нь баривчлав. Энэ бүхэн Панам руу дайран орж буйгаа зарлах сэдлийг АНУ-ын Ерөнхийлөгч эцэг Жорж Бушид төрүүлсэн байна. Энэ ажиллагаа сул дорой хэмээн зэмлүүлж байсан Бушийн чансааг богино хугацаанд дээшлүүлж орхив.
Америкчууд Панамын цэргийг тэр дор нь бут цохилоо. Дарангуйлагч Норьега Панам дахь Ватиканы ЭСЯ-нд толгой хоргодон, баривчлагдах аюулаас мултрав. Гэлээ ч 1990 оны нэгдүгээр сарын 3-нд Норьега америкчуудад бууж өгч, Флорида дахь шорон руу илгээгдэх нь тэр. Эхлээд түүнд 40 жил хорих ял оноосон ч хожим 30 жил болгон богиносгож, улмаар цэргийн олзлогдогч гэж үзсэнээр утсаар ярих, төрөл садантайгаа уулзах эрхтэй болсон байна.
Норьега болон түүний гэргийг мансууруулах бодис арилжиж олсон мөнгөө банкуудад нь угаасан гэж Франц улс 1990 оны долдугаар сард буруутгав. Норьегаг хамгаалагчид уг мөнгийг ТТГ-аас авсан хэмээн нотолж байлаа. Шоронд томоотой байсан гэж үзэж Америкийн шоронгоос Норьегаг хугацаанаас нь өмнө суллаж, Францад шилжүүлж өгчээ. Тэнд түүнд долоон жилийн ял өгчээ. Дарангуйлагч асан 2011 онд эх орондоо хөл тавихад улсынх нь шүүх түүнийг эрх мэдэлтэй байх үедээ хүний эрх зөрчсөн, бусдын амийг хөнөөсөн, авлига авсан гэж буруутгав. Панамын хуулиар 74-өөс дээш настай хүн шийтгэлээ гэрийн хорионд эдлэхийг зөвшөөрдөг аж. Гэхдээ эрх баригчид нь Норьегад хатуу ширүүн хандаж, 2017 оны эхээр тархины хорт хавдрын улмаас цус харвасны дараа л түүнийг гэрийн хорионд шилжүүлсэн байна.
Дарангуйлагч Норьега нийслэл Панам хотын Санто-Томас эмнэлэгт амьсгал хураав. Охидынх нь гэрчилснээр бол хорт хавдрыг нь авах мэс заслын дараа цус их алдсан аж.
Панамын Ерөнхийлөгч Хуан Карлос Варела тэгэхэд “Мануэль Норьега нас барснаар тус улсын түүхийн нэгэн бүхэл бүтэн үе төгсгөл болж байна” гэж хэлжээ.
Бэлтгэсэн: Р.Жаргалант