Бэлтгэсэн: Н.Энхтүвшин
Наполеон Бонапард. Энэ гайхамшигтай цэргийн жанжин , улс төрийн зүттгэлтэн 1769 оноос 1821 оны хооронд амьдарч байсан ч хүн төрлөхтний түүхэнд бүхэл бүтэн эрин түүний нэрээр нэрлэгдсэн байдаг. Наполеоны бага өсвөр нас бусдаас юугаараа ч ялгарч онцгойроогүй тул хэн ч түүнийг ирээдүйд дэлхий даяар алдар нэрээ цурайтуулсан нэгэн болно гэж санаагүй аж. Ядуувтар тайжийн хүү тэрбээр тааруухан сурлагатай нэгэн байжээ.
Дээрээс нь намхан нуруу бас царайлаг бус гаднах төрх Наполеоныг үе тэнгийн хүүхдүүд гадуурхаж шоглох шалтгаан болдог байв. Энэ бүх зовлон Наполеоныг агуу эх оронч үзэлтэй болоход саад болоогүй нь гайхалтай. Түүний нас ахих тусам залуу өөрөө өөртөө итгэлтэй, сэтгэлийн хаттай болсоор байлаа. Харин түүний авьяас цэргийн эрдэмд нээгдсэн билээ. Дэслэгч цолтой эхэлсэн Наполеон тун ч удалгүй генерал цолд хүрч Франц даяар нэр нь гарсан аж. Хэдий Бонапард төрийн эргэлтээр өөрийгөө Францын эзэн хаанаар өргөмжилсөн ч үгээгүй гуйлагчингаас авахуулаад дээд язгууртан хүртлээ Франц орны бүх давхаргад түүний нэр хүнд асар хурдтайгаар өссөн юм.
Тэрбээр хосгүй ой ухаантай, ажил хэрэгч, нарийн мэдрэмжтэй бас хүний хайрыг татах увидастай нэгэн байжээ. Бонапард өөрийн байгуулсан эзэнт гүрнээ олон жилээр тогтоон барьж чадаагүй ч түүний амьдрал, амаргүй хувь заяа, гайхамшигтай хайр дурлал, эмэгнэлтэй үхэл нь тухайн үеийн уран бүтээлчдийг энэ сэдвээр олон сайхан бүтээл туурвихад хүргэсэн юм. Тэдгээр бүтээлүүд европын соёл урлагт романтизм хэмээх нэгэн шинэ урсгал бий болгосон билээ.
Ялангуяа Наполеоны хайр дурлалын талаар маш олон зохиол бичгдсэн байдаг. Наполеоны хайрын түүх домог болон үлдсэн хэрнээ өнөө үед ч тэрхүү дурлалын түүхийг сонирхсон судалсан хэвээр. Бонапардын хайртай бүсгүй Жозафинадаа бичсэн захидлаар л гэхэд бүтэн роман бичиж болохоор аж. Швейцарын хуульч Альбин Шрамын улс төр, шинжлэх ухаан, соёл урлагын зүтгэлтнүүдийн захидлын цуглуулгаас олдсон Бонапардын Жозафинад бичсэн хайрын нэг захидал Лондон хотын Christie's дуудлага худалдаанд 557мянган ам. долларт хүрсэн байдаг.
“Миний цорын ганц Жозафина минь. Чамгүйгээр надад ертөнц дэлхий нилэнхүйдээ элсэн цөл мэт санагдах юм. Чи зөвхөн миний сэтгэл зүрхийг эзэмдээд зогссонгүй. Чи бол миний оюун ухаан, бодол санаа минь болжээ. Хүн хэмээх энэ төвөгтэй амьтадаас залхаж гүйцээд, энэ амьдралыг үзэн ядах үедээ би зүрхэн дээрээ гараа тавин, тэнд хадгалагдах чинийхээ дүр төрхийг харан тайвширдаг. Туйлын жаргал гэж байдаг бол тэр нь чамд өгсөн хайр минь юм. Чи минь ямар гээч ид шидээрээ минйи хамаг авьас билигийг өөртөө захирч, сэтэглийн амьдралыг маань ганцхан өөр руугээ чиглүүлчихэв дээ? Чиний төлөө амьдрах ! Энэ бол миний амьдралын түүх байх болно.
1796 оны дөрөв 4-р сарын 3
Дэлхийг байлдан дагуулахаар явсан Наполеон хайрт бүсгүйдээ бичжээ
Наполеон, Жозафина хоёрыг Жозафинагийн хүү танилцуулсан гэж хэлж болох юм. Жозафинагийн анхны нөхөр Александр Богорне 1789 оны хувьсгалаар засгийн эрхэнд гарсан якобинчуудын явуулсан хэлмэгдүүлэлтийн үеэр цаазаар авахуулан амь үрэгдсэн ажээ. Хэлмэгдүүлэлт Жозафинаг ч тойроогүй байна. Хэдэн жил шоронд суун нөхрийнхөө адил цаазаар авахуулах ял сонссон ч тэрбээр 1794 оны төрийн эргэлтийн ачаар өршөөгдөн суллагдсан аж.
Тухайн үед Францын цэргийн хүчний командлагч байсан Наполеон Бонапард Париж хотыг зэвсэггүй хот болгох тушаал гаргаад байжээ. Гэтэл нэгэн жаалхүү Наполеоны командлалын штаб дээр ирэн эцгийгээ дурсаж явахын тулд сэлмийг нь авч үлдээх зөвшөөрлийг Бонапардаас гүйжээ. Наполеон хүүгийн зориг бас эцгийгээ гэсэн сэтгэлийг үнэлэн зөвшөөрлөө өгсөн байна.
Удалгүй жанжин дээр хүүгийн эх баярласан талархснаа илэрхийлэх гэж иржээ. Ингэж тэд анх танилцсан аж. Жозафина тэр үеийн Парижын нэртэй сайхан хүүхнүүдийн нэг байсан агаад түүнд дурласан эрчүүд олноороо байдаг байлаа. Наполеон ч тэдний адил сэтгэлээ барьж дийлээгүй аж. Танилцаад ердөө долоо хоногийн дараа Наполеон Жозафинатай дахин уулзах хүслээ уламжилсан байдаг. Тэр үед Наполеон хорин долоон настай харин Жозафина гучин гуравтай байв. Удалгүй залуухан жанжин өөрөөсөө эгчмэд бүсгүйд ухаангүй дурлаж өөртэй нь гэрлэхийг гуйжээ. Амьдрал үзсэн Жозафина Наполеоныг маш их ирээдүйтэй хүн гэдгийг хашир нүдээрээ олж харсан тул зөвшөөрсөн аж.
Ингээд 1796 оны 3-р сарын 9-нд тэд гэрлэлтээ батлуулав. Залуу хосууд хамтдаа ердөө хоёрхон өдөр л болсон байна. Наполеон Италийн армийг захирахаар явж, харин хатагтай Бонапард Парисдаа үлджээ. Аян дайны замд Наполеоны Жозафинаг гэх сэтгэл нь улам ихээр оргилох болжээ. Тэрбээр хайртай эхнэртээ өртөө болгоноос нэг ч биш бүр хэд хэдэн захидал илгээдэг байв. Түүний сэтгэл зүрхний тачаалд хязгаар гэж байсангүй.
“Би чамд хайртай. Үдэш болгон би чамайгаа тэвэрч байна гэж сэтгэлдээ бодох юм. Чиний “Би чамайг урьднийх шигээ хайрлахаа больсон” гэж хэлэх өдөр минйи амьдралын хамгийн сүүлчийн өдөр байх болно. Жозафина минь, Жозафина минь. Чи минь над дээрээ нэг өдрөөр ч болов, нэг цагаар ч болов ирээч дээ. Чинийхээ бүх биеийг үнсэж байна.” гэж бичиж байсан бол харин Жозафина Парисд зугаа цэнгэлд умбаж байлаа.
Харамсалтай нь Наполеон Жозафинагийн сэтгэл зүрхийг тэгтлээ хөдөлгөхгүй байв. Гэхдээ залуу жанжин өөрт нь хайртай явдал бүсгүйд бахархах сэтгэл төрүүлдэх аж. Өдрөөс өдөрт өсөх Наполеоны нэр хүнд түүнд гайхалтай ташаал авчирдаг байлаа. Хатагтай Бонапард тэр үед нэгэн залуу дэслэгчтэй хайр сэтгэлийн холбоо ургуулаад байжээ.
Энэ хооронд хайр сэтгэлдээ шатсан Бонапард дайныг хурдан дуусгаж хайрт эхнэртэйгээ уулзахын тулд тулалдаан болгондоо ялалт байгуулж байлаа. Арван таван хоногийн дотор тэрбээр зургаан ялалт байгуулж, дайсны хорин зургаан тугийг бөхийлгөж, урлагын гайхалтай үзмэрүүдтэй музей, номын сангуудыг дээрэмдэн асар их эрдэнэсийн эзэн болж Пьемонттой энхийн гэрээ байгуулж амжаад байлаа. Франц даяраа Бонапардыг шагшин магтаж эхлэхэд Жозафина Наполеон дээр очихоос аргагүйд хүрчээ. Нэг ёсондоо нийгмийн шахалтанд орсон гэсэн үг. Гэхдээ хатагтай Бонапард өөрийн нууц амраг залуу дэслэгч Ипполит Шарлийг хамт авч явжээ.
Наполеон Милан хотод эхнэрийгээ ирэхийг тохиолдуулан өргөн дэлгэр баяр цэнгэл зохиохыг тушаасан гэдэг. Зөвхөн хатан хаанд үзүүлдэг хүндэтгэлийг өөрт нь үзүүлж байгааг хараад ч ямар агуу хүний эхнэр болсон гэдгээ Жозафина энэ удаа ч ойгоогүй ажээ. Тэрбээр Миланд байх хугацаандаа Ипполит Шарльтай нууцхан уулзсаар байлаа. Эхнэрийнхээ энэхүү үнэнч бус байдлыг Наполеон мэджээ. Гэхдээ тэрбээр хэл ам шуугиан тарьсангүй.
Агуу цэргийн жанжин үзэсгэлэнт Жозафинагийн увидсанд хууртагдан түүнийг уучилжээ. Харин Ипполит Шарлийг Миланаас даруй хөөж явуулсан байна. Удалгүй Жозафина хүүхэд, гэрээ санаж байгаа нэрийдлээр Парис руу буцсан аж. Үнэн хэрэгтээ бүсгүй нууц амаргаа олох хүсэлд автсан байлаа. Хот хотыг зорин сураг тавьсаар Ипполит Шарлийг Невера хотоос олж авчээ.
Энэ хооронд Наполеон Растадт хотыг буулган аваад Парисыг зорьсныг хатагтай Бонапард мэдээгүй байв. Парис хотод ирсэн даруйдаа Наполеон өөрийнхөө ирснийг Директорид \Тухайн үеийн Францын засгийн газар\ мэдэгдэх ёстой атал тэрбээр хайрт эхнэрээ харахын тулд шууд гэртээ буужээ. Гэтэл хатагтай Бонапард Миланаас ирээгүй байв. Учирыг ойлгосон Наполеоны нүд тэр доороо барынх шиг шар болсон гэдэг. Жозафина хэдэн өдрийн дараа л иржээ. Эхнэрээ алахад бэлэн байсан Наполеон Жозафинаг харангуутаа л аймшигт бодлоо орхисон гэдэг. Тэрбээр энэ удаа ч үнэнч бус эхнэрээ уучилжээ.
Наполеоны алдар нэг бас эрх мэдэлд дуртай зан нь Францын засгийн газарт их саад болж байлаа. Наполеоныг удаан хугацаагаар нийслэлд байлгах нь тун ч аюултай байсан тул удалгүй түүнийг Египт руу явуулсан байна. Түүнийг Египтэд байх гурван жилйин хугацаанд Жозафина Ипполит Шарльтай уулзсаар л байлаа. “Би Наполеоноос салаад хоёулаа гэрлье” гэсэн Жозафинагийн саналыг нууц амраг нь дурамжхан хүлээж авсан явдал хатагтай Бонапардыг ухаан оруулжээ. Харамсалтай нь оройтсон байлаа. Парис Жозафина Ипполит Шарль хоёрын холбоог мэддэг болсон аж. Наполеоныг ирэх сургаар Жозафина олны хэл ам түүний сонорт хүрэхээс өмнө очиж өөрийнхөөө увидасыг ашиглан тэр нөхрөө зөөлрүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгон урдаас нь тосохоор явжээ. Гэвч тэд замдаа зөрсөн аж.
Энэ удаа эхнэр нь өөрийг нь хүлээн баяр хөөртэй угтана гэдэгт итгэлтэй байсан Наполеон гэрийнхээ үүдэнд буун шатаар хар хурдаараа гүйн гэртээ ортол “Хатагтай таныг тосох гээд явсан” гэсэн үйлчлэгчийнхээ үгэнд итгэсэнгүй. Тэрбээр даруй Жозафинагийн бүх эд зүйлсийг савлан ирэхэд нь өгөөд явуул гэсэн тушаал өгчээ. Магааш нь ирсэн Жозафинаг “Генерал таныг битгий орууларай гэсэн” үгтэй тулгарав. Бүсгүй шөнөжингөө Наполеоны үүдэнд өөрийг нь уучилахыг гуйн уйлж хоносон гэдэг. Агата хэмээх настай гэрийн үйлчлэгч хатагтай Бонапардыг өрөвдөн хүү охин хоёрыг нь Наполеон дээр очихыг ятгажээ.
“Хүмүүс уйлахыг би харж чаддаггүй. Өрөвдөлтэй хоёр хүүхдийн нулимс миний сэтгэлийг хөдөлгөж орхилоо. Тэд эхийнхээ алдаанаас болж зовох ёстой гэж үү? Би яаж ч чадсангүй. Эр хүн болгон нэг сул талтай байдаг шүү дээ” гэж Наполеон дэвэтэртээ бичсэн байдаг. Наполеон эхнэрээ уучилжээ.
1804 онд Наполеон эзэн хаан болов. Хэрэв энэ хооронд Жозафина буурь сууж, нөхөртөө сэтгэлээсээ хайртай болсон бол Наполеон эсэргээрээ эхнэртээ хөрч эхэлсэн байлаа. Түүгээр ч барахгүй Бонапард баруун солгойгүй бүсгүйчүүдтэй орооцолдох болжээ. Жозафина үүнийг өөрийнхөө нүглийг эдэлж байна гэж үзэн бүгдийг тэвчин уучилж байв.
Тэд энэ янзаараа насыг хамтдаа барах ч байсан байж магадгүй. Гагцхүү тэдний дундаас хаан ширээ залгамжлах хүүхэд төрөхгүй байлаа. Эцсийн эцэст Наполеон Жозафина хоёр 1809 оны 12-р сарын 16-нд гэрлэлтээ салгажээ. Хаан ширээнд суухдаа Наполеон Жозафинааг Францын хатан хаанаар өргөмжлөн хааны титмээ нэг ёсондоо хууваалцсан аж. Тэрбээр салахдаа хайртай бүсгүйдээ энэ хэргэмийг нь эдлэх эрхи ямбыг нь хэвээр үлдээсэн юм.
“Наполеон арваад жил хамт амьдран, хамаг л шунал тачаал, хайр дурлалаа зориулсан эмэгтэйгээсээ тэднийг холбож байсан уяаны ширхэг утас болгон элэгдэн тасарч, салат нь ашигтай төдийгүй залшгүй зүйл болсон нөхцөлд салах шийдвэрт хүрсэн” гэж Наполеныг судлаач Ф.Массон үзжээ.
Агуу Бонапард салалтын бичиг баримтанд гарын үсэг зурж байхдаа уйлж байсан гэдэг. Харин Жозафина “Би Франц орны гэрэлт ирээдүйн төлөө хайрт Наполеонаа явуулж байна” гэсэн үгтэй захидлыг сенатад хүргүүлжээ. Түүнд энэ үгийг өөрөө хэлэх тэнхэл байсангүй. Наполеон салсныхаа дараа ч Жозафинаад захидал бичсээр байжээ. Гэхдээ тэр захидлуудад урьдын шунал тачаал, гал халуун хайр байгаагүй нь мэдээж. Наполеон Жозафинагаар дутагдаж байлаа. Тэрбээр хоёр дах удаагаа Австрийн гүнж Мария Луизатай гэрлэн хүсэн хүлээсэн хүүтэй болсон ч жаргал амсаагүй ажээ.
Хэрэв тэрбээр Жозафинатай гэрэлснийхээ дараахан “Энэ гэрлэлт надад үнэхээр аз авчирсан. Түүний ачаар би хурдтай өөдлөн дэвшиж, корс хүн гэдэг нэрнээсээ салж жинхэн франц хүн боллоо” гэж бичиж байсан бол салалт түүнд сайн сайхан зүйл авчраагүй юм.. Жозафина түүний сахиус байсан мэт аз Наполеоныг орхисон байлаа. Наполеоны эзэнт гүрэн нуран унаж, өөрөө хаан ширээнээсээ огцрон, Эльба арал дээр цөллөгдсөн юм.
Тэрбээр өөрийн эхнэр Мария Луизаг хажуудаа байхыг хүссэн боловч австрийн гүнж түмэн шалтгаан тоочин эх орон руугаа буцжээ. Харин Жозафина хаан ширээнд шинээр суусан нэгдүгээр Александраас Наполеоны дэргэд байх зөвшөөрлийг гуйсан боловч хаан “үгүй” гэсэн хариу өгчээ.
1814 онд Бонапард Жозафинад хамгийн сүүлчийн захидлаа бичсэн байдаг. “Би ёроолгүй ангал руу унаж байна. Хайрт Жозафина минь үүрд баяртай. Хувь заяатайгаа эвлэр. Чамайг хэзээ ч мартаж байгаагүй хүнийг битгий мартаарай. Би чамайг хэзээ ч мартайхгүй” гэж тэрхүү захианд бичжээ. Энэ захидлыг аваад сарын дараа Жозафина уушигны хатгааны улмаас нас барсан юм.
1821 оны хавар дэлхийн талыг эзэлж байсан Наполеон Бонапард тэнгэрт халихдаа хэдий ярьж чадахаа байгаад удсан ч “Жозафина” гэж шивнэсэн гэдэг.