Манай орны нийт нутаг дэвсгэрийн 7.85 хувийг эзэлдэг ой бүхий талбайн хэмжээ багасаагүй ч доройтож, өвчин хортонд нэрвэгдэх нь ихэсчээ. БОАЖЯ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран гүйцэтгэсэн “Олон зорилтот үндэсний ойн тооллого”-оор ийм үр дүн гарсан байна. Монгол орны ойг анх 1956 онд тоолжээ. Тухайн үеийн дүгнэлтийг өнөөгийнхтэй харьцуулахад ой нэлээд хөгширч, нөөц нь багассан аж.
Нэг га талбай тутамд дунджаар нэг шоо метр мод хортон шавьжинд өртсөн, бид ойгоо бараг ашигладаггүй, түймэр их гардаг зэрэг нь доройтох гол шалтгаан болжээ. Хэдий ийм боловч манай орны ой нөхөн сэргэх чадвар сайтай гэнэ. Нэг га талбайд дунджаар 3025 зулзаган мод бүртгэгдсэн нь үүний нотолгоо. Тиймээс нэмж мод тарихаас илүүтэй ой байгалийн аясаар нөхөн сэргэх үйл явцыг тэтгэх шаардлагатай юм байна.
БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг “Ойн салбар улсын төсвөөс мөнгө аваад зарлагадаад л байдаг хэрнээ бараг орлого оруулдаггүй. Уг нь төсөвт хувь нэмэр оруулахаас гадна олсон орлогоо ойгоо эрүүлжүүлж, залуужуулахад зарцуулах бүрэн боломжтой. Салбарын мэргэжилтэн бэлтгэх ажил хоцрогдож, хүнд байдалд оржээ. ОХУ-д манайхаас ойн цөөнгүй мэргэжилтэн сурч байсан жишиг өдгөө алдагдсан. Ойн мэргэжил сонгох хүүхэд цөөн байна. Тооллогын дүнд гаргасан зөвлөмжийн хүрээнд энэ мэт хүндрэлтэй асуудлаа шийднэ. Германы болон манай Засгийн газрын хөрөнгө оруулалтаар тооллого хийсэн. Германы тал уг ажлыг маш сайн болсон гэж дүгнээд, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд хоёр сая еврогийн нэмэлт тусламж үзүүлэхээр боллоо” гэв.